Улс төрийн АЛИА САЛБАДАЙНУУД

Исгэрч л байг салхи юм чинь

Ингэж л байг улс төр юм чинь

Мэдэхгүй юм энд ганцаар уймраад яах вэ

Миний нулимсыг салхи л арчина даа ...

Ард түмэн минь намайг бүү орхиоч

Ард түмэн минь намайг сонгооч ... Цусаа буцалгаж хэлье, ясаа үйрүүлэн байж хэлье сонгуулийн жил эхэллээ. Хорхойтой шүднийхээ завсраар сийгүүлнэ гэдэг шиг хорвоод хэтэрхий өндөрт мандсан туг шиг өнөөх эрхмүүд чинь ард түмэн бидний өмнө бөхөлзөх цаг хи хи. За тэд ч яах вэ, муу ч сайн ч төрийн албанд зүтгэж номыг нь үзэж ногоотой шөлийг нь оочсон. Харин тэдний хажуугаар улс төрийн алиа салбадайнууд төрөн гарч буйг бид сонгуулийн өмнө хөндөн бичсээр хоёр дахь цувралаа хүргэх гэж байна. Солонгос сериал үзэгч ихтэй байх тусам олон анги нэмэгдэн бичигддэг шиг улс төр бас бүл нэмсээр. Ингээд та бүхэнд 2016 оны ордны алиалагчдийг танилцуулж байна. Маш марзан шогийн мэдрэмжтэй хүмүүс шүү дээ, эд чинь. Хошин шогчид үнэхээр ажилгүй болох нь, хоолоо булаалгах нь цаана чинь.

Би УИХ-д суувал бусад 75 хүнээ нэг ч удаа амраахгүй ажиллуулна

Чөлөөт Ахмадын холбооны тэргүүн Г.Баасан “авгай” одоо бол ч хатагтай тодотголт тун дөхөөд буй. Ерөнхий сайдын зөвлөх болж ордон дотор орж сууснаар гадуур цагдаа заамдах ,өндөг шидэх мэтээр тавтиргүйтэхээ больсон. Цаашилбал топ Э.Одгэрэлтэй нас чацуугийнх эмэгтэйлэг дүр төрхөө тодотгон юун авгай гэхээр харагдах болсон. Товчхондоо тэр төрөл арилжсан. Төрийн буян, түмний хишиг. Ахмадуудаа дээдэлж тэдэнд хайрлагдсан “охин” ямар амны хишигтэй явдгийг харсан хүмүүс ингээд ч болов амьдралаа өөрчлөх минь яав гэж үсээ зулгаасан ч нэгэнт оройтсон байв аа, хөөрхий.

Тэрбээр одоо хүртэл аль нэг намд хадаг яндар барьсангүй. Нээрээ ч өөрийнх нь хэлдгээр “настай” хүнд нам хэрэггүй байж болно. Тэрбээр “Би 2016 онд Баянзүрх дүүргээс бие дааж нэр дэвшинэ. Дэвшихээс ч өөр арга алга. Би нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 100 мянган хүнтэй чөлөөтэй уулздаг. Тэдний сайн сайхан болохгүй байгаа, шинэ санаачлага, сэтгэл санааны байдал зэрэг бүх зүйл миний чихээр орж бодит ажлын маань үндэс болдог. Тийм ч учраас би УИХ-д сууж, хууль тогтоогч болох ёстой гэж үзэж байгаа. Би УИХ-д суух юм бол бусад 75 хүнээ нэг ч удаа амраахгүй ажиллуулмаар байна” гэж ярьсан. Хэт “гудамжны” имижээ хол гээхээр МУИС-д Хууль зүйн ухаанаар магистр хамгаалсан тэрбээр үнэхээр гэгээрсэн “дарь эх” болсон эсэхт олон нийт итгэж цөхөн буй. Экс ерөнхийлөгч Н.Энхбаяртай үзэлцсээр од болсон ч улс төрд ч бас дэг жаяг буй тул түүнийг “хөөрхөн мөрөөдөмтгий салбадай” хэмээн олон нийт өхөөрдөж буй. Гэсэн ч танд амжилт, үзээд алд.

