“Эмоушн” мандан бадарч байх эрт үед хамтлагийн хамгийн хөөрхөн, эгдүүтэй Эмоушн Т.Солонго
Нэр нэгтийн чих нэг бол та бидний ихэд танил хэлц. Харин нэр нэгтийн стиль имиж, ааш араншин ижил гэвэл их өрөөсгөл болно байх. Гэхдээ л нэр нэгтүүдэд нэг зүй тогтол байдаг аа. Жишээ нь Д үсгээр эхэлсэн нэртэй хүмүүс дарга, захирал болох нь элбэг гэдэг ч юм уу. Энд бид Солонго нэртүүдийг секси имижээрээ нэгдмэл, ижилхэн юм байна гэж дүгнэхэд хүрлээ.

Соко нар маань ихэвчлэн л секси тачаангуй дүрх төрхтэй, магад ийм дүр төрхийг зориудаар бий болгодог ч байж мэдэх юм байнаа. Бас гэрлийн хурдаар олонд танигдаж гэнэт сураг алдардаг зарчим замнал ч бас байна. Ингээд нэр, зүсээрээ ижилссэн “секси” Солонгуудынхаа ертөнцөөр аялцгаая. Бүсгүй хүн секси, тачаангуй байх шиг сайхан юм хаа байх билээ, тэднээс суралцах юм та бидэнд бий ч юм билүү, анхаарна биз.
“Араб” Г.Солонго
Соёл урлагийн Соконуудтай нэр ижилсэн гарч ирсэн энэ бүсгүйг олон нийт “араб” Солонго гэдгээр нь андахгүй. Хар багаасаа бодибилдингээр хичээллэж ирсэн тэрээр Азийн бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж олон жилийн хөдөлмөрийн үр шим, хүсэл мөрөөдлөө биелүүлсэн гэдэг.

“Араб” гэх алдар нэртэй болсон шалтгаан тэрээр араб эртэй олон арван жил ханилж чухам түүнийхээ нөлөө нөөлгөөр өдий зэргийн амжилт, бие бялдартай болсон юм байх. Харин амжилтанд хүрсэн хойноо тэрээр араб нөхрөөсөө өрх тусгаарлаж эх орондоо ирмэгцээ мөн л өөрөөсөө ахимаг насны эртэй гэр бүл болж, төд удалгүй салсан гэх. Өдгөө гуч гарч яваа Г.Солонго эх орондоо эгнэгт суурьших болсноос хойш клип рекламны урилгад дарагдаж, бүр хагас нүцгэн биеэрээ сэтгүүлийн нүүрийг чимж харагдах болсон. Секси дүр төрхөөрөө богино хугацаанд од болж чадсан тэрээр юутай ч мисс, мистер өргөмжлөлтэй.

Шинээр мэндэлсэн Д.Солонго
“Гурван охин” хамтлагийн ахлагч Д.Солонгыг анх олон танигдаж эхлэхэд “эрлийз төрхтэй, царай муутай” хэмээн гоочлох хүмүүс цөөнгүй байсан гэдэг. Тэгвэл үлгэрт гардан үнсгэлжин шиг гадаад дүр төрхөө өөрийнхөө хүссэн хэмжээгээрээ өөрчилж ирсэн Д.Солонгын энэ өөрчлөлтүүд амжилт дагуулсан гэж болно.

Учир нь тэрээр хамтлагийн хоёр гишүүнээ бодвол нэлээд хожуу мэс заслын ширээнээ заларч, зорсон юм шиг биетэй зурсан юм шиг царайтай болсон.Төгс төгөлдөр бүсгүй болохын тулд сүүлийн хэдэн жилүүдэд мэс заслын ширээн дээрээс салахаа байсан тэрээр одоо л нэг хүссэн дүр төрхөө олж авсан уу гэлтэй өөртөө бүрэн дүүрэн итгэл төгс харагдах болжээ. Товчхондоо бурханы бүтээлд ч бяцхаан засвар хэрэгтэйг бодит амьдрал дээр хэрэгжүүлж, гадаад төрхийн хувьд дахин мэндэлсэн Солонгуудын нэг юм уу даа. Түүнийг мэдээж секси тачаангуй гэх тодотгол улам товойлгож ирсэн.
“Шоучин” Д.Солонго
“Маск” продакшны жүжигчин, “Honeymoon” хамтлагийн ахлагч Д.Солонго үе тэнгийхэн дундаа мөн л “секси” төрхөөрөө ялгардаг нэгэн. Тайзнаа гарч жүжиглэхээр тачаангуй дуу авиа гаргаж хэлээ зажлан ярьдаг бол хамтлагийнтайгаа хамт дуулахаараа тачаадсан бүжиг бүжиглэсээр байгаад дуу, тоглолт нь дуусчихдаг. Энэ салбарт мөн л “секси”дүр төрхөөрөө танигдаж яваа залуу бүсгүйг “шоучин” Солонго хэмээн ойр хүрээнийхэн нь тодорхойлдог юм билээ. Залуу сайхан бүсгүйд уулзаж учрах улс, болзоо тавих залуус захаасаа аван байдаг биз, тэгснийх нь төлөө ингэж нэрийддэг нь ч юув. Тачаангуй имиж нь ингэж нэрийдэхэд хүргэсэн байж болох талтай л даа, бас. “Тачаангуй”
“Трансжендер” Б.Солонго
Хорвоод эр хүйстэн болж төрсөн ч эмэгтэйлэг шинж чанар нь давамгайлж, төрсөн биеэсээ татгалзаж мэс заслын аргаар эмэгтэй болсон Б.Солонго урлагийн Соконуудаас хамгийн богино хугацаанд олон танигдсан нэгэн. “Трансжендер” миссүүдийн тэмцээнээс тэргүүн байр эзэлж улмаар олон улсын хэмжээний тэмцээнд амжилттай оролцоод ирсэн тэрээр олны анхааралын төвд ороод хэдийнэ олон оныг үджээ.

