Авьяаслаг аав хөвгүүдийн нууц арми

Авьяас удамшдаг зүй тогтолтой. Ялангуяа урлагийн авьяас эцгээс хүүд, үеэс үед, өвлөгдөж ирсэн нь элбэг. Эцгийнхээ авьяас болоод мэргэжлийг өвлөсөн олон аав, хүүг та бид танина. Агуу их Сэвжидийн хүү Сүхбаатар, түүний хоёр хүү том, жижиг Амараа, жүжигчин Цог гуай, түүний хүү жүжигчин, найруулагч Бат-Өлзий, Бат-Өлзийн хүү авьяаслаг залуу жүжигчин Тамир, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын хүү Японд хөгжмийн сургуульд суралцаж буй, цагтаа загвар өмсөж явсан Дамдинцэрэн, Төрийн шагналт яруу найрагч Б.Лхагвасүрэн, хүү залуу найрагч Л.Хасар гээд олны хэдийнэ таних авьяаслаг аав, хөвгүүдийн нэрс хөвөрч өгнө. Харин бид энэ удаад олон нийт төдий таньдаггүй авьяаслаг аав хөвгүүдийн нууц армийг таны өмнө дэлгэж байна. Мэдээж  Холливудын нэр алдартай аав, хөвгүүдийг ч бас танилцуулахаар бэлтгэлээ.

Ц.Төмөрбаатар Т.Анар 

Агуу их Цагааны Цэгмэдийн 3 дахь үе Монголын кино урлагт хүч үзэж явна гэхээр бахархууштай. Цэл залуу 25-тайдаа Төрийн шагналаа буцааж, дуулиан тарьж байсан цөс ихт жүжигчин Ц.Төмөрбаатар Цагааны Цэгмэдийн үр гэсэндээ Монголын тайз, дэлгэцийн урлагт тод мөр, том орон зайтай уран бүтээлч. Тэгвэл энэ эрхмийн ууган хүү Т.Анар хэмээх залуу жүжигчин эр саяхнаас кино урлагт хүч үзэж эхэллээ. Энэ өдрүүдэд Үндэсний телевизээр үзэгчдэд хүрч буй “Улаан эрэг” түүхэн кинонд тоглож цэнхэр дэлгэцээр үзэгчидтэй уулзаж эхэлсэн Т.Анар ирэх онд нээлтээ хийх “Ану хатан” кинонд мөн түүхэн дүр бүтээж байгаа аж. Ц.Төмөрбаатарын анхны гэргийн ууган хүү тэрээр эцэг, өвгөдийн генийн үргэлжлэл гэсэндээ шаггүй жүжигчин гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хүрээнийхнээс авч байгаа гэнэ лээ. Түүнд амжилт хүсье. 


 

Ч.Найдандорж Н.Ариунболд 


УДЭТ-ын ерөнхий найруулагч энэ эрхэм урлагийн хүрээнд ёстой сайн муу, сайхан муухай бүх ажлыг хийсэн хашир толгой. Жүжигчин, найруулагч, Монголын анхны хошин урлагийн театрыг үүсгэн байгуулсан гээд хийсэн ажил, хэлэх үг ихтэй Ч.Найдандорж мөн л өнөө цагийн тэрслүү үзэлт, ааш муут, диктатурч уран бүтээлчдийн нэг. Энэ жил УГЗ хэмээх цолоор энгэрээ мялаасан Найдаа найруулагч Монголын ард түмэн намайг нэг эхнэр, хоёр хүүхэд, нэг байр, нэг машинтай гэдгийг мэднэ хэмээн омгорхдог. Түүний гэргийг С.Солонго гэдэг бөгөөд Үндэсний телевизийн сэтгүүлч, урлагийн гэр бүлээс гаралтай бүсгүй байдаг. Аргагүй урлагийн гэр бүлд төрж өссөн хоёр хүү нь хоёулаа энэ салбартаа үлдсэн бөгөөд ууган хүү Н.Ариунболд нь аавынхаа мэргэжлийг өвөлж найруулагч болсон бол бага хүү нь АНУ-д мөн л урлагийн чиглэлээр суралцаж байгаа аж. 
Аавтайгаа усны дусал мэт адилхан энэ залуу ноёныг Н.Ариунболд гэдэг бөгөөд ТВ9 телевизийн “Зүүд биш байгаа даа” нэвтрүүлгийн найруулагч, хөтлөгчөөр нь үзэгчид түүнийг андахгүй танина. 

