Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 328 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 252 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 14 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 3 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: БГД-ийн нутаг “Өргөө” кино театрын хойд уулзварт марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 73 настай, эмэгтэй Б-г мөргөж гэмтээн ослын газрыг орхин явсан байна.
Хөдөө орон нутагт: Баянхонгор аймгийн төвөөс баруун тийш 120 км-т Богд сумын 2-р баг Элбэг гэх газар амины H.Mighty автомашины жолооч Э нь явган зорчигч 2 настай, эмэгтэй Д-г мөргөж амь насыг нь хохироожээ.
Эцэг эхчүүдийн хараа хяналт муугаас болж бяцхан хүүхдүүд гэмтэж бэртэх, амь насаа алдах тохиолдол гарсаар байна. Өнгөрсөн удаад бага насны хүүхдийг харахгүй, машинаа ухрааж байгаад мөргөж амь насыг нь хохироох үйлдлүүд гарч байсан бол энэ удаад ч давтагдлаа.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид анхаарал болгоомжтой байж цаг ямагт сэрэмжтэй байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Гурван багш, хоёр эцэг эхэд хариуцлага тооцжээ
Замын цагдаагийн газраас 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт хариуцлага тооцож байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн 13 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн Есдүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулиудын гурван багшид, бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан хоёр эцэг эхэд хариуцлага тооцжээ. Монгол Улсын ЗХАБТХ-ийн 54.6–д заасны дагуу буюу нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Хэрвээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцож яваад машинд мөргүүлж бэртэж гэмтсэн тохиолдолд эцэг эхийг нь 192000 төгрөгөөр торгох хуулийн заалттай байгаа ажээ. Иймд ЗЦГ-аас 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт анхааруулж, зөвлөв.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна