“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт экс ерөнхийлөгч, одоо бол улс төрийн “босоо ороолон” гэгдэх болсон Н.Энхбаярын оролцсон нэвтрүүлэг 2014 оны арван нэгдүгээр сард цацагдсан билээ. Босоо ороолон гэдэг нь хуурай өлсгөлөнг ялан дийлсэн могой гурав тасравч гүрвэлийн чинээ гэгчээр өдийг хүртэл энэ талбарт нөлөө бүхий байж “чичрүүлж” буйд нь нийцсэн тодотгол ч байж мэдэх юм. Ямартай ч Монгол улсын түүхэнд байсан 4 ерөнхийлөгчөөс тэр ганцаараа дуулиан шуугианы бай болж нэрнийх нь эхний үсэг тавигдах төдийд олон нийтийн анхаарлыг татдаг гэж болно.

Тус нэвтрүүлэгт одоогоор 50 хүн оролцоод буй бөгөөд ард нь 50 зочин ээлжээ хүлээж буй талаар “Херо” Б.Баатар өчигдөр мэдэгдэж “Бид яасан ч өөрсдийн зүгээс бичлэг тараахгүй” хэмээн чин сэтгэлийн хүлцэл өчсөн. Хавтас хавтсаараа хадгалаатай байсан бичлэгээс нийтлэг дүр төрх олон нийтийн сонирхлыг татдаг гэдэг утгаараа ч юм уу эсвэл зориудын явуулга уу гэмээр "Number One"-ын хэсэг түрүүлж цацагдаж буй. Тус бичлэгтэй зэрэгцэн П.Анужингийн хэтийн төлөвлөгөө, үнэн нүүр царай илэрлээ гэж олон нийт дуу нэгтэй хэлэх болсон. Бичлэгт “Женко” Х.Баттулгын нэр олонтаа дурдагдахын зэрэгцээ П.Анужин тэр хүнтэй хэдийд хэдийд хэрхэн яаж уулзсанаа тов тодорхой өгүүлсэн байх юм. Эгэл жирийн эрүүл хооллолтын багш бүсгүй Төрийн сайдтай хүссэн цагтаа уулзах нь ёстой л эфирийн “буян” гэлтэй. Та бүхэнд Н.Энхбаяр, Б.Баатар, П.Анужин нарын хөөрөлдөөнийг хүргэж байна. Бичлэг цахим ертөнцөөс тун хурдацтай устаж буй тул бид бичмэл хэлбэрт орууллаа.
П.Анужин:
...Би сайн мэддэг хүн биш. Нэгэнтээ дээгүүрээ бизнес улс төрийн бүлэглэл үүсчихсэн байхад бид яваад яах юм. Та нар биднийг алалцуулчихаад хүмүүсийн нүүрэн дээр өө энэ нам, намын залуу, ногоон цэнхэр гэж хуваачихаад хөшигнийхөө цаана нэгдээд бид үүнийг чинь мэдсээр байж та нарыг хойноос чинь түлхмээргүй байна ш дээ. Үнэхээр ийм байдаг бол хэлээч ээ гээд бүр олон хүний дунд хэлсэн.Заал тэр чигтээ нирхийж инээгээд би юу ч мэдэхгүй маанаг юм ярьж байгаа нэг охин шиг болчихсон. Би зааланд очоод шууд тэгсэн, та нар үнэхээр өөрчлөхийг хүсэж байгаа бол бид нарт юмаа тодорхой болгочихооч.

Хүн шалдаа буугаад үнэнээ хэлэхээр хүнийг нэг бол дэмжье гэж боддог ш дээ. Энэ үнэн юм чинь одоо хамаагүй дүүрсэн хэрэг гээд. Та нар биднийг ингэж болохгүй ш дээ. Дээр нь та нар нэгдчихээд ард түмэнд болохоор улаан нам, цэнхэр нам уу цэнхэр болно гэж харуулаад гэхлээр зааланд байсан хүмүүс инээгээд.