Бусад нэр нэгтнүүдээ бодвол хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгийн их гардаг тэрээр саяхан нэгэн сэтгүүлийн нүүрийг хагас нүцгэн зургаараа чимж олны алмайруулсан. Өөрийн гэсэн хөхтэй болж, гоо үзэсгэлэн, секси төрхөө улам цаашаа цэцэглүүлэх болсноо ч онцлон дуулгасан байсан. Ямартай ч “секси” имижээрээ богино хугацаанд олонд танигддаг Соконуудтайгаа нэр, зүсээрээ ижилсэж чадсан трансжендер мисс цаашид ямар өөрчлөлт шинэчлэлийг өөрийн биен дээр харуулахыг цаг хугацаа харуулах биз ээ.
“Киви” Б.Солонго
Цагтаа “Киви” хамтлагийн бас нэгэн өнгө төрхийг илтгэж явсан дуучин Б.Солонго бусдынхаа адил урлагийн замналаар олонд танигдсан даруйдаа хөрөнгө чинээтэй айлын бэр болсноор усанд хаясан чулуу аятай сураг алдарсан.

Өдгөө тус хамтлагийн үнэнч фэнүүд нь хүртэл мэдэхтэй үгүйтэй болсон Б.Солонго хамтлагийн охидоосоо царай зүс, бие хаагаараа дутахааргүй тэр бүү хэл бусдаасаа онцсайн бүжиглэчихдэг байсан болохоор Ангирмаагийн овоо хараанд өртсөн гэлцдэг. Харамсалтай нь хугацаанаасаа өмнө гэр бүлийн амьдрал зохиож ээж болсон тэрээр чухам энэ шалтгаанаар хамтлагаасаа гарахад хүрсэн бөгөөд «Анод” банкны ТУЗ-ын гишүүн агсан Н.Даваагийн том хүүтэй сууж өдгөө хоёр хүүхдийн ээж болсон гэхээс өөр мэдээлэл байдаггүй билээ.
“Жазз” Б.Солонго
Этгээд хувцаслалт,өвөрмөц дуу хоолойгоороо орчин үеийн Солонгоонуудыг манлайлдаг дуучин Б.Солонго хуруу дарам цөөн жазз дуучдын нэгэнд тооцогддог. Анх баар саваар хэсэж дуулдаг байсан бол саяхнаас Филармонийн гоцлол дуучдын эгнээд элсэж чадсан нь түүний өвөрмөц хоолойны хүч биз.
Харамсалтай нь тэрээр өөрийн гэсэн уран бүтээлгүй, дуутай болдоггүй “залхуу” толгой. Бусад хамтлаг, дуучдын дууг жазз урсгалаар тун эвлэгхэн амилуулчихдаг болохоороо л дуучинд тооцогдож өдийг хүрсэн гэлцдэг. Хувийн амьдралын тухайд бусад Соконуудын адил шулуун байгаагүй тэрээр нэгээс салж нэгэнтэй нийлсэн гэх мэдээлэл байсхийгээд гардаг нь уламжлал аятай. .
“Япон” О.Солонго
Японд дуучин Д.Оюунтүлхүүрээс дутахааргүй алдартай монгол дуучин бүсгүй байдгийг нийтээрээ төдий л мэдэхгүй болов уу. “Япон” Солонго гэгддэг О.Солонго 12 настайдаа арлын оронд зохиогдсон олон улсын ая дуу зохиогч хүүхдийн наадамд оролцож, Гран при шагнал хүртсэнээр Их Наран улстай холбогдох гүүрээ зассан гэдэг.

