-Мангар хөөрхөн ...
-Пөөх тийм үү? Ингэхэд “мангар хөөрхөн” гэж ямар хөөрхнийг хэлдэг юм бол оо?
Нийслэл Улаанбаатар хотын төрсөн өдөр өчигдөр тохиож бидний утасны мэндчилгээ ч “Юу байна?” биш “Төрсөн өдрийн мэнд. Их хотынхоо төрсөн өдрийг мэддэггүй юмуу. Тэмдэглэх үү?” болсон байв. Бид угаасаа их “баярсаг” боловч магад хамгийн даруухан өнгөрүүлдэг баяр нь энэ бололтой.
Ямартай ч энэ өдөр гэртээ нийслэл салат базаж суухын оронд Улаанбаатар чуулгат “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклийг үзэхээр зорьж очив. Дуурь, драм, “Black Box”-т юм үзсэн дурсамж зузаарсан бол энд анх удаагаа үзэх гэж буй нь энэ.
Мюзиклийн гол дүрд энэ цаг үеийн урлагийн ертөнцөд тодорсон New Generation-ууд болох А.Хишигдалай, Г.Тэнүүн, С.Зоригт нар дээр plus ганцаараа СТА хэмээх “хөгшчүүл”-ийн сэтэртэй Т.Амина нарын нэр дуулдсан тул үзэгчид залуус голдуу байв.
Энэ чуулгат нээрээ үзэгчдийн шимтэн үзэж буй “Авьяаслаг Монголчууд” шоуны зураг авалтыг хийсэн талаар хөтлөгч, одоо бол тус чуулгын маркетингийг хариуцаж буй Х.Болорбат хууч хөөрөв. Шинэ үеийн бас л шижигнүүлж буй авьяаслаг хөтлөгчдийн нэг тэрбээр өөр нэг зүйлээрээ олноос онцгойрдог нь дэгжин хувцаслалт нь. Энэ үдэш цэнхэр хүрмээр гангаран ирсэн зочдыг найр тавин угтаж суудалд нь хөтлөх шахам аваачиж суулгах аж.
Ийнхүү “мангар хөөрхөн” ч гэх юмуу орчин цагийн залуусын яриаг сонсон тайзнаас Улаанбаатарын тухай дуу эгшиглэн байтал хөшиг нээгдэв. Мюзикл үзэж байгаа нь анхных, чуулгат юм үзэж байгаа нь ч анхных, ер нь юу үзэх гэж байгаагаа огт мэдэхгүй байгаа учраас их л догдлов.
Гол агуулга: Хөдөөний охин Дууяа, хотод амьдраад бас ч гэж удсан найз Мөнгөө дээрээ ирнэ. Мэдээж шинэ оюутанд мэдэхгүй чадахгүй зүйл их учир “туршлагатай” найзаа бараадаж буй нь тэр. Яагаав нөгөө “650” гээд нэг кинон дээр нэг байрны охин нь сүрхий “гар” байдаггүй юу Мөнгөөг нэг тиймэрхүү л хүн гээд бодчих, товчхондоо. Мөнгөөгийн дүрийг Т.Амина, харин Дууяад А.Хишигдалай тоглов. Т.Амина ер нь амьдрал дээр хэр охин юм бол? Дуулдаг гэж л мэдэхээс жүжиглэж байгааг нь харж байгаагүй учраас сонихон байв.
Заяаны хань зам дээр гэдэг биелэх гээд ч байх шиг Дууяа онгоцны буудал баян хархүү Эрхэс, түүний найз хийсгэлэндүү Амараа хоёртой таараад орой нь найзтайгаа бааранд дахин таарах аж. Гэнэн цайлган, засаж янзлаагүй “ориг”-оороо хөдөө нутгийн охин залууст нэг талаас инээдтэй, нөгөө талаас ихэд таалагдана. Юм үзэж нүд тайлсан Мөнгөө баян залуусыг “сэгсэрч” сурсан жишгээрээ тэр хоёрыг тархидахыг оролдоно. Гэвч тоглоомонд ч бас хэмжээ хэрэгтэй. Дууяа тэр өдрөөс хойш үнэн сэтгэлээсээ Эрхэст дурлаж орхино.
