Эрдэнэтэд “микр” алдартай бол их хотод Цэргийн хотхоныг мэдэхгүй хүн үгүй. Ижилхэн таван давхар байрнуудад бараг 95 хувьд нь эр цэргийн гэр бүлийнхэн тулганы галаа бадраасан учраас тэр. С.Мөнхчулуун хэмээх энэ эрхэм Орбитын Цэргийн хотхоны хүүхэд тул үеийнхэн нь андахгүй мэддэг юм билээ.
Аав Р.Самданням агсан нь цэргийн дарга байж зэвсэгт хүчинтэй бүх насаараа “гэрлэсэн”-ийх хүү нь бага балчраасаа цэргийн ангийн амьдралын баяр гунигийг дэргэдээс нь мэдэрч өсчээ. Тоглодог найзууд нь ч цэргийн дарга нарын хүүхдүүд тул өөр “школ”, мэдрэмж байсан хэрэг. Тэр чинь жинхэнэ хүчирхэг эрчүүд “амьд үлддэг” ертөнц шүү дээ.
С.Мөнхчулуун төрөлх СХД-тээ Засаг даргын Тамгын газрын дарга хийж, гэргийн хамтаар МАН-ын наадам баяр ёслолыг олон жил чимсэнээр хүмүүс хэзээ язааны мэт танимхайрах болсон. Гэргий Т.Ариунбулаг нь жүжигчин, найруулагч мэргэжилтэй, Р.Анхням, Өөскө, “Банш” Батаа нартай нэг ангийнх. Мэдрэмж вкусаа гадаад үзэмжээрээ илэрхийлдэг ч даруухан инээмсэглэж барагтай бол хий гаргадаггүй энэ бүсгүй товхийсэн бизнестэй. Бусад шиг кофе шоп, алчуур оймсхон зарсангүй.
Худалдаа, тээвэр зуучийн чиглэлээр дээгүүр “жаалж” явааг нь хүмүүс тэр бүр мэддэггүй юм билээ. Даруухан зарчимч эзэгтэй СХД-ийн НАМЭХ-ны тэргүүлэгч сонгуульт ажилтай. Хосууд оюутны ширээнээс танилцан хөтлөлцөн Германыг зорьсон он жилүүдээс хойш 16 жилийг үджээ. Тэд хамтдаа Удирдлагын Академийн “цэрэг” болж толгой өөд татах завгүй эрдэм номд шамдсаар яваа.
Нөхөр нь доктор хамгаалахаар зэхэж буй бол гэргий нь магистрын зэрэг хамгаалах гэж буй. Үеийнхэн нь тэднийг үлгэр жишээ сурвалжит гэр бүл гэж фэйсүүкийг нь лайкаар “бөмбөгдөх” шиг болно. Ихэвчлэн “Гэрээ мартсан Гэсэр” оргиод тэндээ төрөл арилжаад ирдэг нь олон тул эх орондоо, сонголтондоо чин үнэнч тэднээр бахархахаас ч яахав. Хаврын налгар өдөр фэйсбүүк од хосууд зугаалж яваа нь энэ.
“Фэйсбүүкнийхээ зураг шиг л бай л даа” гэж бие биенээ егөөдөх дуртай хүмүүс тэднийг үнэхээр амьдрал дээр ч зураг шигээ байдаг гэдгийг мэдээд хажуугаар нь зөрөхдөө танимхайран шивэр авир хийж байдаг шүү.
Сэтгэгдэл (22)