Япондоо эх орноосоо илүү алдарт хүрсэн түүнийг бид “Аз жаргалын дуу”-гаар нь илүүтэй мэдэх болов уу. Япон хэл дээр 5 цомог гаргасан тэрээр уран бүтээлч Солонгоонуудаасаа тэс өөр. Тодруулбал, тэрээр уран бүтээлийнхээ орлогоор секси дүр төрх бүрдүүлэхийн оронд хүмүүнлэг үйлсэд зориулдаг. Дүр төрх нь ч ялдам зөөлөн, японжсон монгол бүсгүй. Японд алдар хүндээ олсных япон эртэй дэр нэгтгэсэн О.Солонго гадаад нөхөр сонгосон гэдгээрээ л Солонгоонуудтайгаа ижилсэх юм уу даа.
Халуухан Ж.Солонго
“Харийн залуу” гэх дуугаараа олны танил болсон дуучин Ж.Солонго анх гэдсээ хөдөлгөн бэлхүүсээрээ эргэлдэн бүжиж дуулсаар богино хугацаанд олонд танигдаж байв. Өдгөө мөн адил айл гэрийн журамт гэргийн үүргийг яг таг, яс тас биелүүлж яваа Ж.Солонго алдарт эх болох тун дөхөөд буй.
Алдрын оргилд хүрч амжилгүй айл гэрийн эзэгтэй болсон тэрээр бөх залуутай сууж ихэр хүүхэдтэй болсноор сураг алдардсан. Одоо гурван хүүхдийн намба суусан ээжийн дүрээр нам гүм амьдарч байгаа тэрээр бас ч гэж ганц цомогтой. Гэр бүл зохиож ээж болохоосоо өмнө дуучин залуутай үерхэж, айл гэр үймүүлж, хүний нөхөр булаасан “хэрэг”-т хүртэл холбогдоод авсан намтар ч бий.
“Зодуулдаг” Д.Солонго
Овгийн эхний үсэг нь ижилхэн Солонгоонууд олон. Тэдний нэг мисс Д.Солонго. “Эра” төвийн ганц сарнай гэгдэж явсан Д.Солонго Дамбын Хишгээгийн хүүд зодуулж нэг хэсэг шуугиан тарьж байв. Реклам, зар сурталчилгаанд тоглож, тайзнаа тэр бүр гардаггүй Д.Солонго фото моделиор багагүй хугацаанд ажиллаж ирсэн.
Харин хүнд зодуулж хэвлэл мэдээллийн баатар болсноосоо хойш хэсэг хугацаанд чимээ аниргүй байж байгаад гэнэт нэгэн үл таних залуутай хөтлөлцөн гарч ирсэн юм. Өмнөх дүр төрхөөсөө төрөл арилжсан Д.Солонго загварын салбараа төлөөлж Солонгоонуудтай ийн нэгдлээ.
Л.Солонго
Ардын жүжигчин А.Долгорын шавь нэрээрээ олонд танигдсан дуучин Л.Солонго мөн л бусдынхаа жишгээр уран бүтээлийнхээ эцэст хүрэхгүй хувийн амьдралдаа хөл тавьж сураг алдраад буй. “Тачаангуй” Л.Солонго гэж нэрийдэх болсон шалтгаан нь гаргасан ганц цомог нь хүсэл тачаалдаа багтаж ядсан ялдам бүсгүйн стиль имижийг бүрдүүлж, дуулсан дууных нь үг, ая, үйлдэл нь ийм тодотголтой болгосон хэрэг.
Уран бүтээлийнх нь дийлэнх хувийг нь түүний нөхөр яруу найрагч М.Хүрэлсүх гэргийдээ зориулж бичсэн дуунууд эзэлдэг. Үе мултарсан амрагуудыг харин хаа очиж манай уншигчид андахгүй биз ээ. Өмнө нь гэр бүлтэй байсан экс дэд сайд М.Хүрэлсүх “Шөнийн зах”-ын босс, шаггүй бизнесмэн, улс төрч эр. Харин “тачаангуй” Л.Солонго нөхрийнхөө найдвартай ар тал болохыг эрхэмлэсэн үү, уран бүтээлээ бүр орхихоор шийдсэн гэмээр сураг алдарсан. Баян хүний гэргий болсон болохоор арга ч үгүй байж мэдэх. Ямартай ч гэнэт гялбах од аятай гарч ирсэн бүсгүй нэр нэгт Солонгоонуудтайгаа өөрөөсөө насаар ах, бийлэгжүү эрийн гэргий болсноороо ижилсэх юм уу даа.

Эх сурвалж:"Гранд сэтгүүл" 76
Сэтгэгдэл (7)