Саяхны өдрийг хүртэл “сугардаггүй” Сугар гэгдэж явсан ч Д.Сугар гуай Үндсэн хуулийн цэцийн гишүүн биш болсон билээ. ТӨХ-ны дарга байхдаа эрх сүрээ ашиглан хууль журам зөрчсөн асуудлуудад холбогдсон талаарх баримт бүхий мэдээллүүд олон байдаг ч, Д.Сугар ямар нэг байдлаар хариуцлага хүлээж байгаагүй. Тиймээс ч “сугардаггүй” гэх тодотголыг хэвлэлийнхэн түүнд өгсөн юм. Тэгвэл “сугардаггүй” Д.Сугарын хүү С.Цог Өршөөлийн хуульд хамрагдаж, өнгөрсөн нэгдүгээр сард суллагджээ.

Эргэн сануулахад С.Цог нарын 10 гаруй хүнд холбогдох хар тамхины хэргийг анх УМБГ-т шалгаж, улмаар хууль хяналтын байгууллага эцэслэн шийдсэн юм. С.Цог нарын 12 хүнд холбогдох хэргийг Дүүргийн нэгдүгээр прокурорын газарт хянаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, 12 жилийн ял төлөвлөн ирүүлсэн байдаг. Дээрх зүйл заалт нь Өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй заалт байсан. Харин анхан шатны шүүх хурлаар уг хэргийг хэлэлцэж, шүүгч Ү.Түмэнжаргал, шүүгдэгч С.Цогийн холбогдох хэргийн зүйл заалтыг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 болгосон байдаг. Түүнд шүүхээс хоёр жилийн хорих ял оноож, хорих ялыг 2015 оны гуравдугаар сарын 2-ны өдрөөс тооцож эхэлсэн байдаг. Тэгвэл тэрээр хугацаанаасаа өмнө суллагджээ.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (4)