Монголын урлагийн хамгийн өнөр бүл, хамгийн бэлтэй хүмүүс нэг дор төвлөрсөн нь гэвэл гарцаагүй хошин шогчдын “арми”. Хэн хөдөлмөрлөж байна түүнийг бурхан илүүтэй шагнадаг гэсэн хийсвэрлэл хэрхэн амьдралд биелэхийг тэд харуулсан. Бодит утгаараа хамгийн олон тоглолт тавьж үзэгчдийн сонирхлыг цаг ямагт татаж чадсан нь их орлого олох нь зүйн хэрэг. Тэд жилийн 4 цагийн эргэлтэнд завгүй байх авч Шинэ жил, Цагаан сарын баяраар нэгдэн нийлж цэнгэх нь басхүү эв найртай байдлыг нь илэрхийлдэг. Муу нүүрт хэмээх Гал бичин жилийн хошин шогчдын Сар шинийн баярын сонирхолтой фото сурвалжлагыг та бүхэнд хүргэж байна.
Охид &Хөвгүүд
Яг л монтажны зураг шиг гарсан байгаа биз? Охид хөвгүүдээрээ хуваагдаж суун зургаа авахуулаад л. Хамгийн дэгжин бүсгүй нь жүжигчин С.Өлзийхүү байсан бол дэгжин хархүү нь Д.Сосорбарам байв. Ер нь үндэсний хувцас өмсөхөд биеийн арал чац, өгөгдөл их чухал юм. Дээл зохихгүй хүн байдаггүй гэдэг ч олны олон дунд үнэхээр онцгой нь цойлоод л гараад ирнэ.
Цуутай явсан нэг үеийн охид. Насны нар хэвийх тусам өнгөжин жавхаажиж сэтгэл булаам харагдаж байх чинь. Ахмадын жагсаалтанд орсон ч ахуй сэтгэлгээ нь залуугаараа янзтай хөнгөн шингэн дэвэлзэх аж.
За, энэ ширээнд чинь сонин хүмүүс сууж байх чинь. Хошин урлагийн ертөнцөөс гараагаа эхлэн өндөрт мандсан «туг» Д.Сосорбарам энэ удаад төрхөмдөө ирж. Хажууд нь унаган багын анд Б.Батзаяа сууж. Гэм нь Со давж хараад л харц дээгүүр ихэмсэг ч гэж жигтэйхэн байдалтай дуранд өртөж. Мэдээж 100 татсаны дараа ч юм уу бие барьсан хүлээс нь тайлагдаа байлгүй. Наахна нь Д.Жагдаг, Б.Туяа хоёр охидын яриа дэлгэн дотно сууна. Тогдгор Д.Галсантогтох ч яахав хэзээний баггүй олонтойгоо хүн тул “комплекс” барьсангүй бололтой. Гавьяатууд “занхайсан” хүндтэй ширээний дэргэд залуус дугаарлан зургаа даруулахаар яарч байв.
Зулын гол гэдэг шиг зурагны “гол” гэж олон хүн цугласан газар байна байна. Со ахай буй төрхөөрөө Чингис хааныг олон жил санагдуулж буй тул Өвлийн өвгөн шиг “багачуул”-аар хүрээлүүлэв. Зураг авахуулж сурах ч бас авьяас.
Ганцаараа юмны эзэн шиг төгс төгөлдөр ялдам харагдаж байгаа биз? Ахмадууд зураг хэрхэн авахуулахаа түүнээс сурахад гэмгүй. Цагаан сараар тэгээд л өч төчнөөн залуусын фэйсбүүк дээр хамт авахуулсан зураг тань тавигдана шүү дээ./
Бяраа үзэж, тараа таних уу?
Яг харагдах байдлаараа бол уулыг булгалж ус цалгилуулам хүчтэй харагдаж байна шүү, тэд. Цагаан гараа булгалчих вий гэж охид нь санаа зовнисон ч цагаан сарын нэг ёсыг гүйцээсэн нь энэ. “Эмгэн” Бооёо, алаг нүдэн Аглуу, овсгоотой Н.Онон эр зоригоо илэрхийлэгчдийг тэргүүлсэн ч барсангүй дээ барсангүй.
Үлэмжхэн хосууд
“Аргагүй нэг гэрт дуулж байхаар хоёр ... “ гэж “Энэ хүүхнүүд үү” кинон дээр иш татдаг шиг хошин урлагийн хамгийн нуруулаг залуу бүсгүй хоёрын ховорхон агшин. Эгч дүү гээд хэлсэн ч эндүүрмээр, ижил суурь өнгөтэй дээл өмссөн болохоор зохицол ч гэж байна аа байна.
Лимбэ барьж харагдахаас хутга барьж үзэгдээгүй Т.Галсантогтох ууц таллах үүрэг хүлээж. Няхуур үзэж байна даа. Лимбэ биш өөр юм барьсныг нь харахаар бас л эвгүй золиг байх чинь вэ. /7006/
Шинэ бэрийн шинжээ
“МАСК”-ийн Гэрэлээ саяхнаас зохиолч Д.Төрмөнхийн хүүтэй хэлхсэн романсаа дэлгэн утга уянгын өдрүүдийг цахим орчинд хуваалцах болсон. Ганц бие явсаар шинэ бэрийн шинжээнд өртдөг асан түүнийг “Найз залуутай болоод намба суугаа юу даа” гэж салбарын нөхөд нь шивэр авир хийх. Нээрээ харц нь тогтож бор дарс ч хүртэхгүй бодолхийлэн байна уу даа. Уух уу болих уу гэсэн янзтай тэр харж байгааг нь ээ.
Би жирэмсэн!
Залуу жүжигчин Ариука ийн зарлан тунхаглаж байгаа аятай алхаж явна. Урлагийнхнаас хошин шогчид тогтвортой амьдралтай салж сарних нь бага, өнөр бүлтэй байдаг нь бас нэг онцлог. Отгон ээж энэ өдөр онцгой содон тусаж байв.
Өвдгөө хайрлаагүй мөч
Монгол эрчүүд тэгтлээ өвдөг сөгдөж нуруу бөхийдөггүй ноён суудалтай хүмүүс. Сүүлийн үеийн кино, клипэн дээр л эндүүрээд байгаа болохоос.
Харин тэд юуны учир сөгдөв гэвэл шагай харвах, дэмбээдэх, хуруу гаргаж хуалах уламжлалт зан үйл хийх мөч. Яагаад ч юм өвдөг бохирохоор харц нь хүртэл зөөлрөх шигээ. Үзэгчид тойрч зогсон их л хөгжүүн дэмжих нь тэднийг бүр сандаргаж орхив бололтой.
Эх сурвалж:"Гранд сэтгүүл":№75
Сэтгэгдэл (1)