Аав намайг дуудаад тэгж байгаа юм. Миний охин энэ зааланд ийм гэнэн юм яриад зогсож байж болохгүй гээд. Тэгэхээр нь би,ээ та улс төрч биш. Та зүгээр л төрийн дамар барьж байгаа л хүн. Ингэж ярихгүй бол би энэ зааланд чинь болохгүй. Тэгэхэд аав, ээ алуулдаг юм шүү охин минь. Тэр дундаа намын бага хурлын бүх протокол үлдэж байгаа. Чи ийм юм ярьж болохгүй гэж надад хэлж байгаа юм.
Н.Энхбаяр:
Би Нямдоржийн тухай нэг ярьсан ш дээ. Тэрэн дээр жоохон нэмээд хэлчихмээр байна. Уг нь ингэсэн юм. Дэмбэрэлцэрэн гэж хуучин Дээд шүүхийн дарга байж байгаад сүүлд Их хурлын гишүүн болсон хүн, одоо нас барсан. Тэр хүн надад ингэж зөвлөсөн. Одоо энэ Нямдоржийн асуудал эхэллээ. Та Ерөнхий сайдын хувьд Нямдоржийг түр огцруулаад Хууль зүйн сайдынхаа ажлыг өгөөд үнэхээр тийм үү үгүй юу гэдгийг шалгуулчих. Үнэхээр тийм биш байвал ахиад томилчих. Тийм биш, мөн гэж тогтохгүй ч гэсэн магадгүй гэсэн сэжиг таамаглал байвал болиулчих гэж зөвлөсөн. Чи өндөр ёс суртахуунтай ажилла гэж.

Би Нямдоржид итгэдэг учраас Нямдоржийг дуудаад за хүмүүс тэгж ярьж байна. Чи ер нь одоо эр зориг гаргаад ажлаа өгчихвөл яасан юм. Гэхдээ түр. Тэгээд үнэхээр шалгагдаад юу ч биш байвал гоё ш дээ. Ямар нэгэн сэжигтэй юм байвал чамд ч, надад ч хэцүү ш дээ гэсэн чинь, та ёстой нээрээ гээд ахиад л нүдэнд нь нулимс цийлэгнээд.
Та ёстой муухай хүмүүсийн үгэнд орох гээд байна. Та яагаад надад итгэхгүй байгаа юм бэ. Муухай хүмүүс намайг таниас салгаад дараа нь таныг сулруулж байгаад энэ улс орноор тоглох гээд байна ш дээ. Тэгэхлээр нь би за яахав дээ хөөрхий минь хамт жаргал зовлонгоо туулж ирсэн юм. Нямдорждоо итгэхгүй, энэ ингээд гуйгаад нүдэндээ нулимс цийлэгнүүлээд байхад нээрээ тийм дээ. За за яахав гэж байсан.
Гэхдээ одоо энэ асуудлыг өөрийн эрхгүй ярихаас аргагүй юм байна, ярья даа. Их хурлын хуралдааныг хаалттай хийж байгаад ярья гээд ярьсан. Одоо Женко яаж байна. Ажлаа өгчихөж байна ш дээ. Би ингэж ажиллаж чадахгүй ээ. Яахав Алтанхуяг энэ хоёрын хэнийх нь зөв юм бүү мэд. Гэхдээ ямар ч байсан Женко эр хүн байхгүй юу. Ажлаа өгчихнө. Тэгээд одоо яахав дээ энэ нарийн цариг буруу гэдгээ хэлнэ, би гээд. Ард түмэнд ойлгуулна тэмцэнэ. Тэгээд л болоо.
Тэгтэл Нямдорж нь нөгөө Женког муулаад байдаг. Ёстой өөдгүй амьтан, шуналтай амьтан гээд. Миний нүдэн дээр болж байсан юмыг харахад Нямдорж нь ажлаа өгч чаддаггүй, айдаг. Женко болохоор өгчихдөг. Ингэж би бас нэг яривал яасан юм гэж бодоод байгаа. Гэхдээ та нар юу гэж бодож байна?
П.Анужин:
Улс төр орчихоор бид нар нэг болоод харагдчих байх. Дэмий байх.
Б.Баатар:
Хууль зүйн сайдын талаар та бас хэлсэн байна ш дээ?
