Оффшорт нуугдсан С.Баярцогт, Б.Дэлгэрсайхан хоёрын түнш нь Хятадууд...

Төр түмнийхээ төлөө зүтгэнэ, чадна гээд гарч ирсэн хүн цагаан дээр хараар бичсэн хуульд захирагдах ёстойгоос гадна, ёс зүйд  захирагдах учиртай юм. Тэгж гэмээнэ, тэр жинхэнэ төрийн хүн байж чадна. Гэвч харамсалтай нь ёс зүйн талаарх үнэр төдий ч ойлголтгүй гэмээр нөхдүүд төрийн эрхэнд гарсан хойноо хууль бус замналынхаа түүхийг хачин ихээр арвижуулдаг аж. Оффшор бүсэд нууц данс нээсэн нөхдүүдийн нэрс нэмэгдэх тусам төрөх бодол ийм байх... 

Улстөрчид хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг Авлигын хууль 2006 оны 7 дугаар  сард батлагдсан учраас, үүнээс өмнөх оффшор бол гадаад дахь хадгаламж л юм даа гэж тэдгээр нөхдүүдийг өмгөөлөх хэсэг бас байх... Тэгвэл улстөрчид оффшор данстай байх ёс суртхууны эрх байдаггүй, энэ бол бичигдээгүй хууль гэж хэлэх эрхэм байна. За ямартай ч Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас "Panama papers"  буюу Панамын баримтуудыг ил болгож байгаагийн дотор Ерөнхий сайд асан Сү.Батболд,  Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар, “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл, Сангийн сайд асан Я.Очирсүх, “Дорнын говь”-ийн  Б.Дэлгэрсайхан нарын оффшор дансны мэдээлэл ил болоод байна. Энгийн ойлгомжтойгоор хэлэхэд   хууль бус санхүүгийн гүйлгээ хийх, бохир мөнгөө нуухын тулд оффшор бүсэд данс нээлгэдэг гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Бизнесийн салбарынхны хувьд дотоодын орлогоо нууж гадаадад буюу оффшорт байрлуулбал хэд хэдэн төрлийн гэмт хэргийн асуудалд ордог аж. Тэгэхээр манай тухайд аваад үзэхэд улстөрчид л гэмтэй, бизнесмэнүүд бол оффшор данс нээлгэсэн байхад болохгүй юм байхгүй гэсэн ойлголт давамгайлж байгаа нь зохистой хувилбар ч бас биш байж таарч байгаа юм.

Панам дахь хуулийн фирмийн оффшор дансны мэдээлэл  бүрэн задарснаар Монгол Улсын 46 иргэн оффшор данс эзэмшдэг тухай мэдээлэл дэлгэгдэнэ гэж буй. Тэгэхээр манай сайт тэдгээр нуугдсан нөхдүүдтэй холбоотой мэдээллийг цувралаар хүргэх болно. Харин энэ удаа Монгол Улсын анхны оффшор данс эзэмшигчээр тодорсон С.Баярцогт болоод  “Дорнын говь”-ийн гэдгээрээ бизнесийн хүрээнд нэр нь тодхон  Б.Дэлгэрсайханы тухай дэлгэрэнгүй өгүүлэх болно.

Оффшорын Монгол дахь “Загалмайлсан эцэг” С.Баярцогт

“Нийтийн мөнгийг шийддэг хүн нууц данстай байж болох уу? Төрөөсөө нуугддаг төрийн хүнд итгэх үү?  гэдэг асуулт бол яах аргагүй цаг үеэ олсон асуулт гэдэгтэй уншигч та санал нийлэх болов уу. Хэрэв С.Баярцогт  улстөрчийн төлөвшлийг олсон ичиж, зовох булчирхайтай хүн байсан бол оффшор дансандаа 1 сая ам.доллар хийгээд мартчихсан байсан гэж тэнэгтэхгүй л байсан байх даа. Төрийн өндөр албан тушаалуудыг хашиж ирсэн түүний хувьд Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ компанийнхаа тухай тусгаагүй нь, нууц дансаа илчлээгүй нь  хариуцлага хүлээх ёстой субьект гэдгийг нь тодорхой болгож байсан ч, тэр хариуцлага хүлээгээгүй юм. Өдгөө бол ёстой нөгөө оффшорын загалмайлсан эцгийн дүр төрхтэйгөөр та бидний дунд байгаа билээ.

Панамын баримтууд дотор С.Баярцогттой холбоотой мэдээлэл байгаа гэдэг нь тодорхой болсон. Сэтгүүлчид албан бусаар "Mongolian politician topped the list of leading holders of secret accounts” буюу нууц данс эзэмшигчдийн тэргүүлэгчдийн жагсаалтыг гаргаж,  эхэнд нь С.Баярцогтын талаар бичсэн  гэх мэдээлэл байгаа юм. Тэдгээр баримтуудад үндэслэн үзэхэд   С.Баярцогт оффшор бүс дэх хамгийн баян хүнээр тодорсон гэгдэж байсан. Гэхдээ яг одоогоор бол эцэслэсэн мэдээлэл ирээгүй байна.