 

 

Д.Цэрэндагва Ц.Гансэрээ

 

Ардын жүжигчин Д.Цэрэндагва хэмээх амьд домог болсон авьяаслаг жүжигчин бий. Гэргий Ж.Мэндбаяр нь мөн л манай урдаа барих том жүжигчдийн нэг. Насны зөрүүтэй, хайр, амьдрал нь домог болсон хосууд 2 талаасаа хоёр, хоёр хүүхэдтэй нийлж байсан бөгөөд Д.Цэрэндагва гуайн ууган хүү Ц.Гансэрээ хэмээх авьяаслаг найруулагч эр бий. “Freeline” хэмээх хувийн студитэй ноён Ц.Гансэрээ “Монголиан мюзик” продакшны зохион байгуулсаар ирсэн Mongolian music video awards шилдэг клипмэйкерүүдийг шалгаруулах наадмыг урилгаар шүүдэг том уран бүтээлч. Нүд, хөмсөг болсон найруулагч эрхмийн гэргий Үндэсний телевизийн урдаа барих дуу оруулагчдын нэг, Дэлхийн шилдэг кино төслийг удирддаг байсан эгдүүтэй хөөрхөн жүжигчин бүсгүй Батцэцэг гэдгийг манайхан тэр бүр мэдэхгүй болов уу. Уран бүтээлч хосууд “Freeline” студээрээ дамжуулан телевизүүдийн кино албыг хариуцах, уран сайхны кино, захиалгат нэвтрүүлэг хийх зэргээр зогсоо зайгүй ажилладаг уран бүтээлч гэр бүл. Манайхны сайн мэдэх “Хайрын эрэлд” телевизийн олон ангит киног “Боловсрол суваг” телевизтэй хамтарч хийсэн. 


 

Ч.Даваасvрэн Д.Ангараг


Монголын кино урлаг дахин сэргэлтийн үедээ ирээд буй энэ үед Монголын хамгийн үнэтэй зураглаачаар тодорч, кино багийнхныг уралдахад хүргээд буй нэгэн залуу уран бүтээлч тодрон гарч ирсэн нь Д.Ангараг хэмээх энэ залуу эр. Сүүлийн жилүүдэд Монголын кино урлагт гараагүй алдарт 90 саяын Гансүхийн амьдрал намтарыг өгүүлсэн “Бодлын хулгайч”-ийн зураглаачаар Д.Ангараг ажилласан бөгөөд тэр цагаас хойш киночид түүнийг булаацалдах болсон гэнэ. Энэ өдрүүдэд тэрээр “Ану хатан” киноны ерөнхий зураглаачаар ажиллаж байгаа бөгөөд операторын багийнх нь ажилчдын цалингаас гадуур 30 саяар уг кинон дээр ажиллах гэрээ хийсэн гээд манайд урд өмнө нь байгаагүй үнэ ханшийг тунхаглаад буй. Киноны зураг авч байгаа камер нь гэхэд энэ оны 3-р сард худалдаанд гарсан Canon-ы С300 маркийн Red one гэгддэг алдарт камер бөгөөд АНУ-аас “Ану хатан” кинонд зориулан 30 саяар авчруулжээ. 
Бээжингийн кино академийг дүүргэсэн цорын ганц монгол залуу, “Боролдой” Мягмартай ижил имижтэй хэмээх тодорхойлолтыг хэвлэлүүдээс аваад буй зураглаач эр Улсын Филармонийн захирал Ч.Даваасүрэн хэмээх эрхмийн хүү гэдгийг манайхан тэр бүр мэдэхгүй болов уу. 
Монголын мэргэжлийн урлагийн цөөн хэдэн байгууллагын нэг Улсын филармонийг сүүлийн 12 жилийн турш толгойлж буй Ч.Даваасүрэн ноёнтны тухайд мэргэжлийн бүжигчин. Чуулгаас уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан бөгөөд зах зээлийн давалгаанд чуулгаасаа гарч хувийн бизнест ханцуй шамалсан. Монголын анхны автомашины наймааг эхлүүлж, хариас машин хөлөөр нь оруулж ирж зарж байсан шаггүй бизнесмэн гэдгийг нь тэр бүр хүмүүс мэдэхгүй. 
Ер нь их нууцлаг эрхэм. Тэр байтугай Монголын анхны хувийн оффисын зориулалттай байшин барьсан нь Багшийн дээдийн ардах Time center хэмээх 6 давхар улаан байшин. ãэх зэргээр Монголын бизнесийн түүхэнд олон анхдагчдын шан татсан ноён Ч.Даваасүрэнг тухайн үеийн Соёлын сайд бизнесмэн хүний толгой Улсын филармонид хэрэгтэй хэмээн урлагаасаа бизнест урвасан товаришыг урлагт нь эргүүлэн татаж байсан гэдэг. Хөшигний ардах нууцлаг бизнесмэн эр жентåльмэн маягийн хувцаслалт, биеэ авч явах соёлоороо урлагийнхан дундаа эрхгүй ялгардаг нь аргагүй юм үзэж нүд тайлсан бийлэгжүү эрхмийнх гэдэг нь харагддаг. 


