Гал бол
амьдралын эхлэл. Түүнийг тойрон хүмүүс дулаацдаг. Энерги, эрчим авдаг. АПУ
хэмээх айлыг сүүлийн 7 жилийн турш удирдаж ирсэн бүсгүйтэй уулзахад надад ийм
дулаан, тийм хүчтэй эрчим мэдрэгдсэн юм. Шилдэг эмэгтэй шалгаруулах “Grand
lady-2010”
ёслолын ажиллагаанд нэр дэвшсэн хатагтай нар салбартаа тэргүүлэгчдээс гадна хүмүүнлэгийн
үйлсэд ямар нэг байдлаар гар бие оролцдог эрхмүүд байсан юм. Энэ шалгуурын
тойргоос “АПУ трейдинг” компани, түүнийг удирдаж буй эрхэм гадна талд нь үлдэнэ
гэж лав байхгүй. Эцэстээ тэр хамгийн олон санал авч шалгарлаа.
Хэдийгээр сэтгүүлч боловч би түүний талаар тэгтлээ мэддэггүй байснаа нуух юун. Эрдэнэсийн уул шиг нууцлаг бүсгүй аж, хатагтай П.Батчмэг. Шагнал, шалгаруулалт нүдээ олсонд зүрх баяраар бялхаж сууснаа нуух юун. Давын өмнө удам судар, угсаа гарал сонжих дуртай Монголчууд дэндүү ухаалаг өвөг дээдэстэй байсан юм уу даа. Дөрвөн хүүхэдтэй айлын цорын ганц охин 452 ажилтантай Монголын томоохон үндэсний компанийг удирдаж явна гэдэг бусдыг дулаацуулах, энэрэл юугаар ивээх гал байхаас гарцгүй ч юм шиг. Түүний ах их хурлын эрхэм гишүүн Г.Батхүү, дүү нар нь “Шунхлай” П.Батсайхан, П.Бат-Эрдэнэ хоёр. Англиар ярьж, ай пад барьсан залуус арын фронт нь. Цагдаагийн хурандаа, хоёр хүү түүний амин хайртай гэр бүл нь. 21-тэйдээ амьдралынхаа ханьтай учирч, хоёр хүүтэй болсон тэрээр эмэгтэй хүний амжилтын ар тал, эх үндэс нь сайн ханийн түшиг, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гэж бат итгэдэг. “Ажил баялаг, амьдрал баялаг, үнэт эдлэл баялаг гэж ярьдаг. Үнэн л дээ. Гэхдээ миний баялаг бол миний гэр бүл. Эмэгтэй хүн хайраар л амьдардаг” хэмээн хатагтай П.Батчимэг ярих. Гэр бүлийг бурхан хуваарилдаг гэж үзвэл удмын сайн заяа, сайхан хань, хайрын ургамал нь болох хоёр хүү, үндэсний хэмжээний том компанийг удирдах бизнес эмэгтэй, төрийн ажилд гар бие оролцох хувь тавиланг бурхан түүнд өгсөн гэлтэй.
Хэвлэлд төдийлөн ам нээгээд байдаггүй түүнтэй ярилцаж суухад хувь зохиол гэгчид бүр их итгэж суулаа. Өөрийн мэдэлгүй шат ахиж, дээшилсээр өдий хүрч ирсэн П.Батчимэг хатагтай уг нь багш мэргэжилтэй. Ажлынхаа гарааг төрөлх Өвөрхангай аймгийнхаа багшаар эхлүүлж байсан тэрээр дараа нь их сургуулийн багш, БСШУЯ-нд мэргэжилтнээр ажиллаж байгаад Москвад аспирантурт суралцаж байхдаа ахаасаа бизнест хөл тавьж, компани удирдах “үүрэг” авсан байна. Энэ бол 2004 он. Алдар хүндэд хүрэх амархан, харин авч явах хамгийн хэцүү бэрх гэдэг шиг нэгэнт амжилтанд хүрчихсэн том айлыг удирдаж авч явна гэдэг баргийн хүний хийх ажил биш. Харин П.Батчимэг чадсан төдийгүй энэ цагаас 4 жилийн дараа улс төрийн сонгуульт ажилд оролцох “үүрэг”-ийг намаас авлаа. Түүнд итгэж найдаж хүлээлгэсэн эрхэм үүргийг тэр хүлээж авахгүй байх эрх үгүй. Ингээд 2008 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшиж НИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байна. Чухам энэ ажлаар Бангкокт айлчлах томилолт авсан учраас “Grand lady-2010” ёслолын ажиллагаанд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадаагүй ажээ. Тиймээс шагналыг нь албан өрөөнд нь гардуулж өгсөн юм.
