Айх хэрэгцээгээ хангахыг хүсвэл..?

 Хүн бүрт өөр өөрийн хүсэл шунал бий. Тэрэндээ яг хүрчихвэл яах билээ? Та маш их алт олбол яах вэ? “Ядуугийн зовлон-2” энэ асуултыг бидний өмнө гаргаж тавив. “Хэрвээ би оронд нь байсан бол ...” гэсэн бодол төрж байвал тэр сонгодог бүтээл гэдэг. Тэр хэрээрээ амьдрал, бодит ахуйд ойр байна гэсэн үг. Дэлхийн кино урлагт Азиуд аймшгийн киноны төрөлд дээгүүр бичигддэг чадварлаг гэдгээрээ алдартай. Харин Монголын хувьд хамгийн бест нь “Ядуугийн зовлон” буюу үзэгчдийг хамгийн ихээр айлгасан кино гэж үздэг.

Тус киноны 2-р ангийг “Хас фильм, “Насу фильм” хамтран бүтээж үзэгчдийн хүртээл болгоод байна. Тодруулбал, хамгийн сүүлд “Аюултай харилцаа”-аар кино ертөнцөд шуугиан тарьсан найруулагч Ц.Хүсэлбаатар, хошин урлагаас кино урлагийн продюсингээр орон зайгаа дархлаад буй Хүрлээ хоёрын хамтын бүтээл гэсэн үг. 
Энэ өнцгөөрөө кино үзэгчдийн анхаарлыг бас татаад буй. Үргэлж инээдмийн дүр бүтээдэг Хүрлээ аймшгийн киноны гол дүрд хэрхэн хувирсан, мөн л хошин урлагт насаараа хүчин зүтгэсэн, сүүлд “Аюултай харилцаа”-гаар кино урлагт тэсрэлт хийсэн

Хүслээ найруулагчийн өнцөг, 2000 онд гарч, бүх цаг үеийн үзэгчдийг хамгийн ихээр айлгасанкиногоор нэрлэгддэг “Ядуугийн зовлон”, киноны гол баатруудын хувь заяа цаашид хэрхэн өрнөж, ямраар төгсдөг гээд олон асуултыг энэ кино дагуулж буй. Киноны гол дүрийг жүжигчин Хүрлээгээс гадна Алдармаа, Цэрэнболд, бяцхан жүжигчин Буянцог нар бүтээсэн байна. ... Хөөрхий Хүдэр Сэтгэцийн эмнэлэгт энэ олон жилийн турш хэвтжээ. Мэдээж сүнстэй биечлэн таарсан хойно яаж эрүүл саруул ухаанаар хорвоог туулах билээ.

Уг ухаан нь бусад өвчтнийг бодоход саруул авч гэнэ гэнэ хий юм үзэх дав дувхийм. Энэ талаараа бусдад яривал хэн ч үл итгэнэ. Тэгээд оргов оо. Азаар машин таарсан нь үзэгчдийн танил Ц.Цэрэнболд жолоодож явав. Цоохор хэмээх энэ гүдэсхэн хар хүн манай хүнд чадлаараа туслаж такситай болгож өгөв. Амьд хүн аргатай гэгчээр ингээд л амьдарчих юм байна гэж сэтгэл уужирна. Нэгэн бяцхан хүүтэй санамсаргүй танилцсанаар үйл явдал өөрөөр үргэлжлэв. Хүү өвчтэй ээжтэйгээ хоёулахнаа, өөрөө бохь зарах атал гэр нь тансаг хаус.

Хүдэр ээжийг нь хараад хиртхийн цочсон нь гэргийтэй нь адилхан болж харагдсан учраас тэр. Ээдрээ ч мөдхөн тайлагдсан. Хүдэрийн гэргий тоймгүй их баялагтай үлдэж тансаг сууцанд амьдарч байсан ч бусдын гарт амиа алдсанаар бүсгүй гэрт нь эзэн суужээ. Залуу бүсгүйн дүрийг жүжигчин Ц.Алдармаа бүтээсэн байна. Ер нь хэн нэгэн танд туслаад тулгарсан асуудлыг чинь бурхан мэт шийдэж өгөөд байвал битгий итгээрэй. Хэн ч хүнийг ямар нэг шалтгаангүй хайрладаггүй агаад өөрт нь хэрэгтэй ямар нэгэн зүйл танд байгаа учраас тэр. Мөрөөрөө амьдрах чин хүсэлтэй Хүдэр тийм нэгний урхинд орж ороогдон өнөөх алттай дахин зууралдах болно. Үе дамжин ирсэн тэрхүү асар их алтанд шунасан хүн олон боловч хэн ч өөрийн болгож чадаагүй нь нэгийг өгүүлээд л байгаа юм. Алтнаас үнэтэй амь, аминаас үнэтэй алт. Тийм л өндөр төлөөстэй эд. Алтаа дагаж үхэгсдийн сүнс тухайн баялаг очсон хүнийг ээрнэ. Гэвч сүнс, үхэгсэд ямар нэг зүйл өгүүлэх гэж болгоомжлуулах гэж дагаад байгаа болохоос шууд хорлох гэсэн хэрэг биш. Эцсийн эцэст амьд хүмүүс нь баялгаа булаалдан бие биенээ хядаад дуусаж байгаа юм. Чухамхүү үхсэн хүнээс биш амьд хүнээс айж яв гэдэг үгний утга энэ юм уу гэсэн бодол төрөв. Хүнд идэж ууж, унтаж хэвтэхээс гадна хайрлах, хайрлуулах, баярлаж инээх, уурлаж бухимдах, уйлах бүр айх зэрэг сэтгэлзүйн хэрэгцээ ч байдаг бөгөөд сэтгэлзүйн бүх хэрэгцээгээ хангаснаар элдэв өвчин эмгэг ялангуяа хавдар тусахгүй амьдрах боломжтой гэж сэтгэлзүйчид үздэг. Та бүхэн айх хэрэгцээгээ “Ядуугийн зовлон”-гоор хангаж, өөр мэдрэмж авахыг хүсвэл кино театруудыг зориорой.

 
У.Цахирмаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025