Монголын ардчилалын анхдагчуудын нэг Бат-Эрдэнийн Батбаяр буюу Баабарыг танихгүй хүн ховор. Түүний нийгмийн асуудлуудыг хөндсөн тэмдэглэл, нийтлэлүүд өөрийн гэсэн онцлогтой, уншвартай байдаг. Нэгэн хэсэг улс төрийн шоу хийн манаргаж явсан, түүхтэй тэр өдгөө өөрийн номын өргөөнд бясалган, ном бичихийг илүүд үздэг болжээ. Харин хааяа, хааяахан энд тэнд үзэгдэхдээ бичсэн ном зохиол, нийтлэлийнхээ буянаар “баавартай” гэгч нь байж байгаад л одох юм.
Түүний Баабар гэдэг нэр нь багийн хоч нь гэнэ лээ. Харин 1980-аад оны үед "Баабар" гэсэн нууц нэрээр Монгол орны түүх, нийгэм, улс төрийн байдлын талаар эргэцүүлэл бичиж, хэд хэдэн ном орчуулсныг тухайн үеийн залуучууд гар бичмэлээр тарааж, нууцаар уншиж байлаа. Тэдгээрээс "Бүү март. Мартвал сөнөнө" нийтлэлд Монгол-Орос-Хятадын харилцаа, коммунист дэглэмийг хурцаар шүүмжилж байсан юм.
Баабарын хувьд багаасаа авга ах Т.Батзанынхаа гэр бүлд өссөн. Түүний авга ах Батзана нь МУГЖ Б.Батзаяагийн аав. Өөрөөр хэлбэл, Баабарын аав Т.Бат-Эрдэнэ, Батзаяагийн аав Т.Батзана хоёр төрсөн ах дүүс, Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн хүмүүс. Бат-Эрдэнийн Батбаярын “Бүү март, мартвал …” нийтлэл нь нууцаар тарж амжаагүй, өөрөөр хэлбэл нийтэд танигдсан Баабар болоогүй байсан 1988 он хүртэл тэдний ураг төрлийнхөн хоёрын зэрэг “нэрийн хуудас”-тай байж. Нэг нь Монголын анхны сарлагийн биологи судлаач, доктор Т.Бат-Эрдэнэ буюу Баабарын аав. Нөгөө “нэрийн хуудас” нь жүжигчин Б.Батзаяа.
Дашрамд дуулгахад, жүжигчин Б.Батзаяа болон нийтлэлч Б.Батбаяр нарын ахан дүүс ургийн овогоо БААБАР-аар овоглодог юм билээ.
Эх сурвалж www.grandnews.mn
Б.Шархүүхэн
Сэтгэгдэл байхгүй байна