Цэцгийн хатад

Загварын алдартай орднуудын нэг Dolce& Gabbana гадилын навчин хээт принтээр загварын шинэ улирлын чиг хандлагыг тодорхойлж эхэллээ. Ер нь л сүүлийн жилүүдэд цэцгэн принтүүд загварын тайзнаа давамгайлж эхэлсэн. Энэ нь шинэ тутам ч зүйл биш л дээ. Түүх сөхвөл тэртээ 17-р зууны үеэс цэцгэн хээ хувцасны шүүгээнд том баяр суурь эзэлж иржээ. Гадаа мод буйлс цэцэглэж, амьтай бүхэн өнгө гялбуулан дэлгэрч буй энэ цагт бид та бүхэндээ цэцгэн даашинзны тухай загварлаг яриа өрнүүлэхээр бэлтгэлээ. Ингэхэд латин үгний «Regina» гэсэн үгнээс гаралтай байх магадлалтай Цэцгийн хатан “Хатан хаан” гэсэн утгыг илэрхийлдэг гэсэн шүү.

Билэгдэл 

Цэцгэн хээ бол хавар цаг, дахин төрөлтийн билэгдэл. Түүний сэтгэл булаах увидасаас татгалзаж чадах эмэгтэй дэлхий дээр тун цөөн. Эмэгтэй хүний нас, гарал угсаанаас үл хамааран цэцэг нь гоо сайхныг, эмэгтэйчүүдийг билэгдсээр ирснийг хэлэх юун. Цаашилбал эртний үеийнхэн цэцгийг зөвхөн эмэгтэй хүний билэгдэл гэдэг утгаар нь биш цэцэг нь өөрөө гүн гүнзгий утга, билэгдэлтэй байсан тул хувцас хэрэглэлдээ өргөнөөр шингээж, хэрэглэж байв. Энэхүү “цэцгийн хэл” гэдэг бүх соёл иргэншил, цаг хугацааны явцад нэг байсан юм. Тийм ч учраас хээ угалзны төрөл зүйл хүний үг хэл мэт олон билээ.

Гарал үүсэл

Түүх: Ази соёлын салшгүй нэг хэсэг нь цэцэг. Цэцгэн хээ ч дорно нутагт үүссэн гэж үздэг. Японд удвал буюу хонин нүдэн цэцгийг бөс даавууны чимэглэл, ялангуяа кимоно хийх даавуунд их ашиглана. Байгалиасаа л урт, гуалиг дэлбээ нь нарны туяаг санагдуулдаг учраас нар, удвал цэцэг хоёрын нэр хүртэл ээнэгшжээ. Энэ цэцэг мөн хааны гэр бүлийн билэг тэмдэг болохыг бид хамгийн ойрын жишээ “Увдал цэцгийн хараал” киноноос мэдэх билээ. Ийн анхлан ази соёлын хөрсөн дээрээс загварын ертөнцөд тоогдсон зэрлэг цэцэгсийн зургийг буулгасан маш гоёмсог торгыг дорноос ирсэн анхны худалдаачид өндөр үнэ хүргэн худалдаалдаг байв. Хэт их чимэглэлтэй энэ торго маш үнэтэй байсан тул тухайн үед Европын чинээлэг хүмүүс л худалдаж авч хүч хүрч байв. 

Загвар, өнгө гээд олон зуун сонголт байдаг учраас цэцгэн хээтэй бөс даавууны тухай яриа ч мөн төгсөшгүй. Он цаг яривал цэцэгтэй торго Христийн тооллын өмнөх 618-907 онд Хятадын Тан Династийн үед орчин цагийн хэллэгээр “мода” байв. Харин өрнөдөд нэг мянган жилийн дараа буюу 19-р зуунаас л өргөн дэлгэрч, Хятад, Японы цэцгэн хээ “мода” болжээ. Яг тэр үед өрнөдийн үйлдвэрлэгчид цэцгэн хээтэй даавуунуудыг хуулбарлах арга олж, арай хямд хувилбар нийтийн хэрэгцээнд очсон байна. Гэвч дэлхий дахин сүүлийн цөөн арван жилд л цэцгэн хээтэй даавууг нийтээрээ хэрэглэж байгааг онцолъё.

