Эвлэгхэн хоолой нь хэн нэгэн “эртний” дуучинтай адил бол түүгээрээ дамжуулан мартагдсан дурсамж сэдрээж од болох тохиолдол дуучдад олон. Э.Болор-Уянга хэмээх дуучныг эстрадын дуучин Д.Эрдэнэцэцэг агсны “хуулбар” гэлцэх нь бий. Нэгэнт энэ амьдрал, энэ насанд нэр холбогдсоных эрхэм дуучны дурсгалд зориулан “Дурсъя, дуулъя” нэртэй цомог гаргасан нь олны таашаалд нийцсэн. Хуучны дуунуудаар хэсэг мандсан ч хувийн амьдралдаа анхааран таг чиг болсон бүсгүй саяхнаас гарч ирэх болов. Нөхрөөсөө салан охиноо өсгөн амьдарч буй ганц бие ээж түрээсийн байранд амьдардагаа ч хэвлэлд ний нуугүй хуучилсан байдаг. “Гоолингоо”-г бүсгүй хүн дуулбал насаараа ханийн тэнгэргүй амьдардаг гэдэг шиг уран бүтээлд ч энерги чухал. Өөд болсон хүний нэрийг ч хэлэхээс цээрлэдэг атал хамаг сэтгэл зүрхээ шингээсэн уран бүтээлийг олны хүртээл болгож түүгээрээ арав таван төгрөг зулгааж амьдрах хэр өгөөжтэй байдаг эсэх бас бодох л асуудал. Ямартай ч энэ бүсгүйд од болох бүх “өгөгдөл” буй ч одоогоор нэг л эвээ олохгүй байх шиг.
Сэтгэгдэл (9)