Намын жагсаалтад багтан ногоон гэрлээр УИХ-ын танхимд суухыг санаархагчид АН, МАН-д олноороо бий. Тэнд багтаж дийлэхгүй юм гэхэд аль нэг тойрогтой зууралдаж байгаад гараад ирчих сэдэл агуулж байгаа нь ч олон. Тэгвэл анх экс Ерөнхий сайдыг гэргийтэй нь хамт гоолигжуулсан үйлсээрээ олонд танигдаж, дараа нь НАМЭХ-нд харьяалагддаг гэдгээрээ хэвлэлийн хуудаснаа бичигдэж, тэгснийхээ араас “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээрээ эфирээр танигдаж, бас болоогүй гэр бүлийн амьдрал дундуур орсон гэх асуудлаар хэвлэлээр бичигдэж явсан энэ бүсгүйг МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн болоход нь болц нь гүйцээгүй л байна даа гэж харагсад цөөнгүй байсан. Гээд яахав, шинэчлэл ярьсан МАН-ыг шижигнүүлэх нөхдүүдийн нэг байж дийлэх болов уу гэсэн хүлээлт бас нэг хэсэгт байсан байж болох.
Гэвч экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцуулах үеэр П.Анужингийн ярьсан зүйлс нь сошиал ертөнцөөр тарснаар түүнийг МАН-д нэмэртэй хүн эсэхэд олонх нь эргэлзэхэд хүрсэн гэхэд болно. Нэвтрүүлэгт ороогүй тэрхүү бичлэг дээр П.Анужин намынхаа Удирдах Зөвлөл дэх өөрийн байр суурийн талаар хэлж ярьсан байгаа юм. Тэрбээр “...Би сайн мэддэг хүн биш. Нэгэнтээ дээгүүрээ бизнес улс төрийн бүлэглэл үүсчихсэн байхад бид яваад яах юм. Та нар биднийг алалцуулчихаад хүмүүсийн нүүрэн дээр өө энэ нам, намын залуу, ногоон цэнхэр гэж хуваачихаад хөшигнийхөө цаана нэгдээд бид үүнийг чинь мэдсээр байж та нарыг хойноос чинь түлхмээргүй байна ш дээ. Үнэхээр ийм байдаг бол хэлээч ээ гээд бүр олон хүний дунд хэлсэн.Заал тэр чигтээ нирхийж инээгээд би юу ч мэдэхгүй маанаг юм ярьж байгаа нэг охин шиг болчихсон. Би зааланд очоод шууд тэгсэн, та нар үнэхээр өөрчлөхийг хүсэж байгаа бол бид нарт юмаа тодорхой болгочихооч.

Хүн шалдаа буугаад үнэнээ хэлэхээр хүнийг нэг бол дэмжье гэж боддог ш дээ. Энэ үнэн юм чинь одоо хамаагүй дүүрсэн хэрэг гээд. Та нар биднийг ингэж болохгүй ш дээ. Дээр нь та нар нэгдчихээд ард түмэнд болохоор улаан нам, цэнхэр нам уу цэнхэр болно гэж харуулаад гэхлээр зааланд байсан хүмүүс инээгээд.
Аав намайг дуудаад тэгж байгаа юм. Миний охин энэ зааланд ийм гэнэн юм яриад зогсож байж болохгүй гээд. Тэгэхээр нь би,ээ та улс төрч биш. Та зүгээр л төрийн дамар барьж байгаа л хүн. Ингэж ярихгүй бол би энэ зааланд чинь болохгүй. Тэгэхэд аав, ээ алуулдаг юм шүү охин минь. Тэр дундаа намын бага хурлын бүх протокол үлдэж байгаа. Чи ийм юм ярьж болохгүй гэж надад хэлж байгаа юм...” гэхчлэн ярьсан бичлэгийг хэн хүнгүй үзсэн биз.
Тэгэхээр энэ жилийн болон ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар даам гарах төлөвлөгөө агуулж буй МАХН-ын Н.Энхбаярын дэргэд ийн хамаа намаагүй өгүүлсэн, ам задгай бүсгүйг МАН цаашдаа Удирдах Зөвлөлөөс бүр илүү хол явуулах эсэх нь эргэлзээтэй л дээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
М.Мөнхжин
Сэтгэгдэл (27)