Азийн цээнэ цэцэг: 

Загварын ертөнцөд тоогдсон анхны цэцэг бол цээнэ. Хятад нутгаас түгэн дэлгэрсэн цээнэ цэцэг өрнө этгээдэд хүрэх хүртэл хэн ч цэцгэн хээг хараагүй байсан бөгөөд том, тод өнгийн дэлбээтэй, гоёмсог хэлбэртэй, дахин давтагдашгүй цээнийг торгон дээр буулгахдаа байгаа чигээр нь эсвэл хүчтэй загвар бий болгохын тулд шувуудын дүрстэй хамт буулгадаг байж.

Хятадын цэцгэн хээт даавуу

Хятадууд гоёмсог, цайвар өнгөтэй магнаг дээр цээнэ цэцэг хатгах эсвэл бүр нарийвчилсан хатгамал маягаар ашиглаж байв. Хятад бөс даавуунд билэг тэмдгийн чанартай боловч хүчтэй, тод өнгийн гоо сайхан дүрс зургийг их буулгана. Жишээлэхэд, галт шувуу, цээнэ цэцгийг хослуулж зурах бөгөөд нэг нь шувуудын хаан, нөгөө нь цэцгийн хаан билээ.

Цээнэ цэцэг нь мөн хөрөнгө чинээ, нэр төрийг илэрхийлнэ. Алдарт бадамлянхуа цэцэг Хятадын бас нэг түгээмэл чимэглэл билээ. Буддын шашны чухал бэлэгдэл болохын хувьд шавран дундаас дэлгэрдэг энэ цэцэг цэвэр ариун байдлын илэрхийлэл. Нэмж хэлэхэд Османчууд сонгодог бөс даавууг бүтээхдээ зарим санааг Хятадаас авсан байдаг. Лиш цэцэг, жимс, цээнэ цэцгийн хээ угалзыг олон тоогоор нь хамба хилэн дээр нягт шигүү нэхсэн даавууг хэлнэ.

 

Дундад зуун болон 16-р зуун: Цэцгэн тор

Дундад зууны үед цэцгэн хээ торон сүлжмэл даавуу хоёр үй зайгүй нөхөрлөсөн он жилүүд байв. Ингэснээр даавуун материалын өнгө төрх улам боловсронгуй, дэгжин болж, загвар нэг шатаар ахихад нөлөөлсөн юм.

/Зургийн тайлбар/ “Залуу эрийн хөрөг” зураач Якоб-Фердинанд Воет. Хүзүүний торон чимэглэл нь Венецийн дэгээ зүүгээр нэхсэн торон бүтээл

Тухайн цаг үеийнхэн энгийн даруухан байдлаас залхсан байсныг ч хэлэх үү, венеци торон сүлжмэл, цэцгийн хэлбэрээр зүсч авсан байдал нь хатагтай, ноёдын таалалд нийцэж улмаар 16-р зууны сүүл үед энгийн иргэд ч хэрэглэх боллоо.

“Веници хүүхнүүдийн гар аргаар урласан торон сүлжмэл даавууны нууц тухайн үедээ олон олон загварын хорхойтнуудын анхаарлыг татаж, нууцыг олж мэдэх тэмүүлэлд хөтөлж байв.

Тансаг, энхрий өнгө аяс илтгэх энэ даавууны нууц арга барилтай танилцах хүртлээ соёлт хүн төрөлхтөн олон жилийг үдсэн бөгөөд мэдээж энэ аргыг Италичууд анх танилцуулж улмаар зүүн, төв, умард Европ дахь торон сүлжмэлийн худалдаа, захиалга энэ нутгийн сан хөмрөгийг улам баяжуулах болсон юм”. 

/Зургийн тайлбар/ 1500-аад оны Венецийн гараар урласан тор

 

16-17-р зуун, Перс: Алтан зул цэцэг, анар жимс

17-р зууны эхэн үе буюу Исламын эрин үе ноёрхсон цагт Персийн маш нарийн чимэглэсэн, хүнд бөс даавуунд цэцгэн загвар орсон байжээ.

