Дэлхийн хотууд худалдаа, үйлчилгээний салбартаа ихээр анхаарах болжээ. Иргэдийнхээ оюуны болоод соёлын хэрэгцээг хангахын тулд төрөлжсөн дэлгүүрийг олон улсын жишгээр нээн ажиллуулдаг. Харин манай улсад “Интерном”-ын их дэлгүүрээс өөр оюуны хэрэгцээг нэг дороос хангах дэлгүүр байгаагүй юм.
Тэгвэл нар хур тэгширсэн, намрын налгар энэ сайхан өдөр“Мөнхийн үсэг” группын хамт олон Монголын хамгийн том “Азхур” номын их дэлгүүрийн үүд хаалгаа өчигдөр хийлээ. Их дэлгүүрийн нээлтэд урлаг соёл, улс төр, нийгмийн олны танил алдартан, зохиолч яруу найрагч нар хүрэлцэн ирж, номын талаар халуун яриа өрнүүлэв. Тэдний өрнүүн ярианд “Номадс”-ын хамт олон амтлаг хоол, хундаг дарсаар хачир нэмж байсан юм.
Энэ үеэр “Мөнхийн үсэг” группын удирдах зөвлөлийн дарга Б.Батцэцэг “Өнөөдөр номын их дэлгүүрээ нээж байгаадаа маш их баяртай байна. Бид 2003 онд “Азхур” компанийг байгуулсан. Мэдээж ном, хэвлэлийн салбарт олон жил үйл ажиллагаа явуулж буйн хувьд энэ үйл хэргийг хэн нэгэн өдөр түвшинд хийх ёстой гэж манай компанийнхан үргэлж ярьсаар ирсэн. Тиймээс бид мэдлэгийг түгээнэ уриатайгаар дэлгүүрээ нээхээр удаан хугацаанд ажилласан. Өнөөдөр зорилгодоо хүрч, мөрөөдлийнхөө нэг хэсгээ биелүүлсэндээ маш их баяртай байна. Маш их сэтгэгдэл хөдлөж байна” хэмээн хэлсэн юм.
“Аз хур” их дэлгүүрийн хувьд оюуны хэрэгцээг чухалд үзсэн учир худалдан авалт хийхэд таатай орчин нөхцлийг бүрдүүлжээ. Одоогоор монголдоо хамгийн томд тооцогдох талбайтайгаас гадна, олон улсын жишигт нийцсэн 15 мянга гаруй номын нэр төрлийн сонголттой, зургаан тасаг секценд төрөлжүүлэн ангилсан байх аж. Тухайлбал, монголын хэвлэн нийтлэх компаниулын шилдэг оюуны бүтээлүүдийг нэг дор төвлөрүүлснээс гадна дэлхийд борлуулалтаараа тэргүүлдэг бестселлэр номуудыг ангилж тусгайлан гадаад номын тасаг болгон баяжуулжээ. Мөн сургуулийн болон сургуулийн өмнөх насны хоёр тасагтай, бичиг хэрэг, хэвлэмэл бүтээгдэхүүний дэлгүүрээр зочилж, Кофе шопод тухалж оюуны алжаалаа тайлах боломжийг бүрдүүлсэн байна.
Энэ үеэр ардын уран зохиолч П.Бадарч “Номын тухай цэцэн мэргэн үг хэлмээргүй байна. Номын ач холбогдлын тухай үг хэлье. Хэрэв Монголын нууц товчооны Хятад бичмэл байгаагүй бол Монгол Улс ямар ч үнэн түүхгүй байх байсан. “Алтан товч”, “Шар тууж” зэрэг номууд хамаагүй хожуу бичигдсэн. Бараг Монголын нууц товчооны үйл явдлаас 100-300 жилийн дараа бичигдсэн зохиол шүү дээ. Ном ийм л буянтай” гэсэн юм.
“Азхур” номын их дэлгүүрийн нээлтийн үеэр ирсэн зочдын дунд азтан шалгаруулах сугалаа сугалуулж, азтанг авдар дүүрэн номоор шагнав. Уг азтай уншигчийг Азхур нэртэй бяцхан хүүгээр сугалуулсан юм. Мөн “Ньюанс” хамтлаг, СТА дуучин Д.Отгонжаргал нар ая дуугаа өргөв.
Дашрамд дуулгахад, номын их дэлгүүрийн нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан “Аз хур” компаний зүгээс олон нийтийн дунд аян зарлаж, нийтийн тээврийн хэрэгслүүд дотор болон автобусны буудлуудаар 5000 гаруй номыг тарааж, хэрэглэгчдэд бэлэг барьжээ.
Уншигч та бүхэн амралтын өдрөө ая тухтай, оюунлаг өнгөрүүлье гэвэл, Нарны зам дагуу байрлах Саруул төвийн дэргэдэх “Азхур” номын их дэлгүүрээр зочлоорой.
Эх сурвалж www.grandnews.mn
Б.Шархүүхэн
Сэтгэгдэл (2)