 

Г.Равдан Р.Баттогтох 

Үгийн урлагийн гайхамшгийг уран уншлагын ид шидээр сэтгэлд, зүрхэнд огштол урлаж, сийлдэг энэ цагийн энгүй их авьяастан УГЗ Г.Равдан гуайг манайхан андахгүй. Хатуу үгтэй, шулуун зантай, тэрслүү бодолтой энэ эрхэм их авьяас, их мэдлэгийн сүүдэр гэмээр ааширхуу нэгэн. “Сүүдэр” киноны Дугарын дүрээр хэр зиндааны жүжигчин болохоо харуулсан энэ эрхмээр өгүүлэг, туужаа уншуулж, уран бүтээлийн тоглолтоо хөтлүүлж, үнэлэлт дүгнэлт авах гэж хүсч, мөрөөддөг урлагийнõ цөөнгүй байдаг нь анзаарагддаг. Хувийн амьдралын тухайд ч адармаатай, зөвхөн Г.Равдан л бичиж, туулж болох хувь заяаг туулж яваа гавьяат маань нэг л өдөр 5 хүүхэдтэй анхны гэргийгээсээ салж, өөрөөсөө дүү бүсгүйтэй хуримлаж орхисон нь Г.Равдан 18-тай гэрлэж гэнэ, эхнэр хүүхдээ хаяж гэнэ гэсэн шуугиануудыг тарьж байлаа. Амьдралынхаа энэ алдаанд үргэлж гэмшиж явдаг хэмээсэн гавьяатын хүү Р.Баттогтох хэмээх жүжигчин эрийг танд танилцуулъя. СУИС-ийг дүүргэсэн ч уран бүтээлийн карьер хөөгөөгүй, эдийн засаг, банкны салбарт ажиллаж буй гавьяатын хүү аргагүй төрмөл авьяастны хүү гэсэндээ тун ч чадварлаг уран бүтээлч. Тиймдээ ч албан ажлынхаа хажуугаар киноны урилгад дарагдаж, өөрт таалагдсандаа тоглосоор урлагийн ертөнцөд орон зайгаа тунхаглаж, олонд танигдаж эхэллээ. Тэрээр мөн л “Улаан эрэг” кинонд тоглосон бөгөөд өдгөө “Ану хатан”-д Сэнгэ хунтайж хэмээх түүхэн дүрийг бүтээж байгаа аж. Тэгвэл түүний аав Г.Равдан гуай мөн дээрх кинонд Цөхүр Увшийн дүрийг бүтээж байгаа бөгөөд аав, хүү хоёр нэгэн кинонд тоглож буй ховор тохиолуудын нэг.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • zochin
    Ravdan sain jujgchn daan ch buun aash.huuhni dontoi
    2015 оны 11 сарын 27 | Хариулах
  • ZOCHIN
    MUNDAGCH AAV NAR MUNDAGHCH HUU NAR BOLJ BNA.
    2015 оны 11 сарын 27 | Хариулах
  • Zochin
    Ravdangiin huu Battogtoh esreg durd mundag shu, tumurbaatariin huu gsn ter Ulaan eregt mundag togloson
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025