”Шидэт дохиур”-тай цагдаа ах нараас зөрчил илэрчээ

Замын цагдаа нар гэрч байлцуулахгүй согтуурал шалгадаг нь тогтоогджээ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Замын Цагдаагийн тасгийн эрх бүхий ажилтнуудаас явуулж буй захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагааг Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн удирдамжийн дагуу 2016 оны эхний 2 сарын байдлаар, дүүргийн прокурорын газрын 3 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2016 оны 2 дугаар улирлын байдлаар тус тус шалгажээ.

Шалгалтаар тэмдэглэлд зөрчил гаргагчийн гарын үсгийг зуруулаагүй, зөрчил гаргагчийн эрхийг тайлбарлаж өгөөгүй, согтуурлыг шалгахдаа хөндлөнгийн гэрч байлцуулаагүй, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэн шийтгэл оногдуулсан зэрэг зөрчлүүдийг эхний байдлаар илрүүлсэн ба 13 шийтгэвэрт прокурорын тогтоолоор өөрчлөлт оруулан, зөрчлийг засуулахаар шаардлага бичиж хүргүүлсэн байна.

Дээрх ажиллагааны үр дүнд тус тасгийн захиргааны хэрэг бүртгэх ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц гарч, Захиргааны хариуцлагын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн заалтыг зөрчдөг байсан зөрчлүүдийг таслан зогсоож чадсан байна.

Зөрчлийг хянан шалгах ажиллагаа Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан 14 хоногийн хугацаанд хийгдэж, зөрчлийн тэмдэглэлийг хуульд заасны дагуу үйлдэн, захиргааны шийтгэлийг хуульд заасан хэмжээгээр оногдуулж, торгуулийг тухай бүрт нь төлүүлж хэвшсэн болох нь сүүлийн шалгалт хийх явцад ажиглагджээ.

Түүнчлэн илт үндэслэлгүй захиргааны шийтгэл оногдуулсан болон гэмт хэргийн шинжтэй үйлдэлд захиргааны шийтгэл оногдуулсан тохиолдол гараагүй байна.

Зөрчлийн талаар ЗЦГ, УЕПГ-т санал хүргүүлжээ

Захиргааны шийтгэлийн төрөл, хэмжээг зөв оногдуулсан эсэхийг хянахад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон иргэнд "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулахдаа хуульд заасан торгуулийн хэмжээг зөв оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хамтарсан зөвлөгөөнөөр хэлэлцсэний дагуу материалжуулж байгаа боловч дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэсэн заалт нь Шүүхийн зүгээс баривчлах шийтгэлийг оногдуулах талаар хуульд заагаагүй гэсэн үндэслэлээр дээрх зөрчлүүдэд арга хэмжээ авахгүй материалыг буцаан ирүүлдэгээс болж хэрэгжихгүй байна.

Тухайлбал: Шалгалтаар хянагдсан 910 материалын 45 буюу 4.9 хувь нь давтан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, ямар нэгэн арга хэмжээ авагдахгүй, хариуцлагаас чөлөөлөгдсөн байна.

Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг шалгасан шалгалтын дүнг Дүүргийн прокурорын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцээд тус тасгийн эрх бүхий ажилтнуудаас явуулж буй захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хуульд заасны дагуу хэвийн хэмжээнд явагдаж байна гэж дүгнэсэн бөгөөд харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн заалт биелэгдэхгүй байгаа асуудлаар Замын Цагдаагийн газарт албан бичиг хүргүүлж, Улсын Ерөнхий прокурорын газарт санал хүргүүлжээ.

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025