Бурхан байдаг, таны дэргэд, танай тойрогт. Гэгээн цагаан өдөр лаа бариад гарахад хэд хэдэн бурхан зогсож байх юм. Бид энэ удаад тэднийг та бүхэнтэй танилцуулж байна. Улстөрчид тойргоо булаалдан өглөө бүр Төрийн ордон зүүдлэн сэрж буй энэ өдрүүдэд тун сонирхолтой сэдэв. Тэд бол шууд ялдаг БААТРУУД. Энэ зэрэгтэй болоход онгод тэнгэр, овсгоо самбаа, хөрөнгө бэл өөр юу юу тусалсныг харцгаа. Ялангуяа шинэковууд ах, эгч нараасаа сурах юм их байна. За тэгээд бүр сайн сурдаггүй юмаа гэхэд сайн хуулах ч сайн шүү. Ингээд БУРХАДын цаг эхэллээ.

Увсын Улаан Жамсран
Хоёр сайхан Долгормаагаа холбож хөтөлсөн Нямка
Ховор төрийн албанд уригдаж оддог Нямка ... гэж ирээд л бужигнуулдаг эр дээ.
Түүний ард Увсчууд тэр чигээрээ байхад “Надыг яахын” гэсэн янзтай тойрогтоо бардамхан нэр дэвшээд ялалт байгуулчихна. “Би бол сонгуульд мөнгө, хүч хэрэглэдэггүй. Ганц хөл дүүжлэх унаа, хуудас сонин байхад надад хангалттай, тэгээд л болоо. Нэр дэвшигчид нь хүнд, сонгогчдод итгэдэггүй учраас л баахан юм тараадаг. Би мөнгө, элдэв зүйл тараахыг сонгогчдыг басамжлан доромжилсон хэрэг гэж ойлгодог хүн” хэмээн тэрбээр хэлсэн удаатай. Түрээсийн байранд амьдардаг гэрт нь зурагт ч байхгүй гэж бас нэг удаа ярьж байв. Үнэхээр нөгөө солонгос сериал дээр гардаг ар гэр нь асар ядуу мөртлөө хаандаа хамгийн хүндлэгдсэн мэргэн ухаант сайд шиг нэгэн юм болов уу? Ямартай ч мэнгэт сайд хуйхных нь үс үзэгдээд өнгөрөх төдийд Увсчууд мөргөж сөгдөх нь халаг, шууд 100 хувь саналаа өгдөг гэж байгаа. Тэр байтугай өөрийнх нь дараа Их хуралд хэн нэр дэвшиж, хэн гарахыг хүртэл тэр мэднэ.
Түүний үг, үйлдэл Увсдаа бол хууль л гэсэн үг. Тэгэхээр түүнд Увсын Улаан Жамсран сахиус гэж нэр хайрлавал яаж байна? Сүсэг ихт хүмүүс нэрий нь ч хэлэхээс жийрхдэг Улаан Жамсран бол Монгол орныг даасан догшин сахиус. Мэнгэт сайд Увсдаа л Улаан сахиус гэж мэд. Ийм зэрэгт хүрэхэд их замыг туулсан нь мэдээж.
Дунд сургуулиа орон нутагтаа дүүргэчихээд Ленинград руу одсон Нямка В.Путин, Д.Медведев нарын багшаар хичээл заалгаж байсан гэдэг. Их сургуулиа төгсч ирсэн цагаасаа энэ биеэ зөвхөн хууль цааз болоод төр, улс төрд зориулж яваа. Өөрийнх нь хэлсэнчлэн халаас нь хоосон ч мань эр улс төрийн тавцанд будааны ширхгээс олон дайсантай. Н.Энхбаяр, М.Энхсайхан, Л.Гүндалай, Х.Тэмүүжин, Х.Баттулга, З.Энхболд гэгчлэн түүний “будаа”-нуудын нэрс хөвөрнө. Ингэхэд хэр олон дайсантайгаар тэр хүний амжилтыг хэмжиж болох юм биш үү дээ.
