Дэлхийн урлагийн сор болсон бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, уран бүтээлчдийн мэргэжлийн болон соёл урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Монголын урлагийн зөвлөлөөс санаачлан АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран нэгэн сонирхолтой тоглолтыг зохион байгуулах гэж байна. Америкийн Портланд хотын “Нортвест данс прожект” компанийн “Америкийн орчин үеийн бүжгийн үдэш" тоглолт энэ сарын 25-нд 19.00 цагаас Дуурь, бүжгийн эрдмийн театр болно.
Америкийн орчин үеийн бүжгийн хөгжлийг тодорхойлогч, дэлхийн шилдэг бүжиг дэглээч, шилдэг бүжигчдийг нэгтгэн нийт 175 цоо шинэ бүтээлийг толилуулсан “Нортвест Данс Прожект” компани 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монголд анх удаа өөрсдийн шилдэг дөрвөн бүтээлээс танилцуулахаар болжээ.
Мөн аялан тоглолтын хүрээнд “Нортвест данс прожект” компанийн уран бүтээлчид ДБЭТ, мэргэжлийн дуу бүжгийн чуулгын 100 гаруй залуу бүжигчдэд мэргэжлийн сургалтыг удирдан явуулахын сацуу тус компанийн гэрлийн дизайнер, тайзны менежер хамтран мэргэжлийн тайзны удирдлага зохион байгуулалт, гэрлийн сургалтыг 50 гаруй мэргэжлийн гэрлийн инженерүүдэд зохион байгуулахаар болж буй онцлогтой гэнэ.
Орчин үеийн бүжгийн төрөл нь ХХ зууны дунд үеэс үүссэн ба Америк, Европт хүчээ авч, энэ төрлийн бүжигсонирхогч, суралцагч улам бүр нэмэгдэж, мэргэжлийн урсгал чиглэл ч бий болжээ.
Орчин үеийн бүжиг буюу контемпорари бүжиг нь сонгодог, модерн, жазз бүжгийн элементүүдийн хэсгээс өөртөө шингээн, өөрийн гэсэн өвөрмөц хэв маяг, хэмнэл, хурд, хөдөлгөөнийг бий болгож чадсан төрөл. Бүжгийн хөдөлгөөн, өгүүлэмж нь хүний оюун санаа, бие махбодид хүчтэй нөлөөлж, өөрийн гэсэн түүхийг өгүүлэх ба цаг үе, нийгмийн хөгжлийг даган хувирч, өөрчлөгдөн баяжигддаг, нарийн гоо сайхан, мэдрэмж бүхий онцлогтой билээ.
Эх сурвалж www.grandnews.mn
Б.Дэжид
Сэтгэгдэл байхгүй байна