Эрхэсийн дүрд Г.Тэнүүн, Амараад С.Зоригт тоглов. Нээрээ л ажаад байхад залуу дуучин Г.Тэнүүн нэг тийм ойлгомжгүй, оньсого шиг төрхтэй юм гээч. Харин мань С.Зоригт бол кинонд үргэлж сагсалзсан, бүтэлгүй дүрд яв цав таардаг. “Фэйсбүүк од” өөр бас ямар ч билээ кинонд тиймэрхүү дүрдээ ихэд зохисон байдлаар тоглож харагдсан. Харин Г.Тэнүүний тухайд дуурийн театрт “Риголетто” үзэх гэж яваад нэг таарсныг эс тооцвол олон хөлийн газар ч, кино дэлгэцнээ ч харагдаад байдаггүй “битүү морь”. Үеийн залуус нь өөр юм хийж явахад гав ганцаараа дуурь үзэх гэж явдаг нь тухайн үед сонин санагдсан шүү.
Гэнэн охин Дууяа охидыг оймс шиг сольдог баян залуу Эрхэсээс хүүхэдтэй болж 10 жил үерхсэн хөдөө нутгийн хархүүгээсээ сэтгэл буруулна. Хүүхэлдэйн киноны баавгай шиг өгөөмөр сайхан сэтгэлт хөдөө нутгийн залуу Судараагийн дүрийг Ё.Даваасүрэн хэмээх залуу дуучин бүтээв. Түүнийг гарч ирэхээр л залуус дэмжин алга нижигнүүлэх юм билээ. Эвлэгхэн дуулчихдаг, магад энэ үдэш дүрдээ хамгийн сайн орж буй нь байх шиг санагдсан. Юм юм цухалзуулсан шинэ од гарч ирэх нь үү дээ.
Тоглоом: Хэзээнээс ч юм “охидоор тоглох” гэдэг ойлголт, хэлц гарч ирэн сонсож байгаа нь ч магад тэрийгээ хэрэгжүүлж байгаа нь ч энгийн юм шиг хүлээж авах болсон. Тэр тухай л өгүүлсэн мюзикл байлаа. Үйл явдал хооронд холбоос нь дуу, бүжиг бөгөөд өнөөгийн залуусын амьдрал, хот хөдөөгийн ялгааг тун сонирхолтой хэлбэрээр үзүүлжээ.
Өнгөрсөн жил гурав тоглогдоход танхим пиг байсан сурагтай, энэ жил ч бас. Зохиолч Т.Нипонийн бүтээл уг мюзикл өнгөрсөн жил нээлтээ хийжээ. Орчин цагт хит болж буй танил дуунууд эгшиглэж залуус ч таатай хүлээж авав.
Ингэхэд орчин цагийн залуусын икон хэн бэ? Лав л дуучин Чойжоо гитартайгаа тайзны өнцөг дээр суучихсан “Хүрч чадахгүй” дуугаа намуухан эхлэхэд алга нижигнүүлэн бүгд даган дуулж байв. Дүр сонголт, дуучдын дууны сонголт бүх зүйл жин бан нь таарсан санагдав.
Хөөрхөн мюзикл үзсэн сайхан үдэш сэтгэл дүүрэн гэртээ харив. Магадгүй дахиад тогловол үзэх байх. Би угаасаа таалагдсан киногоо, үзвэрээ хэд хэд үзэж санаа амардаг хүн л дээ. Нийслэл хотын маань төрсөн өдөр залуус үзэж харах юмтай сайхан болж өнгөрлөө.
Ингэхэд яагаад энэ төрлийн залууст зориулсан мюзикл цөөхөн тавигддаг юм бол? Уран бүтээлчид нэгийг бодно байгаа.
Баярлалаа, I love UB!
У.Цахирмаа
Сэтгэгдэл (1)