Баянголын Богд Жавзандамба
Орчин цагт вангийн хошуу байна гэвэл та итгэх үү? Цаад Баянгол дүүрэг чинь “Эрдэнэ вангийн хошуу” болсоор удаж байна шүү дээ. Ван яадаг юм? Үе удмаараа хошуугаа захирна. С.Эрдэнийн талын 21 хүн Иргэдийн хуралд төлөөлөгч гээд л бодчих. Өөрөө бол 2000 оноос эхлэн хошуундаа Ардчилсан намын даргын албыг хашиж буй. Цагтаа чухам Баянгол дүүрэгтээ Намбарын хүү Number One байхад мань эр л ана мана, ач тач үзэлцэж, цөөхөн саналын зөрүүгээр ялагдаж байв ш дээ. Улмаар 2008 оны сонгуульд дахин нэр дэвшиж, маадгархан ялалт байгуулсан ч МАН-ы хорчин нөхөд зарга үүсгэснээс их хурлын мандатаа авахгүй хэсэг явсан. Тэр цагаас хойш С.Эрдэнэ ван хошуу нутагтаа ёстой ноёны дүрээр толгой гэдгэр тухалж, торох юмгүй тойргоосоо гардаг болсон доо. Энэ хүртэл хичнээн ч их зам туулсан юм, бүү мэд. Эцсийн эцэст түүний уйгагүй, гуйвшгүй чанар, жинхэнэ эр мөн чанарыг Баянголчууд мэдэрсэн хэрэг.
Гаднаа хатуу ширүүн мэт харагдавч дотроо бол зөөлөн, уяруу, ааш ааль, ажилсаг хичээнгүй гэж дөрвөлжин бурам шиг хүн дээ. Ядаж байхад угийн жалга довны үзэл үл үйлчлэх Улаанбаатар хотод ингэж орон зайгаа эзэлнэ гэдэг баргийн аавын хүү хийх ажил биш. Нөгөө талаасаа Баянголчууд азтай улс. Хазайгаад ирэхэд түшээд авах ийм хошуу ноёнтой дүүрэг ч их хотод байхгүй. Тэгэхээр Баянголын Богд Жавзандамба С.Эрдэнэ гэхээр яг л байгаа онож байгаа юм даа. Яахав, атаач зарим нь төрлөөрөө Баянголыг эзэгнэлээ гэх авч тэд тун сайн баг болж ажилладаг. Олон толгойтой могой үүрэнд орох гэж алалцах бол нэг толгойтой могой үүр байтугайд орж их үйл бүтээдэг үлгэр байдаг даа.
Хошуугаа төвхнүүлээд өөрөө төрийг “дайлаар” мордохдоо сайдын суудлаас буунаа нэг байхгүй. Иргэдэд хамгийн чухал нь гэж хэлж болох Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар тэр л суулаа шүү дээ. Баянголчууд түүнд зүрх сэтгэлээ алдахаас ч аргагүй. Вангийн хошуу одоохондоо нам тайван, амьдрал үргэлжилж байна. Хошуу тайван цагт Богд тайван, баг бүрэн бүтэн цагт түүний хаанчлал үргэлжилсээр байх биз. Та нар гонсойх ч үнэнийг л хэлье, С.Эрдэнийн баг командыг хэн ч очсон барахаа нэгэнт өнгөрчээ. Юмыг яаж мэдэх вэ, сонгуулиар буугаад мордохгүй юу, буянтай Богдоос “адис” хүрт.
Дундговийн Баян Намсрай
Гишүүн маань Өлзийт сумын 90 жилийн ой тохиоход бүх өрхөд нь мотоцикль бэлэглэжээ. Амьдралдаа сонгосон түшээгээсээ сэтэрхий тэвнэ ч авч үзээгүй хүмүүс гомдмоор, цагаан атаархал төрмөөр сайхан бэлэг. Тэгсэн “Хятад мотоцикль осол аваар их гаргадаг. Эрчүүд магадгүй унаж яваад үргүй болдог. Б.Наранхүү арай ...” гэж ирээд л суутнууд бичих юмаа бас. Мөнгөөр барахгүй бяргүйгээ мэдрээд хийсэн хөөрхий сөрөг ПиАр, муухан онигоо ч ийм байхгүй. Нутагтаа болсон бүх наадмыг ивээн тэтгэж, морь бөхийг нь машинаар байлдаг түүн шиг өгөөмөр хүн энэ орчлонд үгүй. Тиймдээ ч дундын говийнхон Баян Намсрайг бус Б.Наранхүүг шүтэн дээдэлдэг гэх яриа гарсан түүхтэй.
