Сартай шөнийн хар дарсан зүүд:

Баривчилгааны болон бусад “явдал”-ууд

Сониноос, дургүй хүргэсэн хүнээ “улстөрч бол” гэж хэлмээр хувьсгалын тохироо маягийн зүйл нийгэмд бүрдэж. Мандаад мандаад хаа холдох вэ дээ, хөөрхийс. НИТХ-ын, УИХ-ын гишүүн, сайд гэж явж байгаад уулзах “А” цэг нь хэцүү нэртэд юм шиг байгаа юм. Ядахад хүний физиологоор сэрлийн цэг нь аятай сонгуулийн өмнөх жил ард түмний болон ил далд өрсөлддөг нөхдийн хорхой хүргэм драм тавигдахыг яана аа. Баривчилгааны сургаар бид ч сэрэлтэй “амьтан” мэт дараагийнх нь хэн бол гэж адгана. Үсрээд Форест Гамп шиг үс сахалдаа баригдсан амьтан гарч ирээд “За за би харий дөө” гэж гэлдрэх. Угаасаа ч харьсан нь дээр. Хэцүү нэртэд суучихаад эргэж өндөрт мандсан “туг” өнөөдрийг хүртэл гараагүйг бодоход тэр хавиар очсон хүний сүнс нь сүүдэртэйгээ зайлж хийморь нь унтардаг, эсвэл зүгээр л улс төрөөс гарах хаалга энэ. Яг үүнийг бичиж суух мөчид энэ шөнө хэн баривчлагдахыг бид таашгүй болчихоод байна. Төр төмөр нүүртэй ч гэсэн эрхээ биш гишүүний сэтэр зүүсэн хүнээс дөлж туслахаас нь эхлэн “оролддог” жишиг тогтсон. Яг л нөхрийнх нь дэргэд эхнэртэй нь, эхнэрийнх нь дэргэд нөхөр рүү нь ил далд харц чулуудан татаж чангаах мэт юмдаг уу. Баривчилгааны “явдал”-ууд баахан дуулиантай үргэлжилж байна.

Хараагдсан МАХН

Бараг л баруун айлын эмээ хүртэл нам нээх нь халаг, бас ч үгүй амжилттай явдаг эд атал үүссэн цагаасаа хараал хүрсэн нам нэг байна аа. Алин хэзээний яруу алдарт түүхтэй МАХН гэдэг нэрийг аваад ч тусыг эс олов. Тэргүүлэгч нь тэр тусмаа нэгэн цагт Нэгдүгээр хүн болон мандаж улс орон даяар тахин шүтэгдэж, ярсхийтэл алга ташуулж мэхийлгэж явсан Н.Энхбаяр байхад шүү.

Намын дарга нь оймстой хөлөө гозолзуулан чирэгдэж явахтай зэрэгцэн намынх нь нэр хүнд шалчийтал уначих шигээ. Энэ намаас өнөөдрийг хүртэл гялалзсан лидер төрөөгүй ба хуучин бууны хугархайнууд зангаргаараа мачийх авч нэг л явцгүй. Саяхан ЭМС-ын сайд болоод байсан Г.Шийлэгдамба нь  гэгээн цагаан өдөр гэрэлт нарны дор ой тоонд багтамгүй их мөнгө бүр бэлнээр авч байгаад баригдаж гэнэ.

Цэцэрлэгийн хүүхэд ч сонсоод эргэлзэм энэ “хошигнол”-д “500 000 000 төгрөгтэй тэнцэх валют авч байгаад баригдсан” гэх далавч ургав. Яагаав, “Бразилийн өргөн чөлөө” кинон дээр аав нь банкнаас мөнгөө авахад анаж байгаад хойт эх нь дээрэмддэг шиг юм болсон юм байх. Зурагтаар гардаг “50 саяын уналт”-ын тайзан дээр байдгаас хэд дахин их мөнгө. Тэгээд байж байсан чинь намын байран дээр хурал хийхээр удирдлагууд нь цуглаад Н.Энхбаяр Г.Дугаржав гэх нөхрийгөө гарч үзэлцье гэж чирсэн л гэнэ.