З.Бат-Отгоны өгзөгний  философи

Юмханаар юм хийж чаддаг байх нь магад хүний мэдрэмжийн илрэл ч биз. Энэ хүний нэг л философи ард түмний тархинд гүн суусан. Тэр нь “Суу ухаанаар бөгс гэдэг чинь Бохир-Өтгөнийг-Гадагшлуулах-Сүв гэсэн үг ш дээ” гэсэн афоризм. Түүнээс нөгөө яриад л байдаг хаан ухаан, хатан ухаан, суу ухаан нь олонд нэг л тархаж тархинд нь сууж өгөхгүй байгаа. Амьдралын нугачаа ээдрээгээр ганц бие, өрх толгойлсон ээж болсон түүнийг “Өөрөө өрх гэрээ төвхнүүлээгүй байж юун

Хатан ухаансаг ...” гэлцэх нь бий. Тэгээд ч зогсохгүй энэ хүн улс төрд үзэх санаархлаа 16 онд дахин баталгаажуулж буй. Хүн өөртөө л итгээд жанжин шугамаа баривал хэр хол явахыг харуулах гээд ч байгаа юм шиг. Ямартай ч түүний сургаальд нэг хэсэг олны танил хүмүүсээс автах нь байсан ч тэгсгээд нам гүм болцгоосон. Гишүүнийх нь татварыг дийлээгүйнх үү, гэртээ жинхнээсээ хатан болсон нь дээр гэж үзсэн үү бүү мэд. Ямартай ч яаж ч харсан улс төрч имиж, өгөгдөл түүнд байхгүй. Өөртөө итгэлтэй чанараасаа харин зарим нэг хүнд зээлдүүлж бага зэрэг өгөгдөлтэй нөхдөд нэр дэвшигчдэд зориулсан бичил сургалт явуулбал яадаг юм бол доо.

Ард түмэн энэ хүнд итгэл хүлээлгэж төрд илгээсэн үү, илгээсэн. Гэвч тэр огцом дүрэлзэж байснаа гэнэтхэн замхарсан. Харин одоо “Ард түмнээ хайрлая” нам байгуулан дахин сонгуульд үзэхээр зэхэж байна. Улс төрд угтаа холын зайн гүйгч хэрэгтэй юу ойрын зайн гүйгч хэрэгтэй юу. Салхин сэнс шиг дэгэж дэрвэсэн хамаг хүчээ нэг дор гаргаад удаа ч үгүй бахардаж унах мэт сэтгэгдэл энэ хүний алхам бүрээс харагддаг. Түүнд мөнгө, эрдэм боловсрол, аятайхан харагдах гэр бүл, хурц ам хэл бүгд бий. Гэхдээ яагаад ч юм дутуу оргино. Суурь өгөгдөл нь улс төрч байхад дэндүү “сул” юм уу даа. Саяхнаас түүний афоризм моодонд орж буй. “Чацга царайлаад байж бай” гэж. Ямарваа нэг зүйлийг чадахгүй бол тэгэх юм байх аа. Ёстой жинхэнэ өөрт нь энэ үгийг эргүүлж хэлмээр. Нэгэнт алдсан итгэл эргэж сэргэх юу л бол. Амь тэмцэн улс төр хэмээх “онгоц”-ноос унасан ч тэр эргэн зүүгдэж сарвалзаж байна. Ард түмний сэтгэлийн түлхүүрийг олж чацга царайлахгүй цааш явж чадах эсэх дээр хүмүүс талцаж буй. Чадвал тэр дахин төрөх шиг шинэ Гүндалай болох юм уу нөгөө л янзаараа байх юм болов уу. Ямартай ч тэр улс төрийн талбарт зарим хүнтэй Том Жерри байж хэр хэрүүлч, хурц хэл амтайгаа харуулсан нь үнэн. Гэхдээ одоо тэр дүр төрхөөс ард иргэд уйдсан. Төрд хэрэлддэг биш хийдэг хүн хэрэгтэй. Сониноос, энэ удаад тэрбээр Орхон аймгаас нэр дэвших юм гэсэн. Бас л өндөр босготой газар очиж байна даа.

Цаад ньюансаараа хийх хэрэгтэй!

Тэр бол зүгээр л дэлгэцийн дүр. Сэтгэл хөдлөлгүй, хувь характергүй найруулагч Б.Баатарын ур ухаанаар амилсан хүүхэлдэй. Эр хүн бүрд төсөөллийн бүсгүй байдаг даа. Ийм л байвал аятайхан гэж бодсон бүхнээ залуу найруулагч Б.Баатар энэ бүсгүйн биеэр дамжуулж эфирт гаргасан хэрэг. Харамсалтай нь тэр хүүхэлдэй биш хүн учраас эцсээ хүртэл бүтээгчийнхээ дохио зангаан дор байсангүй. Өөрийнхөөрөө тодрох гэж вант улсаа байгуулах гэж хичээж байгаад төрөлх мөн чанар нь олон нийтэд дэлгэгдэн далд сонирхол нь ил болов.