Сар шинийн баяраар л гэхэд ахмадууд түүний өгсөн бэлгийг даахгүй шахам явдаг гээд бодчих. Улс орон даяар баяр хөөр болсон 3 сая дахь иргэний чацуутан нутгаас нь тодроход тэр яасан гээч! Ц.Азбаяр хүүд Улаанбаатар хотын “Sunny town”-д 125 сая төгрөгийн үнэтэй байр бэлэглэж, 1 сая төгрөгөөр урамшуулсан.
Насаараа явган явсан АЖ Г.Хайдав гуайд тэр л “Ланд круйзер” 200 бэлэглэв шүү дээ. Энэ мэтчилэн Баян Намсрайн хаялагыг тоочоод байвал барахгүй. Үгүй мөн амны хишигтэй, азтай, хийморьтой улс аа, энэ говийнхон. Түүнээс өмнө Ж.Наранцацралт агсан төрийн хар хүний хувиар тэдний өрийг зөөллөж, нөмөр түшиг болж явав.
Жижиг аймгаар зогсохгүй улс орны хэмжээний лидер тэр эрхэм хүний араас түүн шиг улс төрд дархан цолгүй ч улс амьтнаа ядарч зүдэрч явахад нь түшээд авах ийм сайхан хүү гарч ирсэн нь яамай даа. Дундговьчууд түүнийг тус бүрд нь авдар алт өгсөн ч солихгүй байж мэдэх юм. Б.Наранхүүг бэл бэнчин, өгье гэсэн шиг өгдөг нүнжиг сэтгэлээрээ барах хүн байх болов уу? Сонгуулиар хэцүүдэх нь дээ, сонирхогчид оо!
Баянхонгорын баадаг бурхан
Цэнхэр дэлгэц дүүргэсэн охид, бүсгүйчүүдийн нүд хужирладаг сайхан залуу Женко Х.Баттулга улс төрд юугаар хөл тавьсныг та мэдэх үү? Дээд сургуулийн хаалгаар шагайж үзээгүй тусгай, дунд боловсролтой залуу бизнест хөл тавиад яралзуулж явж гэнэ. 2002 онд Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгорт зуд турхан болоход арай мөнгөлөгөөр нь түүнд хүмүүс туслалцаа үзүүлж өгөөч гэж санал тавьсан юмуу даа. Уриалагхан нь дэндсэн хүн болохоор ийм санал аваад байрнаасаа ховхроогүй олон залхуучуудаас түрүүлэн тэр хэд хэдэн чиргүүлтэй машинаар тэжээл аваачиж бэлэглэжээ. Мэдээж энэ үед нүдэндээ доголон нулимстай хэдэн малаа хэзээ нүд анихыг л хүлээхээс өөр аргагүй болсон хүмүүс магнай хагартал баярласан нь тодорхой. Улмаар 2004 онд түүний тэжээл УИХ-ын түшээ болох эрхийг авчрав. Уг нь Женко бол энэ талаар бодоо ч үгүй явсан юм гэнэ лээ. Аз од, амьдралын хувь төөрөг гэж сонин бөгөөд сохор эд шүү.

Тэр улс төрд хөл тавьсан цагаасаа Баянхонгороос гурван удаа гудийх ч үгүй сонгогдоод байгаа. Монголын толгой баян маань аргагүй наймаачин хүн болохоор юу гэж иргэдээ үнэгүй “угжаад” байх вэ дээ. Сонгогчдод элсэн чихэр, цагаан будаа, гурилыг зах зээлийн үнээс доогуур үнээр тогтмол өгдөг. Хааяа нөгөөхийнх нь нийлүүлэлт түр тасалдахаар өрсөлдөгчид нь “Женко дараагийн сонгуульд унах нь ээ. Будаа, гурил нь тасарлаа, иргэд ууртай байна” гэж баярласан хэрээ шиг бархиралдах авч ер газар авахгүй өнгөрнө. Дээр нь баадаг бурхан маань тв шоуны од болчихлоо. Уучлаарай, та нар Баянхонгорт Женког үнэндээ барахгүй. Та нарт гэсэн ч сонголт байна. Зуд болохыг хүлээх, эсвэл түүний хийдгээс гоё тв шоу хийх, бие бялдараараа ядаж бараа сүрэнд нь хүрэх гэх мэтчилэн. Ядаж л бүсгүйчүүдэд таалагдтал инээгээд сурчих, бас “хөзөр” шүү. Баянхонгортоо л баадаг бурхан шүү дээ, цаадах чинь.