Н.Энхбаяр:
Уг нь тэгсэн байхгүй юу. Би Нямдоржид чи ажлаа өгөөч ээ гэхэд өгөхгүй байсан. Одоо ингээд ярихад аягүй бол Женко захиалсан юм байна гэх байх.
П.Анужин:
Тийм тэгж харагдах талтай байхгүй юу. Хичнээн үнэн ч гэсэн. Зүгээр бид нар цаад ньюансаараа л “хийх” хэрэгтэй.
Н.Энхбаяр:
Одоо Тэмүүжин ажлаа өгөх л ёстой байхгүй юу. Зүгээр л сайхан ёс суртахуун гаргаад өгчих ёстой.
П.Анужин:
Та одооны хүмүүс рүү улс төрчид рүү нээх битгий дайр. Яагаад гэвэл танд тэртэй тэргүй эрүү үүсгээд байгаа учраас. Хувь хүний үүднээс дэмий.
Б.Баатар:
Яахав зүгээр бичиж л байя. Монтаж хийгдэнэ. Миний бодлоор нэгэнт л Баатар, Ану хоёр явсан. Эд “мини” хийж ирнэ. Одоо тийм үед ирчихсэн. Энэ хүнийг ахиад ирлээ гэж айгаад. Тэгэнгүүт бид хүчтэй байж айх хэрэггүй байхгүй юу. Шууд нэрлээд, нэрлээд тэмцээд л, нэг талдаа гарахгүй бол болохгүй. Би бол одоо тийм л юм бодож байна.
Н.Энхбаяр:
Эсвэл би ирэхгүй шүү гэж хэлдэг юм уу? /инээлдэв/
П.Анужин:
Нямдорж гуайг манай нэвтрүүлэгт, 100 эрхэмд хүмүүсийн санал ирээд оруулах болоод бид хавар бичлэгээ хийсэн чинь Тулга сайд, Нямдорж гуайн тагнуул байсан хамаг юмыг интернэтээр цацаад, бүр youtube дээр байнга цацаад байгаа юм чинь. Тэгэнгүүт бид сонин болохгүй юу.
Намын хурал дээр суугаад ажиглаад байхаар Нямдорж гуайн үг нь бүр дархлагдчихсан. Тэнд хоёр үг хэлэхээр бүгд шүтээд байдаг ийм хүн. Миний итгэл үнэмшил ийм. Тэгтэл энд ингээд Тулга сайд юм явуулаад байхаар надад сонин байдал үүснэ ш дээ. Тэгсэн хирнээ хүний хувьд үерхээд үзэхээр Баттулга гэдэг хүн хүн сайтай хүн. Эргэн тойрон зовсон хүмүүст тусалж чаддаг.
Б.Баатар:
За яаралтай Баатараа ахиад бүр шинэ эрүү үүсгэчихлээ. Наадах чинь эвгүй, худлаа шүү эвгүйтнэ шүү. Хурдхан шиг очоод нэвтрүүлэг хийгээд одоо хүмүүст энэ тухай ярихгүй бол наад хүнийг чинь бол нийлээд унагачихсан юм аа, ерөнхийлөгчийн сонгуулиар /Энхбаярын талаар ярьж буй бололтой/.
П.Анужин:
Тэр “нарийнаа” ярьсан юм уу?
Б.Баатар:
Тийм “нарийнаа” ярьж болохгүй шүү, одоо, би бас оролцсон хүн гээд. /Женкогийн талаар ярьж буй бололтой/
П.Анужин:
Тэгээд Тулга сайд тэгдэг байхгүй юу. Та нар маш муу хүнээр хийх гээд байна аа, Зуун эрхмийг. Наад хүн чинь маш муу, ийм юм хийсэн хүн. Гэхдээ бид нарыг шууд боль гэж хэлэхгүй ш дээ. Тэгэхэд гадуур сонингоор бид нарыг Зуун эрхэм бол Тулгад худалдагдсан гэж байгаа юм. Бид нарт нэг ч цаас өгөөгүй, нэг ч удаа нөлөөлж үзээгүй. Чадах ч үгүй ш дээ. Зүгээр бид нарт хэлээд байсан.
