Л.Болормаа агсанд хүндэтгэл үзүүллээ

Монголын сэтгүүлзүйн ертөнц тэр аяараа энэ өдрүүдэд эмгэнэн гашуудаж байна. Өдөр тутмын сониноос ажлын гараагаа эхлэн, уул уурхай, эдийн засаг, эрэн сурвалжлах чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч Лунтангийн Болормаа энэ цаг үеийн хэвлэлийн салбарын нэгэн тод од байлаа.

Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүн, The Mongolian Mining Journal сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч Лунтангийн БОЛОРМАА 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зуурдаар таалал төгсөж, Монголын сэтгүүл зүйн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.


Л.Болормаа нь МУИС-ийн сэтгүүлзүйн ангийг төгссөн, Германы  Олон улсын сэтгүүл зүйн (IIJ) хүрээлэн, АНУ-ын Олон улсын сэтгүүлчдийн институтэд эдийн засаг, бизнесийн сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Washington Post болон Grand Forks Herald сонины редакциудад  туршлага судалсан юм.



Л.Болормаа нь 1998 онд “Өнөөдөр” сониноос ажлын гараагаа эхэлжээ. Тэрээр 2001-2008 онд “Өнөөдөр” сонины Орлогч эрхлэгч, Нэгдүгээр орлогч эрхлэгчийн албыг хашиж байсан.

Л.Болормаа нь эдийн засаг, уул уурхайн сэдвээр англи ба монгол хос хэл дээр хэвлэгддэг The Mongolian Mining Journal сэтгүүлийг 2008 онд үүсгэн байгуулсан юм. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс түүний үүсгэн байгуулж, эрхэлж байсан The Mongolian Mining Journal сэтгүүлийг 2008, 2012, 2013 оны “Үндэсний шилдэг сэтгүүл”-ээр шалгаруулж байв.


Л.Болормаа нь залуу сэтгүүлчдийг сургах, дадлагажуулах, эдийн засаг, уул уурхайн сэдвээр мэргэшин бичихэд нь дэмжлэг үзүүлдэг “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллагыг 2010 онд санаачлан байгуулсан юм. Мөн эдийн засаг, уул уурхайн мэдээллийн хөтөлбөр бэлтгэдэг “Хөгжил” телевизийн студийг 2011 онд байгуулж, Eagle, С1, 25 дугаар суваг телевизүүдээр “Хөгжил” хөтөлбөр тогтмол цацагдаж, олны танил нэвтрүүлэг болсон билээ. 



Л.Болормаа нь 2007 онд шинэ сэтгүүл зүйн эхний өдрүүдэд тохиолдож байсан сорилт, туршлагынхаа талаар өгүүлсэн “Даашинзтай сурвалжлагууд”, 2014 онд шинэ сэтгүүлзүйн хэвлэлийн менежментийн талаар өгүүлсэн “Завгүй” номоо хэвлүүлсэн. Эдгээр ном сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнууд, залуу сэтгүүлчдэд сэтгүүл зүйн ур чадварын томоохон гарын авлага болж байв.     

Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн өнөөдөр 15 цагт Барилгачдын талбайд зул өргөх ёслол боллоо. Таны гэгээн дүр, үйл хэрэг бидний сэтгэл зүрхэнд үүр үлдэх болно. Ум сайн амгалан болтугай.


 

Эх сурвалж;www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025