УБТЗ ХНН-ийг тойрсон асуудал ойрын өдрүүдийн сэдэв болж байна. Гадаад хэргийн сайд Г.Пүрэвсүрэн нэгэн “ноцтой” зүйл илрүүлсэн нь “... Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар “УБТЗ ХНН-ийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлнэ гэдгээ удаа дараа мэдэгдэж энэ талаар хятадын талтай яриа хэлэлцээр хийж байгаа талаар мэдээлсэн. Үүнээс үүдэн Оросын тал 1949 оны хэлэлцээрт ямарваа нэгэн өөрчлөлт оруулахгүй гэсэн хатуу байр суурьтай болоод байна ... ” гэхчлэн бичсэн байв. Зүй тогтлоор нь бодоод үзэхэд хувь нийлүүлсэн компанийн нэг “хурган” дарга бие даан ийм шийдвэр гаргах эрх байхгүй. Хэрвээ гаргасан байж гэмээнэ тун “том толгой”-той нөхөр байх нь. Л.Пүрэвбаатарын “романс” цааш үргэлжилж бүр хувьцаагаа зарах гээд улайран хөөцөлдөөд байна гэнэ шүү. Бүхэл бүтэн улсын Гадаад хэргийн сайд андуурна андуурна гэхэд араг шээзгийгээ зөрүүлэн байж ингэтлээ андуурна гэдэг сонин тул олон нийт будилааны голд зогсоо Л.Пүрэвбаатарыг ажиглаж байв. Тэр өчигдөр ам нээж энэ талаар хариулт өглөө.

Тэрбээр “Л.Пүрэвбаатар гэдэг хүн УБТЗ ХНН-ийн дарга, эсвэл Ерөнхийлөгч, Ерөнхий захирал ч биш. УБТЗ ХНН-ийн Замын дарга гэж явж байгаа. Замын дарга гэдэг бол галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн байдлаар удирддаг албан тушаалтан. Хоёрдугаарт, зам засвар, арчилгааг нэгдмэл технологио, зохион байгуулалтаар хангадаг албан тушаал. Тийм учраас УБТЗ-ын Замын дарга нийгэмлэгийн Монголын талын хувьцааг ийш, тийш нь шилжүүлье гэх байдлаар ямар нэгэн ажил хийх боломжгүй. Би шийддэг хүн биш” гэсэн юм.
Харин түүний үзэж байгаагаар Гадаад хэргийн сайдын мэдээлэлд ойлголтын зөрүү гарсан аж. 2014 оны есдүгээр сард Зам тээврийн сайд А.Гансүх, Оросын төмөр зам Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунин нарын гарын үсэг зурсан “УБТЗ-ын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр” бий. Энэ хэлэлцээрийн дөрөвдүгээр зүйлийн 4.2-д УБТЗ ХНН-ийн дамжин өнгөрүүлэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор талууд холбогдох бизнес төлөвлөгөөг гаргасны дараа энэхүү хэлэлцээрийн талууд болон бусад сонирхсон талуудын оролцоотойгоор тээвэр логистикийн компани байгуулахаар тохирсон байдаг аж. Энэ хүрээнд Хятад, Орос, Монгол гурван улсын хамтарсан тээврийн логистикийн компани байгуулах юм. Будилааны эзэн болж, хэвлэлийн баатраар тодроод буй Л.Пүрэвбаатар энэхүү гурван талт тээврийн компанийн нэг чухал оролцогч нь “УБТЗ” ХНН байх ёстой гэж үзэж буйгаа олонтаа илэрхийлсэн нь хардлага дагуулжээ.
Гурван улсын хамтарсан тээврийн компани байгуулах талаарх хэлэлцээр анх 2015 оны дөрөвдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд хийгдсэн аж. Уг баримт бичигт Монголын Зам тээврийн дэд сайд Х.Ержан, ОХУ-ын Тээврийн дэд Сибенов БНХАУ-ын Төмөр замын удирдах дэд сайд Фү Шон И нар гарын үсэг зурсан. Компанийн хувьцааг Хятад, Монгол, Орос гурав хамтран эзэмшихдээ урдчилсан байдлаар гурван улс эн тэнцүү 34:33:33 хувь байх тохироо яригдаж буй. Харин Л.Пүрэвбаатар хамтарсан компанийн 51 хувийг УБТЗ эзэмших ёстой гэж байр сууриа дахин дахин илэрхийлжээ. Одоо яригдаж буй хувилбараар УБТЗ зөвхөн тээвэрлэгчийн статустай болох аж.
Маргаан ид өрнөж хоёр тал байр сууриа илэрхийллээ. Тэдний хэн нь хэн болохыг та бүхэнд сануулья.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн:
Боловсрол:
-Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг дүүргэсэн. ХБНГУ-ын ГХЯ-ны дэргэдэх залуу дипломатын дамжаа, Шинэ Зеланд Улсын Веллингтон хотын Виктория их сургуулийн дамжаа, АНУ-ын Хавай дахь Ази, Номхон далайн аюулгүй байдлын төвийн дамжаа, Харвардын Их сургуулийн Жон Кеннедийн сургуулийн дамжаанд мэргэжил дээшлүүлсэн.

Ажлын туршлага:
Тэрбээр ГХЯ-ны Захиргааны хэлтэст атташегаар ажлын гараагаа эхэлжээ. Улаанбаатар хот дахь Германы ЭСЯ-нд орчуулагч, Бонн дахь ЭСЯ-нд Хоёр болон Нэгдүгээр нарийн бичгийн дарга, ГХЯ-ны Европын газарт Нэгдүгээр нарийн бичгийн дарга болон зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад харилцааны бодлогын зөвлөх, Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ. Орос, Англи, Герман хэлтэй.
УБТЗ ХНН нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар:
Боловсрол:
ОХУ-д боловсрол эзэмшсэн.
Ажилласан байдал:
Холбооны механикч, инженер, ангийн ерөнхий инженер, Удирдах газрын технологийн инженер, Замын нэгдүгээр орлогч дарга, орлогч дарга, Монголын Төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн, УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байсан.
Сэтгэгдэл (12)