Отгонтэнгэрийн онгон охин
Энэ бүсгүйн дотоод эрчим хүчийг анхандаа нам нь олж хараагүй юм. Ямартаа л нам нь нэр дэвшүүлэхгүй болохоор бие даан өрсөлдөөд ялагдал хүлээх вэ. Улмаар 4 жилийн турш нутгийнхандаа тусалж зуд болоход өрх бүрт 500 мянган төгрөгний тусламж үзүүлэв. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэгчлэн үнэхээр сайн хүнээ олж сонгоогүйгээ ойлгосон Завханчууд тэр цагаас хойш түүнийг их хуралд илгээх болов. Ийм л юм болсон.
Түүнийг “Цагаан уулын охин” хэмээн ихэд хүндэлдэг юм билээ. “Отгонтэнгэр” их сургуулийг үүсгэн байгуулсан тэрбээр хэдэн мянган оюутныг сурган хүмүүжүүлэх ажлын ард гарсан. Монгол улсын гавьяат багш цолтой ч тэр тэмдгээ тэр бүр ил зүүж яваад байдаггүй нь даруу байдлыг нь илтгэх мэт.
Эмэгтэй гишүүд дунд ноён нуруу, биеэ цэгцтэй авч явдаг нь эрхгүй ялгарна, багш хүн шүү дээ. Хүний өөрийнх нь аяга хэдий хэр гүнзгий, дүүрэн байхын хэрээр бусдад туслах бололцоо бүрддэг. Тэр аягаа дүүргэсэн хойноо улстөрд орсон тул төсвийн мөнгөнөөс “хумсалдаг” гаруудаас тэс өөр. Нутаг орон нь цэцэглэж түшээ нь эргэн очих сэтгэлтэй, Завханчууд энэ охиноо хайрлахгүй байхын аргагүй. Хэрвээ түүнтэй нэг тойрогт учраа таарвал танд сонголт бас байгаа. Ялагдсан ч гэсэн тойргынхноо битгий орхиорой. Энэ ер нь бүх тойрогт нэр дэвшигч, ялсан ялагдагчдад хамаатай, хамгийн их хамаатай. Дүлий дүмбэ оргиод эргээд уулзахгүй нүүр юм шиг, эсвэл тойргоо солиод зугтчихдаг нөхдүүд одоо ер газар авахгүй дэг ээ.
Ховдын Хошуу ноён
Уг нь нөгөө “Ард түмний мисс”, “Ард түмний гавьяат” гэдэг шиг Ш.Адьшаа аль хэдийнэ гишүүн болчихсон хүн шүү дээ. Сонгуульд бие дааж нэр дэвшээд ялсан нь ч тодорхой болж оргилуун дарс буудуулж байхад С.Бямбацогт, Д.Батцогт гэж нэг айлд хүргэн орсон хоёр залуу “шидэт дохиур”-аар нэг л дохиод, саналын дүн гучхан минутын дотор эсрэгээрээ эргэсэн гэж байгаа. Гэвч Ш.Адьшаа гандан буурсангүй, нутаг орныхноо ч орхисонгүй. Өмнөх сонгуулиар луйвар яаж хийдгийн яруу тодыг ойлгосон тэрээр дараагийн сонгуулиар даам гарах нь тодорхой байгаа гэнэ лээ.
Түүнийг Ховдын хошуу ноён гэвэл яг тохирно. Учир нь тэр 10 гаруй жилийн өмнөөс Ховдоос төрсөн тэрбумтнуудаас хөрөнгө мөнгө татаж, аймгийнхаа төвд Баруун бүсийн бурхан шашинтны төв, 108 суварга цогцолборыг барьж босгосон. Баргийн аавын хүү хийж дийлэх ажил биш. Чухам эртний үеийн хошуу ноёд л ийм том үйл хэргийг эхлүүлж, гүйцэтгэж байсан биз. Түүнд бас нэг давуу тал байгаа нь төрд орлоо гэхэд төсвөөс хумслах шаардлага байхгүй. Амандаа алтан халбага зууж төрсөн мэт буян хишигтэй, олон зонтой эр гэж байгаа. Олон ч хүнд тусалж, дэмждэг нь ховдчуудын талархал хүлээж, чухам нутгаас тодорсон бядтай, буянтай, сэтгэлтэй хүүгээ төрд гаргах гэж ард түмэн нь ирэх сонгуулийг тэсэн ядан хүлээж байгаа гэх.