Алтанзул цэцэг, анар жимс, ороонго ургамал зэрэг нь 17-р зууны сонгомол хээ байсан бөгөөд хамба хилэн дээр нэхдэг байж. Персийн энэхүү цэцгэн хээтэй даавууг Османы эзэнт гүрнээс худалдаачид Италид авчирчээ.

/Зургийн тайлбар/ Алтан зул цэцэг, анар жимс, улаан, цэнхэр өнгийн сарнай цэцэгтэй торгон торонцор загвар (1550 – 1600) V&A цуглуулга

Зургийн тайлбар: V&A Исламын цуглуулгын Османы үеийн бөс даавуу (1500 – 1600): ‘Барын судал›; ‘Найман өнцөгтэй од бүхий хамба хилэн›; бас хайр татам Алтан зул цэцэг.

 

17-18-р зууны Европ: Энэтхэг ситец

Энэтхэг угаасаа л нүд гялбам өнгө, хээ, цэцгэн дүрст даавуугаар дэлхийн загварын тайзан дээр алдартай. Тэртээ 17-р зуунд гэхэд л Европын худалдаачид Энэтхэгээс баялаг, үзэсгэлэнт өнгөтэй даавууг эх орондоо авчрахыг тэмүүлж байж. Түүхэнд тэмдэглэгдсэн тэрхүү эртний цэцгэн хээт даавууны алдартай нэг төрөл нь ситец. Чухамхүү ситец л өрнө, дорныг холбогч гол гүүр нь байлаа. Ситец хөвөн даавуу гэдэг нь гялалзсан суурь материал дээр цэцгийн дүрс буулгасан олон өнгөтэй хэвлэмэл даавуу гэж болно. Ситец хийхийн тулд цулгуй хөвөн даавууг лаванд булхуулж, үүн дээрээ цэцгэн хээ зурна. Энэ даавуугаа хөх, ягаан зэрэг байгалийн олон төрлийн будагтай онгоцонд дүрээд авна. Эцэст нь даавуугаа угааж, хатаагаад шар, ногоон өнгийг гүргэмээр гараараа буддаг байжээ. 
Британи, Голландын худалдаачид Энэтхэгээс авчирсан хэдхэн хуй ситец даавуугаа худалдаж үлэмж ашиг олж байж. Тухайн үед энэ хөөрхөн загварыг яаж гаргах үйлдвэрлэлийн процесс нь Британид нууц байсан юм. 1759 онд болоход Британийн бөс даавуу бүтээгчид үйлдвэрлэх аргыг нь бүрэн дүүрэн тайлснаар 19-р зуунаас ситец нь худалдан авах чадварт нийцсэн үнээр үй олноор үйлдвэрлэгдэх болсон байна.
Орчин цагт ситецийг барууны эсвэл язгууртан маягийн цамцанд өнгө нэмэхийн тулд ашиглаж байна.

/Зургийн тайлбар/ Ситец даашинз 1770-1780. Ангои эсгүүр. Энэтхэг дэр Кормандел Коастын даавуу.

 

/Зургийн тайлбар/ Эрчүүдийн нөмрөг, богино хүрэмтэй холбосон, ситец 1750-1799

/Зургийн тайлбар/ Британийн зах зээлд зориулж Энэтхэгийн баруун нутагт будаж, будганд оруулсан хөвөн даавууг өлгөсөн байдал. 17-р зууны сүүлч, 18-р зууны эхэн үе.

 

18-р зууны Европ: Магнаг хоргой торгон дээрх хатгамал болон Лиш цэцэг

Хонин нүдэн, лиш, сарнай зэрэг Европ зүгийн цэцэгсээр 18-р зууны торгон магнаг, хоргойг хатгаж чимдэг байв. Тэр зууны трендийг харвал хэвлэмэл даавуун дээр тэр зууны турш зөвхөн цэцэг хэвлэж байсныг та олж харна. Мушгиа иш, тод өнгөтэй цэцэгс 1780-аад онд “мода” байсан бол 1790-ээд онд модны иш, жижигхэн цэцэгс “мода” болж байв.