 Түүнийг 2008 онд Монгол Улсын Сангийн сайд байхдаа Их Британийн Виржинийн арлууд дээр “Legend Plus Capital Limited” хэмээх нууц компанийг байгуулсан, Швейцарийн банкинд данс нээж 1 сая ам.доллар хийсэн, 2.5 сая ам.долларын нууц хөрөнгийн нотлох баримт нь олдсон гэх мэдээллүүдийг дэлхийн нэр бүхий хоёр байгууллагын хамтарч гаргасан байдаг.  Тэр өөрөө ч Швейцарийн банкин дахь дансаа хүлээн зөвшөөрсөн. Бас компаниа нуусан гэдгээ хэлсэн. Тэгэхдээ “Legend Plus Capital Limited” компанийнхаа дансан дахь 2.9 сая төгрөгийг “Нидо” компанийнхаа хөрөнгөнд хавсарган мэдүүлсэн гэсэн нь үнэмших аргагүй үлгэрийн тайлбар байсан билээ. Түүнчлэн С.Баярцогттой холбоотой асуудлыг дагаад найзуудтайгаа нийлж хувьцааны бизнес хийхээр төвлөрүүлсэн мөнгө нь 1,6 мянган евро юм уу, эсхүл 1 сая ам.доллар юм уу, хэрэв дансанд нь хамгийн ихдээ 1 сая ам.доллар орж байсан юм бол тэр үе нь яг хэзээ юм бэ. Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө юм уу, дараа нь юм уу гэхчлэн асуултууд гарч ирдэг. Өөрөө хэлэхдээ бол “энэ нь 2008 оны тавдугаар сард болохоор миний Сангийн сайд болохоос өмнө мөн Оюутолгойн хэлэлцээрт орохоос өмнөх үйл явдал. Тэгэхээр энэ хоёртой хардах үндэслэлгүй” гэж байсан. Энд  данс нээсэн цаг хугацааг яриад байгаа юм. Мэдээж дансыг бол тэрнээс өмнө 1.6 мянган ёвротой нээсэн байж болно л доо.

Харин Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны нөхдүүдийн гаргаж тавьсан 1-2.5 сая ам.долларын нууц хөрөнгө төвлөрсөн цаг хугацаа хэзээ вэ гэдгийг манай хууль хяналтынхан мөшгиж, илрүүлэх ёстой байтал, тэгээгүй л дээ.  Оюутолгойн гэрээг батлахад онц чухал үүрэг гүйцэтгэсэн гурван сайдын нэг тэрээр оффшор буюу татвар, хяналт, нууцлалын хамгийн таатай, хялбар нөхцөлийг санал болгодог  бүсэд байгуулсан нууц компанийнхаа баримт бичиг дээр улсынхаа нэрийг Хятадын Монголын Улаанбаатар гэж бичсэн нь хамгийн ихээр анхаарал татдаг. Өөрөө тэрийгээ тайлбарлахдаа анзаараагүй гэж хэлдэг нь хамгийн элгийн хэрэг л дээ. С.Баярцогт тухайн үед  найзуудтайгаа нийлж, компани байгуулсан, дансандаа нэг сая доллараа мартсан гэсэн тайлбар өгсөн нь, өнөөдрийг хүртэл хариулт нэхэж ирсэн асуудал юм. Тиймээс  ч   “ДМ” нэгдлийн тэргүүн Д.Даш С.Баярцогтын оффшор дансны асуудал юу болсон эсэх, түүний найзууд нь хэн болох талаар мэдээлэл авахаар АТГ-т хандахад, тус газраас  ямар ч мэдээлэл өгөх боломжгүй гэсэн байгаа юм. С.Баярцогтод хавтаст хэрэг үүсгэн шалгасан ч мэдээлэл авахыг хүссэн “ДМ” нэгдлийн тэргүүн Д.Даш хавтаст хэрэгт хамааралгүй хүн учир энэ тухай мэдээллийг өгөх боломжгүй гэсэн  хариултыг АТГ-аас өгсөн юм.

Хятадуудтай хамт Виржинд нуугдсан Б.Дэлгэрсайхан!

