Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, нар аргамждаг Наробанчин гэгээнтний Монголд хувилан төрсөн долдугаар дүрийн хувилгаан Завхан аймгийн Отгон сумаас тодорсон. Урд нь Наробанчин гэгээн Энэтхэг орноо мэндэлж 5 удаа, цаст Төвдийн орноо 4 удаа, Монгол газар 6 удаа хувилан, түмэн өлзий гийсэн гэдэг. Наробанчин гэгээний 6 дугаар дүр Жүгдэрнамжил гэрэлт биеэ хураахаасаа өмнө “Би дараа төрөлдөө Отгонтэнгэр хайрхандаа голоо өгсөөд төрнө” гэж ерөөл тавьсныг нутгийн зон олон ярьдагчлан Наробанчин гэгээний 7 дугаар дүр Данзанлхүндэв Отгонтэнгэр хайрханы өвөрт төржээ.
Харин Жонон Ханчин гэгээн Гантөмөрийн тухайд Бурханы шашны гол урсгалуудын нэг Жононгийн ёсны 14 их хамбын нэг Жонон Гончиг Жансан Бал Самбуу ламын хойд дүр бөгөөд 2007 онд Халхын есдүгээр Богд Жононгийн Ханчин Ренбүүчигийн хойд дүрээр тодрруулж, Далай багш баталсан. Удам судрын тухайд ярьвал өвөг эцэг Гомбо нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хүн бөгөөд нэртэй лам байсан. Гэгээн 3,4 наснаасаа өвөөгөө даган лам болж номонд шамдсан бөгөөд 5 наснаасаа хийдэд шавилж, Дашчойлин хийдийн дэргэдэх «Зүүн хүрээ» коллежид суралцаж байгаад 2003 оноос Энэтхэгийн Гомон дацанд бурханы номонд суралцахаар хөлгийн жолоо залсан. Чойрын гүн ухаан судалж, Гавдамбын зиндаанд суралцаж байгаад сүүлийн жилүүдэд эх орондоо суурин байх нь элбэг болсон.
Сайн цаг ирж хэсэг хугацаанд төрсөн ч гэлээ тодрохоо больчихсон байсан Монголын хутагт хувилгаад шинэ мянган гарснаар сэргэн мандаж, эргэж төрж, тодорч эхэлснээс нэгэн үеийн 11 гэгээн тодорч, Энэтхэг тийш эрдмийн мөр хөөн хөлгийн жолоо залсан гэдэг. Тэд эхнээсээ сурч боловсроод эх орондоо эргэж ирсний түрүүч нь Наробанчин гэгээн Данзанлхүндэв, Жонон Ханчин гэгээн Гантөмөр хоёр. Хаа ч явсан хамтдаа явах гэгээнтнүүд хоорондоо цөөн насны зөрүүтэй ч үе тэнгийн мэт нөхөрлөхийн сацуу ах дүүсийн элгэн сайхан харилцаатай гэдэг. Хэн хэн нь залуу улс учир ялангуяа Наро Банчин гэгээн тун хүүхдэрхүү, энгийн харилцаатай гэгээнтнийг шүтэж бишрэх сүсэгтнүүдийн хэсэгтээ л гайхуулж, мэдээж баярлуулдаг.
Цахим сүлжээнд ч нийгмийн идэвх өндөртэй байдаг хоёр Гэгээн сүнс, оюун санааны тухайд л дээд язгуурт, хувилгаан шидэт болохоос бие махбодь, сэтгэлийн хувьд бусадтай адилхан хүн, тэр тусмаа хэн хэн нь залуу учраас залуу хүн шиг байх нь угтаа гайхах зүйл биш. Хувцаслалтын тухайд хүртэл хачин ганган, брэндлэг харчууд байгаа биз дээ.
Наро Банчин гэгээн ээжтэйгээ алдарт Parajampers курткаар ижилсэн гоёсон бол Ханчин гэгээн “Бенз” хөлөглөж, “Rado”-гийн цаг зүүсэн байна. Ийм төрхтэй байхад нь хутагт хувилгаан гэж харахааргүй. Ийн нэгэнт гэгээн дүрээрээ хамгийн царайлаг харчуудаар нэрлэгдсэн Гэгээнтүүд нэмээд хамгийн брэндлэг жентельменүүдээр өргөмжлөгдөж байна. Ийм харчуудыг охид хүүхнүүд хоргоох, хайрын харц шидлэх энүүхэнд. Тэр утгаараа олон нийтийн хамгийн их сонирхдог сэдэв бол тэдний гэр бүлийн статус буюу эхнэр авч болох эсэх тухай асуудал. Энэ талаар тодотгоход ердөө нэг л өгүүлбэр байж болохоор. Тэд гэрлэж болохгүй биш харин гэрлэх шаардлагагүй гэж үздэгээс л гэр бүл авахгүй байж болно.

Сэтгэгдэл (15)