
Аливаа мэдээ мэдээллийг хүргэхдээ нэг тэгийн ард нэмж хоёр тэг тавин сенсаацилах биш чухам бодит үнэн, хүн төвтэй сэтгүүлзүйгээр дамжуулан, олны танил улс төр, бизнес, урлагийн одуудаар гол баатраа болгон өнөөгийн нийгмийн дүр төрх, үнэнхүү тусгалыг та бүхэндээ нэмэр хачиргүйгээр хүргэхийг “Гранд”-ын хамт олон 5 жил гаруйн хугацаанд эрхэм зорилгоо болгож ирсэн. Бидний энэ уйгагүй, үл шантарсан эрмэлзэл маань нэгэнт хүлээн зөвшөөрөгдөж, үнэлэгдэж “Гранд” Монголын №1 сэтгүүл гэдгээ баталсаар байгаа нь чухам эрхэм оюунлаг уншигчдын маань тус дэм байсныг онцлох нь зүй болов уу. Хүлээн зөвшөөрөгдсөний бас нэг хэмжүүр, илрэл нь манай ярилцлагын зочид байдаг. Улс төрийн ээлжит сонголтын чухал хариуцлагатай цаг мөч айсуй учраас бид аль болох таны сонголтонд тус болохуйц ярих эрхмүүдийг шилж сонгож буйгаа ч хэлэх нь зүй байх. Эрхэм гишүүн Х.Баттулга, ХЗДХ-ийн экс сайд Ц.Нямдорж, энэ дугаарын зочин БНН-ын дарга, экс гишүүн Б.Жаргалсайхан. Өөрөөр хэлбэл нэг намын, нэг үзэл суртлын дуу хоолой биш аль болох олон ургальч үзлийн төлөөлөл, илэрхийлэл байхуйц гол нь хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүдийг бид ярилцлагын хоймортоо урихыг эрхэмлэж байна. Сэтгүүлзүй худалдагдсан гэдэг нийтлэг ойлголт, яриа тэгтлээ ч нийт даяар биш гэдэг нь эндээс харагдах биз ээ. Бидний урилгаас үл татгалзан цаг зав гаргаж ярилцаж буй тэдгээр эрхмүүдэд мөн талархал илэрхийлье. Түүнчлэн энэ дугаарт Монголын анхны охидын хамтлаг “Спайк”-ын ахлагч, дуучин Р.Номин-Эрдэнэ уригдаж анх удаагаа илэн далангүй, ертөнцөө нээсэн ярилцлага өгсөн. Мэдээж Мартын найман дөхсөн энэ өдрүүдэд сонирхолтой мэдээлэл, содон өнцөг, та бидний хөгжилтэй, дахин үл давтагдах фото агшнууд гээд юм юм багтсан шинэхэн дугаараа өргөн баръя. Дашрамд нэмж дуулгахад 3-р сар бол хэвлэл захиалгын сар. Та бүхэн өөрт ойрхон шуудангийн бүх салбаруудаар захиалгаа өгч “Гранд”-аа тогтмол уншаарай.
Хүндэтгэсэн М.Саян
Сэтгэгдэл байхгүй байна