Ази болон европ тивүүдийн шилдэг үсчин шалгаруулах тэмцээнээс Монголдоо хамгийн олон медаль авч ирсэн үсчин бол Н.Алтаншагай. Оддын үсчин Д.Одонгоогийн гарын шавь нарын нэг тэрбээр жил алгасахгүй тэмцээн уралдаанд оролцож, эх орныхоо нэрийг дэлхийд алдаршуулж яваа. Явсан тэмцээнээсээ ганзага хоосон ирж байгаагүй түүнийг Монголын номер нэг үсчин гэхэд дэгсдүүлсэн болохгүй гэлцдэг. Саяхан болж өнгөрсөн үсчин, гоо сайханчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрөвдүгээр байр эзэлж, бэлтгэлийг нь базаасан үсчин С.Мөнхнасан дэлхийн аваргаар шалгарсан явдал түүнтэй холбоотой.
Дэлхийн аваргыг төрүүлсэн МУ-ын мастер үсчний байнгын үйлчлүүлэгч Их аварга Д.Дагвадоржоос эхлээд Монголын хүчтэнүүд багтдаг сурагтай. Тэр бүр захын нэг үсчнээр тэргүүндээ хүргүүлдэггүй үндэсний бөхийн хүчтэнүүд Н.Алтаншагайг наадам эхлэхээс хэдхэн хоногийн өмнө бэлтгэл хийж буй газраа урьж залан үсээ засуулж зүлэг ногоон дэвжээнээ ирдэг уламжлал болон тогтсон зүйл. Тийм болохоор Н.Алтаншагайг хүчтэнүүдийг хуйлруулдаг үсчин гэлцдэг бизээ.
Сэтгэгдэл (2)