Б.Баатар:
Нямдорж гуайг "бичиж" байхад бид нарт юу ч хэлээгүй. Бид холбоотой байсан бол “боль” гэнэ. Ямар нэгэн тийм дарамт байхгүй. Би бол ингэж бодож байна. Одоо та хурц ярих хэрэгтэй. Айх хэрэггүй, тэгчих вий ингэчих вий гэж. Тэртэй тэргүй хүмүүс ёс зүйгүй юм хийгээд эхэллээ ш дээ. Хаа байсан Засгийн газар бид нарыг шүүхэд өгөөд бид одоо “хэрэгтэй” л явж байгаа ш дээ /инээв/. Тэгээд л айлгаад эхэлж байгаа байхгүй юу. Дарамтлаад л. Лхагваа ах бол хэлж байгаа, байж бай болно гээд. Манай Лхагваа ах чинь тайзан дээр билэг тэмдгийн маягтай хүн. Гол имиж нь тэр.
П.Анужин:
Манай аав бол шууд миний зүрхэнд орсон. Чи ёстой одоо ингэж дарвалзаж болохгүй. Үр хүүхдээ бод. Энэ юу юм. Ер нь чи намын Удирдах зөвлөлд байж байж ийм муухай сахилга батгүй. Ер нь нарийнаа барина уу, бүдүүнээ барина уу /төмөр замын цариг/ чиний амьдралд ямар хамаатай юм бэ гээд. Тэгээд намайг бас эргүүлээд хаячихаж байгаа байхгүй юу. Хүний хор гэдэг чинь айхтар ш дээ. Наад Тулга гэдэг хүн чинь өөрөө мөнгө цаас аваад ингэе тэгье гэсэн гээд.
Тэгэхээр нь би шууд тэр орой нь Баттулга сайдтай уулзах боломж гарахад хэлсэн.
Би асуусан, худлаа яриад байгаа юм биш биз дээ. Та маш том мөнгөний эрх ашигтай, нэг бол та Оросын даалгавартай, хүмүүсийн ярьж байгаагаар. Та Оросоос даалгавар аваад хэдэн хүн мөрөөрөө байгаад эх орноо гэж байгаа залуучуудыг ашиглаж байгаа юм биш биз дээ. Итгэл л байна шүү. Таныг сайн хүн л гэж бодсон.
Хүн ерөөсөө өөрийнхөө мөн чанараар төрийн мөн чанарыг хийдэг юм байна гэж би боддог. Муу хүн бол муу л юмаа хийж байгаа. Муу төр болгож байгаа. Сайн хүн сайнаараа л байгаа. Таныг ингэж бодож байгаа. Та үнэнээ хэлээч л гэсэн. Сүүлдээ арга ядаж байгаа байхгүй юу.
Манай аав шууд тэгж байгаа юм. Нарийнаа барина уу, бүдүүнээ барина уу чамд хамаагүй. Больё, мал чинь байхад аавыгаа дагахад чи өлсөхгүй. Боль наадахаа. Зүгээр номоороо байж байгаад 16 онд нэг дүүргээс дэвшихээ бод гэж байгаа байхгүй юу. Ийм хэцүү /инээв/.
Тэдний хооронд хөөрөлдөөн энэ мэтчилэн өрнөжээ. Ямар ч байсан хөтлөгч бүсгүй нэр дэвшихээ эртнээс мэдэж байсан болж таарч байна. Найруулагч Б.Баатар хөтлөгчдөдөө хэлэх үгийг нь зааж цэвэр өөрийн үзэл бодлоор тус нэвтрүүлгийг “дэглэсэн” гэж ярьсан бол энэ ярианаас үзэхэд оролцогчиддоо ч бас чиглэл өгдөг байх нь. Н.Энхбаяр чухам түүний зөвлөснөөр хөдөлсөн эсэхийг тус нэвтрүүлгийг үзсэн үзэгчид хувь хувийн дүгнэлтээ хийсэн биз ээ. Зуун эрхмийн дуулиан үргэлжилж байна. Бид та бүхэнд бичлэг тус бүрийг сийрүүлэн үргэлжлүүлэн хүргэх болно.
Эх сурвалж;www.grandnews.mn
Сэтгэгдэл (75)