
Монголчууд бид хэсэг завсарласны эцэст эргээд нөгөө Чингис хааны зохион байгуулалтад оровуудаа. Их сургууль нь хүртэл аравт тогтолцоо ярьж оюутнуудаа эмхэлж байхад метрополитан хотын иргэд ямар тогтолцоонд шилжээд байгааг та анзаарсан уу? Үнэтэй тансаг хаус хороололруу шилжин төвхнөж зэрэглэл илтгэх нь нүүдэлчин ахуйтай манайд шинэ тутам зүйл байхаа хэдийнэ болиод буй.
Солонгос явахаараа Ганнам дүүрэг гэж хошууран булан тохойд нь ч болсон зургаа авхуулахыг хичээдэг иргэншлийн “дон”-г эх орондоо хийх боломжийг нэгэн хороолол олгож. “Jarden Residence” хэмээх тансаг зэрэглэлийн энэ хороололд амьдрахыг хүсвэл 3 тэрбумыг төлөх хэрэгтэй болно.
Мэдээж байрлал Зайсанд, цэвэр агаар, их хотын хөл хөдөлгөөн дуу чимээнээс ангид, бүхий л үйлчилгээг хаашаа ч гаралгүй зөвхөн эндхээсээ авах боломжтой. Байрны тухайд дотор засал, тавилгаас эхлээд ширхэг чулуунд нь ч асар их мөнгө, ур ухаан шингэсэн гээд алмайрах юм энд олон аж.
Өндөр зэрэглэлийн харуул хамгаалалтыг даван бид папараци хийхэд Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон гэр бүлийн хамт өртөв. Амьдраад багагүй удсан бололтой хэзээ язааны мэт алхах ноён О.Орхон яг л байрны зөвлөлийн дарга шиг сүрхий харагдах аж. ХХБ-ны гүйцэтгэх захирал энэ залуу ноёнтон хөрөнгө бэл, хурааж хумьсан мэдлэгээрээ ч хэт дээдсийн хүрээнд икон болсон нэгэн гэдэг.
Түүний амьдралын хэв маяг, ааш аягийн франц аяст эрхэмсэг байдал шинэ Монголын дээдсийн хүрээнд даган дуурайх хэв маяг болж шагшуулдаг тухай ойр дотныхон нь шивнэж байх. Түүний сонгож амьдарсан энэ байранд топ Э.Одгэрэлээс өгсүүлээд нөлөө бүхий “сайхан” тодотголт бүсгүйчүүд эрх муужгай шиг тарвалзаж, бэлтэй эрхмүүд хуйгаараа суурьшсан гэлцдэг. “Камертон”-ы Эба газар тариалангаас багагүй үр шим хүртсэнийх дээд сүүдийн хороололд нүүж орсон юм байх. Түүний ихрүүд бужигнуулж явахтай таарав. Монгол Ганнам дүүргийн хугас өдөр иймэрхүү өнгөрдөг байх нь. Чухам хэн, хэн амьдардаг нь ихэд нууцлагдмал тансаг хорооллынхон эхнээсээ баригдаж эхэлсэн нь энэ. Боломж л байвал нэг олдох амьдралд тансаг, эрхэмсэг, тав тухтай амьдрах сайхаан. Амьдрах урлаг мөн. Гэвч нөгөө талд ард түмний амьдрал хүнд л байна шүү дээ, эрхмүүдээ.
Сэтгэгдэл (23)