Тэр нь нарийн бичиг нь байдаг. Кино ший цааш үргэлжилж АТГ-аас З.Баянсэлэнгийг хайгаад олохгүй байгаа ч юмуу, эсвэл замдаа зөрж өнгөрөөд байгаа юмуу бүү мэд, ямартай ч сэтгэлд нь цөн түрэх мэдээллийг хэвлэлүүд тарааж байна. Гэр хорооллоос тодорсон энэ “од” саяхан сайд болсон, өөрөөр хэлбэл ээлжээр “хоол”-ны ширээндээ суусан гэсэн үг. Чөтгөр бүү мэд, ямартай ч МАХН-ы удирдагч ирэхтэй зэрэгцэн нэг хүн нь хоригдож бусад нь ч айдас жихүүдэст автах нь тэр. Муухан зохиолтой аймшгийн киноноос дээр сцениэр өрнөж байна. Энэ намын малгайд багтсан нөхөд битүүхэн түгшиж эхлэв бололтой шүү. Г.Шийлэгдамба яагаад баривчлагдсан эсэх дээр өдөр алгасахгүй гаргалгаа гарч ирж буй.

“Женко”-г онох уу, ДУРЛАЛЫН БУРХААН?

Дурлалын бурхан улстөрд ч бас байдаг байх. Аавууд айхтар хайртай хүүгээ зодож сахилгажуулдаг шиг төрийн төмөр нүүр хайрлагдаж буй хүнд хатуу ханддаг. Амьдралд огт зовлон үзээгүй туйлж өссөн хүүхэд эвдэрдэг гэлцэх монгол логик хүчинтэй гэж мэд. Тэр утгаараа ард иргэдийн хүндлэлийг хүлээж буй “Женко” Х.Баттулгын эсрэг удаан татагдсан сум сая тавигдлаа. Улс төрийн Амур энэ удаад түүний зүрхнээс жаахан доохно хамгийн ойрын хүн болох Б.Батзаяаг онов. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан энэ дөрвөлжин цээжтэй бадриун хархүүг Женкогийн туслах, бие хамгаалагч байж байгаад “томорсон” гэлцдэг.

Яахав, жолоочоос группийн эзэн хүн болсон, 00 ажиллуулаад тэрбумтан болсон сонин түүхтэй хүмүүс байдаг шиг л. Бие хамгаалагч л гээд байснаас биш түүнийг цагтаа цагдаагийн тусгай тасагт байсныг бид баригдсан хойно нь мэдэв. JCI гэх мөнгөтэй амбицлаг залуусын “үүр”-ний ерөнхийлөгч байсан гэхчлэн дажгүй анкеттай нөхөр. Хахуулийн хэрэгтэй холбогдуулан түүнийг барьсан гэх мэдээлэл цацагдаж буй. “Энэхүү хэрэгт тухайн үед Зам тээврийн сайд байсан хүмүүсийг ч татаж магадгүй” гэх өгүүлбэр анхаарал татна.

Ассан гал шиг дүрэлзсэн Женког ганцааранг нь татаж чангааж дөнгөхгүй хамсруулан аваачиж “ухамсрын шанаа” өгөх юм биз дээ. Улс төр нэг хүнд хайр зарлавал шагнал, шийтгэлээ зэрэг өгдөг идтэй шидтэй. Ер нь зүгээр хүүхдээрээ байвал дээр ч юмуу? Ажаад байхад гэнэн цайлган “памперс”-тай гэх гишүүдээс дээлээ толгой дээгүүрээ нөмөрсөн хүн байхгүй. Хэлгүй Королия нар ч гэсэн ...Ямартай ч Женко яг дурлалын бурханы суманд оногдох эсэх цаг хугацааны асуудал боллоо. Тэр оногдвол юу гэж, оногдохгүй бол юу гэж ...

Дуугүй хүний зөвлөх НОЙТОН ...

