Ядуу хүн гэж юу ч үгүй хүнийг хэлдэггүй. Харин юунд ч, байгаадаа ч сэтгэл үл ханадаг хүнийг хэлдэг гэдэг. “Ядуугийн зовлон” кинон дээр ч байгаа тэгш сайхан амьдралдаа ханалгүй бусдын юманд шунаснаар эцэстээ гунигт байдалд хүрч буйг харуулдаг билээ. Одоо хэр нь хамгийн төгс аймшгийн кино гэгддэг энэхүү бүтээлийн хоёрдугаар анги энэ сарын 22-нд буюу Баасан гаригт үзэгчдийн хүртээл болох нь. Хүдэр эргэж ирээд хэрхэн бужигнуулж олон жилийн өмнөх ээдрээг хэрхэн тайлах нь үзэгчдийн сонирхлыг гарцаагүй татаж буй.

Түүнээс хойш олон аймшгийн кино хийгдсэн ч “Ядуугийн зовлон”-г давах хэмжээний жихүүдэс, айдас, үнэмшилтэй байж чадаагүй. Тус киноны найруулагчаар Ц.Хүсэлбаатар ажиллаж Д.Хүрэлхүү продюссерлэж буй аж. Эрхэм найруулагчийн хувьд 1998 оноос дэлгэцийн бүтээлүүд хийсээр ирсэн. “Бүтэлгүй новш”, “Ядуугийн зовлон”, “Зугтаарай”, “Сүүлчийн бүжиг”, “Сая долларын олз”, “Дурлалын сум”, “Аюултай харилцаа” кинонууд бүгд өөр өөрийн өнгө аясаар үзэгчдэд хүрсэн.

Харин шинэ ангийн өөр нэг дуулиан нь урлагаас удтал хөндийрөөд байсан “Шинэ үе” продакшны жүжигчин асан Ц.Алдармаа тус кинонд тоглосон явдал. Мөн орчин цагийн Дагийранз гэгдэж буй Ц.Цэрэнболд тогложээ. Д.Хүрэлхүүг тухайн үед тодотгож байсан Хүдэр энэ удаад ямар байх бол гэж аймшгийн кино сонирхогчид тэсэн ядан хүлээж байна. Урдчилсан үзлэгээр өндөр үнэлгээ авсан тус кино энэ хаврын нэг үзэгдэл байх нь ээ. Чадварлаг уран бүтээлчид нэг баг болсон тул аймшгийн киноны түүхэнд нэгэн шинэ үзэгдэл болох байх гэсэн өндөр хүлээлт тус уран бүтээлийг дагаж байна.

Эх сурвалж:www.grandnews.mn
Сэтгэгдэл (8)