Борхүүгийн Дэлгэрсайхан гэж нөхрийн хувьд нэр цэвэр нэгэн биш ээ. Тэрбээр Виржиний арлуудад хятадуудтай хамтарсан “Forever profit (Asia) holdings limited” гэх компаниа 2005 оны аравдугаар сард оффшор бүсэд бүртг үүлсэн бөгөөд Улаанбаатар дахь хаяг нь Чингэлтэй дүүргийн V хороонд оршдог гэсэн байдаг. Тэгсэн тэр хаягт нь  “Дорнын говь” компани нь бүртгэлтэй. Харин өөр нэг хаяг нь Сүхбаатар дүүрэгт орших нэгэн орон сууц байсан юм. Тус хаягаар Б.Дэлгэрсайхан “Eiffel View Universal Holdings” компани бүртгүүлсэн байдаг. Уг компанийг нь 2008 онд байгуулсан бөгөөд Сингапурт бүртгэлтэй юм билээ.

Эргэн сануулахад, “Жаст” групп дампуурлаа зарласантай зэрэгцэн “Дорнын говь” компаниараа овоглож ирсэн Б.Дэлгэрсайханы булхай илэрч байсан юм.  “Болдтөмөр ерөө гол”  гэх компаниар халхавч хийн Баянгол ордод  “эзэн” суусан түүний ард хэрэг дээрээ Хятад,  Виржинийн арлуудаас хамтарсан хөрөнгө оруулагч байдаг гэдгийг үүнийг бичигч би вээр өмнө нь өгүүлж байсан удаатай. Түүний  “Болдтөмөр ерөө гол”  компани нь  Монголын төмрийн хүдрийн ихээхэн нөөц бүхий ордыг хуу хаман урагш нь хил давуулах операцийг эхлүүлэн амжилттай явж ирсэн бөгөөд хоёр жилийн дотор 3.5 сая тонныг урагш нь урсгачихсан гэхээр үүргээ дажгүй биелүүлж байгаа хэрэг юм л даа. Гэхдээ  Б.Дэлгэрсайхан Монголын хууль журмыг илтэд гишгэлэн, хэсэг бүлгийн эрх ашгийг өмнөө тавьж ирсэн нэгэн гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.

Ил харагдах байдал дээр “Дорнын говь” ХХК болоод “Болд төмөр Ерөө гол” компанийн хамтран байгуулсан  “Дорнын төмөр зам”  компани Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь төмрийн хүдрийн ордоос өөрсдийн барьсан 90 км төмөр замаар хүдэр тээвэрлэн БНХАУ руу гаргахдаа вагоны даацын хэмжээг багасган гаальд мэдүүлж, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр хууль хяналтынхан Б.Дэлгэрсайханыг барьж, цагдан хорих 461 дүгээр ангид 72 цаг саатуулаад, прокурорын байгууллагаас батлан даалтад гаргах шийдвэрийг гаргасан удаатай. Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн засгийн албанаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар УМБГ-т шилжүүлсэн ч, эх сурвалжийн хэлж буйгаар Б.Дэлгэрсайхан хууль шүүхийнхний тархийг барьсан гэдэг юм.

За мэдээж манай томоохон бизнесмэнүүд улстөрчидтэй түншилж ирсэн жишгийг тэр тойрохгүй, дайрсан. Тиймээс ч  “Болд төмөр ерөө гол” компанийн ард экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг байдаг гэх мэдээлэл бий билээ. Түүнчлэн өөрийн төмөр замаараа төмрийн хүдэр зөөх 2000 вагон худалдаж авснаар ар талд нь хэн байна вэ гэдэг харыг улам лавшруулж байсан энэ компанийн Улаанбаатар дахь оффис нь "Дорнын говь" компанийн байранд байдаг.Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үед тус компани хувьдаа төмөр зам барих эрхийг зовлонгүй авсан бөгөөд 2008 онд тус компани 150 хятад ажилчин оруулж ирэхэд ажлын байрны төлбөрөөс чөлөөлж өгсөн баримт нь ч байдаг. Засгийн газрын 2008 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор Баянголын орд газраас Ерөө өртөө хүртэл 98 км урттай төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгожээ. Төмөр замын суурь бүтцийг 100 хувь тухайн компанийн эзэмшлийнх байхаар зөвшөөрөл өгсөн нь Төмөр замын тээврийн тухай хуулийг зөрчсөн гэж шүүмжлэх хүмүүс олон байж ирсэн.