Хөөрхийс, цөөн хэдэн эмэгтэй гишүүдээ хүүхэлдэйн киноны гүнж шиг өхөөрддөг бид саяхнаас өөр нүдээр харах болов. Хамгийн даруу төлөв, дөлгөөн М.Батчимэгийн туслах хамар дороос нь баригдаад явахад ёстой мэл гайхаж цэл хөхрөв шүү дээ. Гишүүн өөрөө урд хөршид суралцаж байсан “улаан гавал”, зөвлөх  нь Тайванийн тагнуул болтлоо орчуулга хийсэн байгаа юм даа. Хачирхалтай нь сэрвийж сэртийх юм андахааргүй хашир “анжгай” болох М.Батчимэг баригдаж явах хүртэл нь юу ч анзаарсангүй. Уг нь бид бодохдоо нэлээн айхтар бүсгүйчүүд төрийн түшээ болтлоо явдаг гэж ойлгодог. Гэнэн хонгор Бумаа юмуу, гэрэлт наранд гарч үзээгүй “номын цагаан солиот” юмуу бүү мэд. Энэ хоёрын аль нэг байвал анзаарахгүй байж болно.

Болсон явдал гэвэл З.Пагмажав хэмээх бүсгүй гэнэт хоригдохоо ч мэдээгүй гэр бүлтэйгээ тайван сайхан амьдарч бие давхар, хоёр ихэр хүүхэд тээж байж. Харамсалтай нь хүүхэд нь бүтээгүй. Дөрвөн настай охиныг зэрлэгээр зодож хөнөөхөд гар, бие, сэтгэл оролцсон бүсгүй нийгмийн үзэн ядалт дунд хүүхдээ тээж төрүүлээд байхад нэг хүүхэд зодох бүү хэл нийт улсын эсрэг “тэрсэлсэн” гэх бүсгүй эхний шатны дарамтыг тэссэнгүй. Сонин оо. Мод тогш, уг нь тийм үйл гэрэлт нарны дор хийсэн хүн сэтгэл санааны дарамтанд орвол орохоор шүү дээ. Дарга ч юмуу аливаа хүнийг, байгууллагыг удирдаж хамтран ажиллаж байгаа удирдагч хүн зөвхөн цалин мөнгөөр хангадаг АТМ биш хамт ажиллаж байгаа хүмүүсийнхээ сайн, муу бүхий л зүйлийг мэдэж байдаг. Бараг гэртээ өнгөрүүлдэгээс илүү их цагийг хамт олон, даргатайгаа өнгөрүүлдэг болохоор тэр л дээ. Эс бол даргын оронд зүгээр АТМ суурилуулчихад болох нь.

Цалингаа тэндээс цаг нь болохоор аваад л. Хамт ажилладаг хүнээ хоригдоход бүү хэл төрж тэлэхээр явахад ч үгүйлж зовнил төрөхөөр. Төрд ажиллахаар төмөр нүүртэй болдог ч байж мэднэ, гишүүн бүсгүй юу ч болоогүй юм шиг л явах. Олон жил хамтарч ажилласан хүн нь гэж байгаа. “УИХ-ынгишүүнийтуслах, зөвлөхавтоосолгаргалаагэхэд УИХ-ынгишүүнөөрөөавтоосолгаргасангэжярьжбайгаагаасөөрцгүйшүүдээ ...” /М.Батчимэг/.

 Хорвоо чи гишүүдийн зөвлөхийн зовлонд цадах болоогүй юу ... Төрийн дайсан болно гэдэг хэн нэгний эмзэг эрхтэнд данхраад зоох, хүүхэд тарчлааж алах, амьд хүн атал сүг шиг үйлдэл гаргахаас хүнд ял. Бид ямартай ч зүсийг нь ч үзээгүй нэг “төрийн дайсан”-тай болжээ. Мэдээж дайсан гээч нь юу гэж ил гараад “би дайсан чинь байна” гэж хэлэх вэ дээ. Ээдрээтэй хэрэг ...

