Онигор нүд ашигтай гэдэг шиг үгүй энэ бүлтгэр нүд мөн ашигтай эд шүү. Цаанаа гэнэн хонгор, гэм зэмгүй айж мэгдсэн түгшсэн байдлыг ядах юмгүй илэрхийлнэ. Хөөрхий, Б.Чойжилсүрэн ойрын хэдэн өдөр ёстой нүдээ аяганаас нь гарах шахтал бүлтэгнэж байна. Цахим ертөнцөөр нэг шуугиж буй Сүмбээ агсны хэрэг явж явж шижим нь түүнийг ороов бололтой.
Ирвэс гэж хотынхон зүүдэндээ ч бүүр түүр төсөөлөөгүй амьтныг хамгаалж явсан Т.Лхагвасүмбэрэл хэмээх залуу амиа алдсан нь халдлагад өртсөн байж болзошгүй гэсэн хардлагыг нийгэмд дайж буй. Ямартай ч дуу нэгтэй залууг өмгөөлж сэтгэл уярам пост нийтлэн дэргэд нь байсан юм шиг үхлийн шалтгаан цаашлаад гэмт этгээдийг сошиал ертөнцийнхөн олчих шиг. Цагдаа нарыг энэ янзаараа ажилгүй болгох нь л дээ. Ер нь 4 жил суран суран энэ мэргэжлийг эзэмшсэнээс цахим ертөнцөд од болмоор ч юм уу гэсэн бодол зарим цагдаад төрсөн байх. Ямартай ч Б.Чойжилсүрэнгийн нэр дурдагдан компани нь хүн амины хэргийн сэжигтэн болсон даруйд тэрбээр хариу тайлбар хийсэн. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг “Саус гоби коэл транс” компанийн хувьцааны 50 хувийг тэрбээр эзэмшдэг. Түүний компанийнхан талийгаач болон орон нутгийн төрийн байгууллагуудтай ямар нэг зөрчилд орсон зүйл байхгүй гэдгээ мэдэгдсэн ба цагдаагийн байгууллагаар шалгуулна гэв. Зөрсөн хүмүүс түүнийг энэ ер нь ямар нөхөр вэ гэсэн янзтай харах болж. Тэгтлээ хэл амаа билүүдэж чуулган дээр цоролзоод байхгүй тэрбээр барилга сүндэрлүүлдэг шигээ улс төрийн орон зайгаа сүндэрлүүлж амжихгүй л байгаа. Хүн нь дуугүй болохоор номхон тэмээ ноолоход амар гээд бариад авсан байж мэдэх юм шүү. Эцсийн цэгийг цагдаа, холбогдох байгууллага хатгах хүртэл бүлтэгнэх нь дээ, Чойжоо!
Эх сурвалж:www.grandnews.mn
Сэтгэгдэл (2)