Р.Буд гишүүний охин, хойт аав дээрээ өссөн, тав алхаад л таарах тоо томшгүй олон эрүүл зөв хооллолтын клубын нэгнийх нь багш жирийн нэг бүсгүй нэг мэдэхэд хэтэрхий хол явсаныг ард түмэн сая л анзаарав. Уг нь сонгууль болтол үнэн дүр төрхөө чадмаг нуусан хэвээр байсан бол бас юмыг яаж мэдэх вэ санал хуваалцах ч байсан юм билүү. Үнэхээр ч өөрийнх нь хэлсэнчлэн тэр шууд хэлээгүй ч цаад ньюансаараа өөрийгөө товойлгож чадсан байсан. Гэр бүлийн статус нь тодорхой бус болж, олон нийтийн дунд нэр хүнд нь савлан анх түүнийг “бүтээсэн” Б.Баатар найруулагчтай түнжин тааруу болсон гээд 16 он П.Анужингийн хувьд тун ёозгүй эхэлж байна. Зүгээр л “хүүхдээрээ” эрүүл хоолоо яриад илүүдэл жинтэй тулаад явж байсан бол дээр байсан юм биш үү гэж хүмүүс жиг жуг хийх болж. Ньюанс байгаад ч өгөгдөл, хувь тавилан байхгүй бол тэгтлээ хол “гүйх” юу л бол.

Хогийн цэг ба тайз

Түүнийг олон хүмүүс дуугаа л дуулаад явж байвал, сайхан хоолойтой залуу гэж үздэг. Харин улс төрчийн “малгай” өмсүүлж цөхдөггүй. Гэсэн ч тэр олон нийтийн хандлагыг үл огоорон сонгуульд анхаарал тавьдаг хэвээр. 2012 онд тэрбээр нэр дэвшинэ гэж сүр дуулиантай зарласан ч хүссэн шиг нь нар мандуулсан үр дүн гараагүй. Дуучин хархүү хандлагаа өөрчилж шинэ жил цагаан сар хийхгүй байхыг уриалж хогийн цэг дээр очин сүү тарааж хэрдээ л “мачийсаар” 16 онтой золголоо. Гэсэн ч дуучин бол дуучин улс төрч бол улс төрч. Яасан ч улс төрч шиг харагдахгүй байгаа юм.

Магадгүй тэр анхнаасаа намын хүн байсан бол гээд бодохоор олон танигдсан дуучин болсны дараа улс төрд орох нь арай дөхөм юм шиг. Ямартай ч ард түмэн түүний өмнөөс толгойгоо гашилган хичээл зүтгэлийг нь үнэлж сэтгэл зүрхэндээ ойр хүлээж авч байгаа боловч энэ жил нар мандах эсэхийг таашгүй. Ингэж байхаар уран бүтээлээ л хийвэл яасан юм бэ дээ, Жавхаа минь гэж хавь ойрынхон нь хэлж л байгаа байх. Хогийн цэг, тайз, Төрийн ордон гурав хоорондоо дэндүү эрс тэс уялдаагүй зүйлс юм л даа.

Зуух тэвэрсэн дур хүсэл

Ах нь улс төрч бол дүү нь улс төрч байх ёстой гэсэн логик байхгүй. Д.Сумьяабазар гишүүний дүү Асашёорюү биш Д.Сэржбүдээ нь нэр дэвшихээр зэхэж байна гэнэ шүү. Тэр хэн билээ? Сайн аавын хүү сайн ах нарын дүү, бас ч үгүй ноцолдолгоотой эр. Саяхан тэр МАН-ын нэрийн өмнөөс иргэдэд зуух тараасан. Бидон, нүүрс, аяга, нэгж гэхчлэн хайр зарласан сонгуулийн бэлэгнүүд ээлжлэн иргэдэд хүрч буй өдрүүдэд магад түүнийх арай даацтай нь байсан байж мэднэ. Тэрбээр зуух тараахдаа нийгмийн тэгтлээ “эмзэг” давхарга галладаг иргэд олонтой бүсийг олох гэж хичээсэнгүй.