/Зургийн тайлбар/ 18-р зууны магнаг дээрх франц чимэглэл

/Зургийн тайлбар/ 1725 оны хоргойн дээр франц цэцгэн чимэглэл

Европын цэцгэн хээт даавуу

Европын худалдаачид маш ганган чимэглэл, нарийн ажиллагаа орсон даавуу худалдаж эхэлснээр 1400, 1500-аад онд цэцгэн хээ дэлхий дахинд тархсан. Ийм даавуу маш өндөр үнэтэй байсан тул тэр дороо л Европт хүний хөрөнгө чинээг илтгэдэг нэг шалгуур боллоо. Италичууд Османы эзэнт гүрэнтэй бөс даавууны худалдаа хийж, гоёмсог хамба хэлэн цэцгэн хээтэй даавуу нь Италийн хотуудад тархав. Ситецийн хувьд Голланд, Британийн худалдаачинд анхлан баруунд авчирч, энэ таваарын нэр хүнд өсчээ. Британи худалдаачид энэ даавууг гаргаж авахад ямар их нарийвчилсан, хүнд хүчир хөдөлмөр ордгийг нууцалж байсан тулдаа л үнэтэй ховор байлгаж чадаж байжээ. Улмаар 1680 онд ситецийг импортлохыг хориглож 1759 онд хямд үйлдвэрлэх боломж нээгдэхэд л эргэн иржээ.

 

Викториагийн зуун: Наранцэцэг

Викториагийн эриний дараа (1832 оноос хойш) бөс даавуу, уран зурагт тод үлдсэн өөр нэг цэцэг бол наранцэцэг. Харах нүдний яруу найрагч, сэтгэгч Уиллъям Моррис энгийн боловч ганган энэ цэцгийг анхаарлын төвд авчирсан юм. Улмаар наранцэцэг ханын чимэглэл, ваарны уран зурагт тэр бүү хэл бөс даавуунд хүртэл үлджээ.

/Зургийн тайлбар/ Уиллъям Моррис (1879)

Өнөөдөр 

Үйлдвэржилтийн хувьсгалтай хамт бөс даавууны ялангуяа цэцгэн хээт даавууны үйлдвэрлэл арифметик прогрессоор өссөн гэж болно. Зөвхөн мастер урчуудын гараас гардаг байсан бөс даавууг богино хугацаанд, хялбар аргаар хувилах боломжтой болов. Үүний ачаар хийхэд хүнд хээ чимэглэл ялангуяа цэцэг нь хэрэглэгчдэд хүртээмжтэй болж, дэлхий дахинд тархжээ. Цэцгэн хээг тоймгүй олон янзаар загварчилж, тухай бүртээ гайхамшигт дүр төрхийг бий болгож байв.

/Зургийн тайлбар/ Dior Couture, 2003

Өрнө, дорнын энэ холбооноос үүсч бий болсон даавуу бол “Либерти Лондон” үйлдвэрийн Либерти Принт хэмээх сонгодог даавуу. Энэ компани өмнө нь гаднаас авчирч худалддаг байсан даавууныхаа яг адилыг үйлдвэрлэдэг болсон компаниудын нэг юм. 1920-оод онд Либерти компани өнөөдөр хамгийн их танигдсан даавууны загварыг гаргасан нь жижиг хэлбэртэй цэцгэн хээ юм. Ялдамхан, цаг хугацаагүй мэт төрхтэй энэ даавуу өнөөдөр ч түгээмэл хэвээр. Цэцгэн хээтэй даавуу нь загварт шүтэгдсэн нэг чиглэл бөгөөд Гавайн арлын өнгөлөг цамцнаас эхлээд ороолт маягийн даашинзанд хүртэл амь бөхтэй оршсоор л байна. Үргэлж хувьсан өөрчлөгддөг энэ даавуу байсаар байх бөгөөд ирээдүй бидэнд ямар бэлэг барихыг хэн ч таашгүй.

/Зургийн тайлбар/ Giambattista Valli Haute Couture, хавар зун 2014

/Зургийн тайлбар/ Viktor & Rolf-ийн хавар өвлийн 2009 оны загварыг өмссөн Лэди Гага

Эх сурвалж: Гранд сэтгүүл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    монголчууд уг нь цэцгэн хээнд дургүй байсан. богино насыг бэлэгддэг гэдэг. оронд нь алх мэтийн урт настай зүйлээр чимэглэдэг байсын
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025