 Э.Бат-Үүлээр оролдсон хүн ТОЛГОЙГҮЙ

Ардчиллын хоточ нохой хэмээн өөрийгөө тодорхойлсон Улсын баатар Үүл маань сүүлийн үед ширүүхэн ниргэж байна. НИТХ дахь МАН-ын бүлгээс түүнийг үүрэгт ажлаас нь огцруулахыг шаардсан албан бичиг НИТХ-ын даргад хүргүүлсэн. Зарим нэг нь гар угаах усаа олох гэж зүдэж байхад манай хотын дарга мөнгөөр, тэр тусмаа 410 тэрбум төгрөгөөр сүүлийн 3 жил “гараа угаасан” гэж цагаан дээр хараар бичих болсон.

Автобусанд суухад жиг жуг гэж дуугараад байгаа карт байна аа, түүний хүүгийн шахааны бизнес гэлцэх л юм билээ. Хэзээ ч ширүүлдэггүй байрын төрхөөр шинэ залуу үеийнхэн бидний сэтгэлд үлдэж, ямартай ч нийслэлийн залуусыг баяраар үзэж харах юмтай байлгаж, өөрөө шөнө орой болтол тавьсан шоугаа хамт үздэг болохоор залуус түүнд сайн. Залуудаа ч янзын шоучин, юм үзэж нүд тайлсан эр байсан, бүр атаман байсан зэрэг нь шинэ үеийнхэнд домгийн баатар мэт л сэтгэгдэл төрүүлдэг гэж болно. Гэвчиг инээмтгий хүн нэг тэсэрвэл юун хадны мангаа. Нэр бүхий МАН-ын 12 гишүүнийг шүүхэд өгөх, түрүүчлээд огцрох бичигт гарын үсэг зурсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал “эко хатагтай” гэгддэг Ч.Саранчимэгийг халсан зэргээр “тэнгэр” ниргэж байна.

Түүнийг ингэж шууд ил цагаан уурлана чинээ санаагүй бололтой нөхөд ч үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг бужигнах аж. Нүүрэн дээрээ Энх-Амгалан хаан шиг талбиун төрх гаргачихаад далдуур хумсаа нуусан муур шиг малтдаг манай улс төрийн стиль өөрчлөгдөж байх шиг. Эсвэл атаман явсан хүний арга барил улаан нүүрэн дундуур нь энэ мэтээр “буулгах” юмуу? Хамгийн дуулиантай хотын даргын “нэрэмжит” өдрүүд тун сонирхолтой, адал явдалтай өрнөж байна. АН-ын “хоточ нохой” МАН-ын айдгаа авдартаа хийсэн аархуу нөхөдтэй хэрхэн үзэлцэхийг попкорноо идэнгээ харах үлдэж байна. Цагаа тулахаар ард түмэн энэ хоёр намыг хүү охин шигээ хайрладаг. Хэнийг нь ч гэж чадахгүй л бөөрөнхийлдөж сууна шүү дээ.

Эх сурвалж: Гранд сэтгүүл №71

Бэлтгэсэн Э.Уян

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • зочин
    МЭДЭХГҮЙ эээ энэ улс төр гэж хэн бүхэн ороод тоглочихдог тоглоом биш дэгээ
    2016 оны 04 сарын 10 | Хариулах
  • зочин
    Энхбаяр шоронд орох ёстой Хэзээ нэгэн цагт үйлээ үүрнэ
    2016 оны 04 сарын 09 | Хариулах
  • uu
    saihan bichjee. nuulgui helehed batchimeg avgai bol maaash ih nootoi duugai tsarailsan genet uls turd garch irsen shulmas sanagddag .
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • монгол
    Батчимэг нэрсийн жагсаалтаар УИХ-н гишүүнээр гарч ирсэн,,УИХ-н гишүүн гэж хэлэхэд дэндүү гоёдоно...хувийн компаниа удирдаад аваад явж байвал болох юм......
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • zochin
    Бамчимэг арай биш ээ тэр туслах нь тэгээд Тайванаар нэвт шувт ярьдаг хүн мөн үү шал худлаа өөрөө холбоотой байж
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025