Шууд зуухаа тэврээд л Сүхбаатар дүүрэг рүү алхсан нь тэндээс нэр дэвших гэж буйтай нь холбоотой байсан гэсэн шүү. Ямартай ч дур эзнээ голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй гэдэгчлэн Д.Сэржбүдээ “салбадай”-н багт нэг гишүүнээр орж ирлээ. Монголын төр бөхөөр, ард иргэд зуухаар дутаад байгаа эсэхийг ёстой чөтгөр бүү мэд. Ядаж л түүнд улс төрч хүнд байх ёстой характер, бариад авах тэр гэх өнцөг бий билүү гэж хүмүүс бие биенээсээ асууж “мэдэхгүй” хэмээн дал мөрөө хавчиж сууна. Улс төрчийг зөвхөн том бие, эр бяраар цэгнэдэггүй билээ.

Тунирхуу хархүүг татаад авна уу, эсвэл ...

Аальгүй хатантан хатагтай шиг тахимаа өгөн гүйсээр Үндэсний бөхийн дэвжээг “дамшиглаж” характераа гайхуулсан хүн бол А.Сүхбат. Тэгсэн ч бөх болсных аварга цолонд нь хүрсэн, нэр төр олсных өөрийн амьдралаа товхийлгэсэн түүнд буцаж алхах шаардлага байхгүй биз. Харин улс төр сонгууль ихэд сонирхлыг нь татаж буй хэрэг. АН-аас нэр дэвших байр сууриа аль 2014 онд илэрхийлсэн тэрбээр давхраа хийлгэн тормолзож хувийн бэлтгэлээ базааж буй.

Гимнастикчин гэргий нь ч бас өнгө зүс засан ирээдүйн түшээгийн эхнэр мэтээр биеэ авч яваа маягтай. Мэдээж төрд зүтгэж буй хүмүүс дотор түүн шиг авгай хүүхний арвин намтартай нь нэг бус. Бөхийн дэвжээнээ тэгж аягладаг хүн тунирхахаараа байсгээд танхим орхиж хаалга саван гүйгээд байвал балрав аа. Аль ч талаас нь харсан нэг нүдээ дарж, хоёуланг нь нээж харсан ч А.Сүхбат улс төрч хүн яавч биш. Тэр танхимд бөх ярих уу, буга ярих уу ёстой яамаар ч юм. Эсвэл таг дуугүй гөлийсөөр хонины ээлж өнгөрөөж цаг бүртгүүлэн онц гишүүнээр шалгарах юм уу. Насаараа морь малтай ноцолдож хээр бэлтгэл хийж байсан хүн гэнэт “гоонж” өмсөн гоц улс төрч болно гэхэд нэг л барилгүй. Зөвхөн улс төр хийдэг нь ч учраа олохгүй энэ салбараас арчигдаж байхад А.Сүхбат бүү мэд гэж олон нийт жиг жуг хийж байна.

Эх суралж:Гранд сэтгүүл№74

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (7)

  • Зочин
    содон хороолол байр авбал ямар байдаг болдоо
    2016 оны 05 сарын 02 | Хариулах
  • zochin
    Javhlang demjij bnoo garchih bhoo ugaasaa busad ni ch de hetsuuhen l amitad yum gehdee nara geed shaldan huuhnees bol v Hamaagui deer humuus sanagdav
    2016 оны 04 сарын 30 | Хариулах
  • зочин
    яанаа энэ Долгорсүрэнгийн хүүхдүүд ичээсэй Сумьяабазар одоо Сонгинохайрханаас л лав гарахгүй тэнэгүүдээр дүүрэх юмаа,Жавхлан байж болно ядаж л ориг дипломтой
    2016 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин
    Жавхлангаас өөр авчих харчихаар пизда нэг ч алга,Жавхлан минь л гарна дөө баараггүй
    2016 оны 04 сарын 27 | Хариулах
  • иргэн
    Нотойбаярыг бичээгүй бна Баасан авгай яахав болж бнаа
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • unen
    Жавхлангаас бусад нь хэрэг алга, хэрэгцээгүй хүмүүс байна. Жавхлан бол байж болно, Залуу хүн дороо сайжирна, зарим хүмүүс их хурлын сандлыг их л зөөлөн гэдгийг мэдчээд ичгүүргүй ихээр шунах юмаа. жишээ эь, сэржбүдээ гэдэг танихгүй л юм байна. юу бодож шунана вэ, за яахаь мөнгө нь багтаж шингэхгүй байгаа биз. зуухаа тэврээд зүтгээд байж дээ, шударга бусаар олсон хэдэн төгрөгөө зараад бай үрээд бай ккккк
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин
    burhan mini gej
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025