Түүний АН-д элссэн явдал олон хүний зүрхийг зүссэн. Намтай намгүй нутагтаа хийхээ хийсээр Хошуу ноён шиг хүндлэл хүлээсэн энэ эрхэм АН-аас нэр дэвшвэл ялалт бат. Ядаж л бүхэл бүтэн намыг молиго үмхүүлэх хэмжээний потенциал гаргах гэж багагүй хүчин чармайлт орох биз, өрсөлдөгчид нь. Нам дагаж хөлжилгүй хөдөлмөр, үйлсээрээ танигдсан баруун хязгаарын хүү Төрийн ордонд ирэх эсэх цаг хугацааны л асуудал боллоо.
Хэнтийн Өэлүн үжин
Яахав, хүн нь өөрөө баян, Монголын хамгийн баян 100 тэрбумтны дунд багтдаг, эмэгтэйчүүд дундаа хөрөнгөөрөө Д.Арвин 9-д бичигддэг л дээ. Түүний сар шинийн гоёл хамгийн багадаа мөнгө чанга байх үед 1 сая төгрөгийн өртөгтэй байсан гээд л бодчих. Улаанбаатар хотод төрсөн, Дорнодод хүүхэд насаа өнгөрөөсөн хүн ер нь яагаад ч Хэнтий аймгийн нүүр царай болчихдог юм бүү мэд. Түүнд нутгийн зон олон тун элгэмсүү хандаж гурван удаа их хуралд илгээсэн. Дондогдулам хатны сүнстэй “ярилцан” байсгээд л Хэнтийг зорьж энэ талаараа хэвлэлээр нүүр дамнасан нийтлэл гаргадаг нь түүний үндсэн пиар. Юу чадна, түүгээрээ л үзэх байх л даа.
Гэвч түүнд нэг муу тал бий. Урвагч зан улс төрд хамгийн өөдгүй үзүүлэлт. Гэтэл Хэнтийн Өүлэн үжин нэг л өдөр тойргоо сольж, хотод нэр дэвшсэн шиг төрөлх намаа ядруухан болж ирэхэд АН-д урваж орхисон. Уг нь ч туршлагтай улс төрчийн хувьд барагтай бол хийгээд байх алхам биш. Гэтэл тэр ёстой зоригтой хийсэн дээ. Магадгүй Баянзүрхэд, АН-д түүний сүнсний дуудлага дуугарсан ч юм билүү, ихээхэн сүсэг бишрэлтэй хүн шүү дээ гэх улс ч байх юм билээ. Ямартай ч энэ домгийн үргэлжлэлийг бид ирэх сонгуулиас харна. Баянзүрхэд түүнтэй нэг тойрогт үзэлцэх оноолт таарвал тэнгэрийн гэсгээлээс аюутугай, биширтүгэй. Бөө нарын шийдсэн мэх бөхөөс ч хэцүү байж таарна. Та зүгээр л хамгаалалтаа аваад яваарай. Ер нь бол Баяраа өөрөө л уначихдаг шиг хүн гэдэг өөрийгөө л ялагдуулах юмыг хийдэг юм шүү дээ. Хэнтийд босоо байсан Өэлүн Үжин Баянзүрхэд ямар гээч дүрээр тодрохыг бид таашгүй.
Улаан хөлтийг урдаа гишгүүлдэггүй супер ододтай та бүхнийг танилцууллаа. Гэсэн ч танд ухрах зам байхгүй, аль хэдийнэ тойргоо сонгочихсон мачийж байгаа байх. Ер нь өрсөлдөөнд нэг номерын хүнтэй үзэлцвэл дээшээ цойлдог гэдэг дээ. Ийм баатруудыг ялж гарч ирэх нэгэн байвал тэр гарцаагүй шилдэг нь байх болно. Ялалтын төлөө үзээд алд!
Эх сурвалж;www.grandnews.mn
Б.Ундрал
Сэтгэгдэл (3)