Жинхэнэ улс төрч угтаа бол шалгарсан хуульчийн бүтээл. Сонгуулийн тойргийн маргаан, санал хулгайлаагүй ч хулгайлсан гэж гүтгүүлэх, саад тотгор учрах нь үстэй толгойноос их үед юун нөгөө пиарчид болоод хорооны идэвхтнүүдийн дэмжлэг цаашаа шүү дээ. Энэ үед авралын од, тэнгэрийн элчээр чухамдаа чадварлаг хуульч, өмгөөлөгчид товойж гарч ирдэг. УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн орлогч дарга Л.Батжав хэмээх энэ давжаа эр чухамдаа улс төрчдийн “будаан зодоон”-ы ялагч бүрийн ард байдаг гэдэг. Угтаа төрийн албаны хажуугаар хувийн бизнес эрхлэх нь хориотой баймаар. Гэтэл Л.Батжав хээвнэг хувийн бизнесээ хөшигний ард хийгээд явж байдаг нь үе үеийн төрийн өндөрлөгүүдэд ойр шадар явсных юм гэсэн.
МУИС-ийн хууль зүйн сургууль дүүргэсэн тэрээр идэр 40 настай ч доктор, профессор цолтой, дөнгөж хорин хэдхэн настайдаа Солонгосын мафийн толгойлогч ,“зургаан хуруут” хэмээн ерээд онд алдаршиж асан домогт Пак Чоль Гуг өмгөөлж явсан гээд намтар түүх нь ч сонин хачин ихтэй. Ёстой нөгөө эрхийн чинээ биетэй ч эр хонгор дуутай эр гэгч нь юм уу даа. Төрийн гурван өндөрлөг ч түүний үгийг анхааран сонсдог нь хуульчийн хувьд хэр зангарагтай, зайтай болохыг нь харуулах. Сонгууль ч дөхөж байна, тойргийн маргаан дэгдэх нь ч тодорхой, ноён өмгөөлөгч Төрийн ордонд дуу аялчихсан пээдгэр гэгч нь алхаж яваа нь энэ. Зоч лам зовлон дээр зоолноо гэж...
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (1)