Энэ жил дашням, балжинням давхацсан билэгт сайн өдөр хоёр тохиож байна. Тодруулбал, өнөөдөр болон ирэх сарын 4-нд дашням, балжиннямтай өдөр тохиож байгаа юм. Хүчин төгсөхийн барилдлагатай энэхүү өдөр буяны үйл хийгээд шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, аливаа үйлийг хийхэд өлзийтэй сайн, хуримлах аваас насан дэлгэр, өнөр жаргалтай байна хэмээн монголчууд бэлэгшээдэг. Тиймээс гал голомтоо бадраах залуу хосууд энэ өдрийг сонгон хуримлах нь элбэг байна. Өнөөдөр 50 хос хуримаа хийж гал, голомтоо бадраахаар хуримын ордонд захиалга өгчээ.
Гэрлэх ёслолын ордны менежер Ж.Цэцэгдарь “Энэ жил өмнө жилүүдтэй харьцуулахад ачаалал бага байна. Санхүүгийн хямрал, мөн бичин жилийн барилдлага нөлөөлж байгаа болов уу. Зарим хүн бичин жил хурим хийхийг бэлгэшээдэггүй юм билээ” гэсэн мэдээллийг өгсөн. Хуримын ордон түүхэндээ энэ өдөр хамгийн олон буюу 108 хос хүлээн авч байсан удаатай. Харин энэ жилийн тухайд ачаалал тун бага байгаа аж. Ирэх сарын 4-д тохиох билэгт сайн өдөр одоогоор 20 гаруй хос хуримлахаар бүртгүүлжээ.
Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийх гэж буй хосууд хоёр сарын өмнө захиалгаа өгч, мөн гэрлэлтийн баталгаагаа заавал авсан байх шаардлагатай аж. Залуу хосууд маань 10-20 минутын гэрлэх ёслол үйлдэхэд нэг сая 200 мянган төгрөг төлдөг байна.

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа.
Монгол хосын хуримлах ёсон
Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно.
Бэр болон хүргэн шинжих ёс
Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг сонгох, сайн морь, сайхан эдлэм, хэт хутга, нум сум, хөөрөг, гаанс гэх зэргээр шинжих ёс байжээ.
Бэр шинжих ёс ч мөн бий. Хүүгийн аав өөрийн бүлд тохирох, ухаалаг, үйлэнд уран, үгэнд цэцэн, унд устай, ажилч, амьдралын ачааг эн тэнцүү үүрэлцэхүйц бүсгүй хүнийг сонгож 6-8 сар орчим бэр болох хүнээ ажиглаж, зэрэгцээ нутаг нугын хүмүүс түүнд ямар байдлаар хандаж байгааг танддаг байна. Удам гарал, хүргэн бэр хоёрын сэтгэлийн нийлэмж, ааль зан, мөс чанар, бие галбир, царай зүс, ажилч хичээнгүй байдал, ёс журам, эрдэм чадвар эзэмшсэн байдал, нас сүүдэр, жил зохицох эсэх зэрэг долоон шинжээр үздэг бөгөөд удам судар буюу өмнөх гурван үед нь хулгай хийх, худал хэлэх, ужиг өвчтэй эсэх, ааш авир муу эсэх зэрэг байдлыг шинждэг. Ялангуяа ужиг хууч өвчтэй бол гэрлүүлэхээс татгалздаг байсан бөгөөд энэ нь удамшил, хос хоёрын үр хүүхдийн ирээдүйн амьдралыг ариун нандин байлгах гэсэн ёсон байжээ. Мөн овог дотроо юм уу, эсвэл эцгийн талын долоо, эхийн талын гурван үе доторхи төрөл садны хүнтэй гэр бүл болохыг цээрлэн цус ойртож үр хүүхэд нь ухааны хомсдол, бие эрхтний эмгэгтэй төрөхөөс сэргийлдэг байжээ.
Сэтгэгдэл байхгүй байна