Эднийх 8 салбар
газартай бөгөөд газрын дарга нараа хатагтай П.Батчимэг өрөөндөө цуглуулжээ. Энэ
нь шагнал миний нэр дээр ирж байгаа л болохоос чухамдаа амжилтын эзэд нь миний
арын алба, ажилтан албан хаагчид юм хэмээн үзсэнийх. Өндөр боловсролтой, гүйлгээ
ухаантай, чин сэтгэлтэй хамт олноороо захирал хатагтай хамгийн их бахархдагаа
дахин дахин онцолж байсан юм. Дөрвөн зуу гаруй шижигнэсэн залуустай гар, сэтгэл
нийлэн амжилт өөд тэмүүлэхдээ зөвхөн хүн гэгч амьтанд заяасан оюуны их хүч,
сайхан сэтгэлийг түшиглэн компаниа удирдаж, бүтээсэн баялагаа ажилчидтайгаа төдийгүй
эгэл жирийн иргэдтэйгээ хуваалцаж яваа нь АПУ хэмээх энэ их айлын баялаг,
бахархал, үнэт зүйл юм. 86 жилийн түүхтэй, 30 нэр төрлийн бүтээгдэхүүн зах
зээлд нийлүүлж буй тус компани өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлагаа дээд
зэргээр биелүүлж, хүмүүнлэг энэрэнгүй үйлсэд хэзээд авралын гараа сунгаж
ирсэнийг дахин дахин хэлэхээс би эмээхгүй байна.
Энэ бүхнийг нэгэн гарт
зангидаж, удирдаж явахдаа хажуугаар нь айлын ганц охин үрийн хувьд аав, ээж,
ахан дүүсээ энэрэн халамжилж, айл гэрийн эзэгтэйн хувиар тор барин, хүнс
цуглуулж, хөвгүүдээ хүмүүжүүлж бас зэрэгцүүлээд ард иргэдэд хамгийн ойр байдаг
иргэдийн төлөөлөгч хэмээх төрийн их ажлаа ажралгүй үүрч яваа хатагтай
П.Батчимэг хүчирхэг нэгэн оршихуйг өөртөө цогцлоож, өрөөлийг дулаан илчээр
дулаацуулж эгэл амьдралын түүхээ бичиж явна. Худлаа амалдаггүй, амалсанаасаа
буцдаггүй, хурдан шийдвэр гаргадаг гээд удирдагч хүнд байх ёстой араншингууд түүнийг
бизнес эмэгтэйн хувьд тодорхойлно. Багаасаа эрчүүдийн ертөнцөд хүмүүжсэнийх
гэлтэй эрс тэс, за гэвэл ёогүй зан, багшийн мэргэжил, уйгагүй эрэл хайгуул,
оюуны хүч нь энэ хатагтайг бүтээдэг болов уу. Эмэгтэй хүн эрчүүдийн түвшинд эн
зэрэгцэх амжилтанд хүрэхэд тэднээс 2 дахин их хүч, хөдөлмөр шаарддаг гэж тэр
ярих дуртай. Гэхдээ хэзээ ч илүү их зүйлд шунадаггүй, өөрт оногдсон ажлаа л
сайн хийх ёстой гэж тэр үздэг. Өнөөдрийн хүрсэн зиндаа, үзүүлсэн амжилтаа
П.Батчимэг хатагтай сайн хань, чадалтай хамт олны хүч гэж үзсэн бол би хувьдаа үүн
дээр нэмээд хувь тавилангийн зурлага гэж тодорхойлмоор санагдав. Гал байж
бусдыг дулаацуулах хувь тавиланг бурхан түүнд заяажээ.
Сэтгэгдэл байхгүй байна