Ер нь бол “Болд төмөр ерөө гол”-ын үйл ажиллагаа хятадуудад ихээхэн ашгийг дагуулж ирсэн байгаа. Тус компанийнхан 2010 онд Хятадаас 2000 вагон худалдаж авсан. Харин 2009 онд  ОХУ-аас 1500 вагон худалдаж авсан гэдэг ч, Хятадаас авсан нарийн царигтай вагон нь өнгөрсөн хугацаанд Баянголын төмрийн хүдрийг урагш нь гулсуулж байгаа. Гэрээний дагуу авсан вагонуудыг Эрээнд угсарч төвлөрүүлээд авчирсан гэсэн.  Гэтэл тэдгээр вагонуудын техникийн байдал, арчилгаа үйлчилгээнд эзэмшигч нарын зүгээс тавих анхаарал хангалтгүй,  ачааны вагоны техникийн байдал эзэнгүйдэж байгааг УБТЗ-ын вагоны аж ахуйн албаны дарга ТУ доктор (ph) зөвлөх инженер Л.Болд хэлж хэлж байсан билээ. "Болдтөмөр ерөө гол" компани ЕС-70 маягийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2000 вагон 2010 оноос худалдан авч ашиглаж байгаа боловч засварын баазгүй, хаана вагоноо засварлах талаар шийдээгүй байгаа нь тээврийн аюулгүй байдлыг хангахад хүндрэл учруулж эхлээд байгаа талаар ярьдаг.  Эдгээр вагоны үйлдвэрийн баталгаат хугацаа 2012 оноос дууссан юм билээ.

 УБТЗ-ын Зүүнхараагийн ачааны вагоны засврын депогийн хүчин чадал, техник тоноглол өнөөгийн байдлаар эдгээр вагонуудад депо засвар хийх боломжгүй бөгөөд БТЕГ компанийн тээвэрт явуулах хүсэлт, УБТЗ-ын тээврийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс тус депо дээр шөнийн ээлж зохион байгуулан техникийн байцаалт хийж байна. Техникийн байцаалтаар ОХУ-аас авч ЕС-70 вагонд угсарсан автотормоз, залгалтын автоугсраанд бүрэн задаргаа хийн засаж баталгаа гаргаж байгаа гэсэн байна. Тус компани ЕС-70 вагоны тэргэнцэр, хос дугуйг европын стандартаар БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 6 жилийн баталгаатай гэх боловч уг стандартыг Монгол Улсад мөрдөх эсэх нь шийдвэрлэгдээгүй байгаа гэжээ. Асуудал шийдвэрлэгдээгүй байхад хос дугуй, тэргэнцэр зэрэг эд анги, зангилаа хэсгүүдэд гадна үзлэг хийж тээвэрт явуулж байгаа нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байх баталгааг бууруулж ашиглалтын үед тавих хяналт шалгалтын ажлыг нэмэгдүүлж байгаа талаар мэргэжилтнүүд хэлж ярьж байсан байдаг.  Түүнчлэн Замын-үүд өртөөнөөс явсан 2803-р галт тэрэгний 555136 дугаарын вагоны 4 дугуй гацаж чирэг авч Шаргын овоо зөрлөгт бүрэлдэхүүнээс салгагдсан гологдол гэхчлэн зөрчлүүд цөөнгүй гарч ирсэн байдаг. Тэгсэн ч тус компани шаардлага хангахгүй вагонуудынхаа даацын хэмжээг багасган мэдүүлж давуулж ачилт хийн улсад их хэмжээний татварын хохирол учруулсан чигээрээ өнөөдрийг хүрч байна. Эрхэм захирал Б.Дэлгэрсайханыг нь энэ асуудлаар хууль хяналтынхан он дамнан шалгаад эцэслэн шийдвэрлэж чадахгүй байгаа нь, тэр хуулийнхантай шадар байдагтай нь холбоотой гэх мэдээллийг эх сурвалжууд өгдөг юм.

Дашрамд дуулгахад, Б.Дэлгэрсайхан  1987 - 1989 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1989 - 1992 онд ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаах газрын тасгийн даргаар тус тус ажиллаж байсан нэгэн бөгөөд 1993 онд "Дорнын говь" ХХК-ийг үүсгэн байгуулснаар бизнесийн салбарт гайгүй том алхаж, харин одоо бол улстөрд хөл тавихаар зэхэн суугаа нэгэн юм.

Манай сайт оффшор данстай нөхдүүдийн хэн нь хэн бэ гэдгийг үргэлжлүүлэн мэдээлнэ.

Б.Булган

 

 

                                         

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Зочин
    Баярцогт Монголын БАХАРХАЛ. Энэ хүнийг гутаан доромжлоод байхын оронд ажлын хийлгэвэл Монгол төрд хэрэгтэй толгой.
    2016 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин
    БОЛЬЁ ОО
    2016 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин
    hehe yuch yrihav dee buzaruudtai uhehdee yu avch yvah geed ingeed uhen hatan uzeed baidiim boloo
    2016 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин
    энэ муусайнууд яах вэ? нам ном гэж байгаад адилхан л жамаараа үхнэ,үр хойч нь жинхэнэ ардуудын гарт тамлуулж үхнэ,эднийг хаанаас ч олно
    2016 оны 05 сарын 10 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025