-Орой кино үзэх үү?
-За ямар?
-Такси ёстой аягүй гоё болсон гэж байна. Манай ажлынхан үзээд яриад байна.
-За за тэгье.
Цагаа харвал 20 цаг 30 минут болж байлаа. Ийш тийшээ тасалбар хайн утасдаж гарлаа. Ингээд “Тэнгис” дээр 21.30 цагийнх тааран тийшээ яарав. “Өргөө” дээр тасалбар аль хэдийнэ дууссан байлаа. Уг нь киног гадаад, монгол гэлтгүй тун идэвхитэй үздэг би сүүлийн 2 сар ямар ч зав гарсангүй. Шинэ монгол кинонууд нээлтээ хийчихээд дараа нь “Үзээгүй юм уу?” гэж нийтлэл гарахгүй болохоор утасдаж байсан. Ямартай ч манай 5 жилийн ойн арга хэмжээ болтол түр завгүй байгаа шүү. За энэ ч яахав. Ингээд 21 цаг 32 минутанд суудлаа эзэлж амжив. Хааяа гэнэтийн шийдвэр гаргаж гэнэт юм үзэх бас сонин шүү. Бэлдэж бэлдэж очихоор сэтгэл ханамж ямар нэг зүйлээс шалтгаалж унаж болох авч гэнэт хийсэн юм бүхэн өндөр сэтгэгдэл үлдээх нь бий. Ингээд юун нөгөө түмэн завгүй, “Такси”-нд суучихлаа шүү.
Аз жаргалд хүрэхэд хэдэн километр байх бол?
... Гэр хорооллын худгийн үүдэнд “Шинэ үе”-ийн Ганбаа, Л.Сөрөлт, “ТВ коктейль” хамтлагийн Өөскө нар суун архидаж байна. Ийм дүр зураг хотын төв хэсгийнхэнд танил биш байх. Гэр хороололд хүүхдүүд ч тэр, аяга тагш юм балгах дуртай ах нар ч тэр худаг дээр төвлөрдөг юм. Яагаад гэж үү? Эргэн тойрон шороотой, хашааны булан налаад суух хэцүү, айлын хүмүүс аашилна. Дэлгүүрийн үүдэнд бужигнавал орлого хаалаа гэж зэмлүүлнэ. Харин худгийн урд талын цементэн тавцан бол сайхан сандал, бас хэзээнээс худгийн мөнгө хураагчид эелдэг байсан юм даг. Тэнд сууж архи уудаг хүмүүс ч боловсон. Яагаад гэвэл гэр нь тэр хавьд байдаг болохоор тэр л дээ. Хулгай хийх, сүрдүүлэх, элдэв танхай сэдэлт хэргийг орчинд нь амьдардаг хүн ер нь хийхгүй л дээ.
За тэгээд манай гурав худгийн эгчид /С.Өлзийхүү/ загнуулав аа. Гэсэн ч хөөрхий, хал нь гаднаа хайр нь дотроо гэгчээр учиргүй үсдээд чирэхгүй юм. Наанаа аашилж байгаа боловч цаагуураа өдөржин дөрвөлжин байшинд ганцаараа суудаг хүн энэ гурваар хань татдаг бололтой шүү. Тэр бас их баян эгч. Худгийнхаа хажууд дэлгүүртэй, дэлгүүр нь 8 нэр бололтой энэ хэддээ зээл өгдөг аж. Нөгөө гурав нь ч яадгаа алдсан амьтад биш. Ганбаа туслах дүр бол гол дүр нь Л.Сөрөлт, Өөскө нар. Худгийн эгчийн дэлгүүрт 111 мянган төгрөгний өрөнд орсон хоёр хэрхэн төлөх эсэх арга сүвэгчилнэ.
Сэрээ /Л.Сөрөлт/ арай дөнгүүр амьдралтай, эгчийнхээ байранд хамт амьдарч асуудлаа эгчээрээ шийдүүлнэ. Гэр хорооллоос такси барин харих замдаа сайхан сэтгэлт таксины жолоочтой таарснаар амьдралдаа зорилго, тэмүүлэлтэй болно. Сэрээгийн эгчийн дүрийг “МАСК” продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг амилуулсан. Сайхан сэтгэлтэй, хатуурхахдаа хатуурхаж зөөлрөхдөө зөөлөрдөг ийм эгч нар олон бий. Түүний дүр өөрийн гэсэн имиж, хэв шинжит дүр байлаа. Чукаг ч тэр Сөрөлтийг ч тэр бүрэн нээсэн дүрийг зохиолч оноожээ.
Такси гэж юу вэ?
Энэхүү киног “Twins Film” студи бүтээжээ. Тус киноны ерөнхий продюссерээр Г.Дарханбаяр, ерөнхий зураглаачаар "Fine Art" студийн зураглаач, найруулагч Д.Тэмүүлэн, дууны найруулагчаар н.Нарангэрэл, ерөнхий зураачаар н.Гүен нар ажилласан байна. Барууны кино бас л үзэгчдийн таашаадаг “Такси” кино л эхэндээ санаанд орж байлаа. “Сайн, гоё болсон. Юун Биелэгдэшгүй даалгавар” гэж хүмүүс ярилцахыг сонсоод Монголын зам дээр яаж тийм айхтар хурдны үзэгдэл хийсэн юм бол гэсэн шүү юм бодож явав. Төсөөлөшгүй адал явдал, мафи тиймэрхүү стильтэй л юм байх гэж бодсон хэрэг.
Харин Монголын нөхцөлд Такси өөр утга илэрхийлж байлаа. Нээрээ л бодоод байхад бид амьдралынхаа ихэнх цагийг зам дээр өнгөрүүлдэг. Автобус, такси сэлгэн шүү. Тэр утгаараа таксины жолооч нар өдөр бүр өөр адал явдалтай учирдаг байх нь. Хүний арга эв олдог, үйлчлүүлэгчтэйгээ сайхан харьцах, зам дээр үүсэх элдэв асуудлаас гарах гэхчлэн тэдэнд шийдэх зүйл олон. Тэр Далан давхарт нэг охин сууж очоод айлгадаг хэсэг ёстой аймаар, нээрээ. Энэ мэт хөгжилтэй үйл явдал өрнөн элгээ хөштөл инээсээр аз жаргалтай төгсгөл ...
Архичин байсан Сэрээ өрөө төлж, насны ханьтайгаа учирсан. Өөр бас олон сайхан үйл явдал тохиолдсон шүү. Та бүхэн ч бараг ихэнх нь энэ киног үзсэн байх. Үзэх хүмүүст зарим хэсгийг оньсого хэвээр үлдээе.
Мэргэжил бүхэн сайхан
Тийм шүү, ийм л бодол төрсөн. Ямартай ч такси компанийн ч, таксичдын ч нэр хүнд хэд дахин дээшилсэн байх. Таксины жолооч нар ч бас өөрсдийнхөө үг, үйлдлийг анхаарч үйлчлүүлэгчдэдээ сайхан сэтгэгдэл үлдээх юм байна гэсэн бодол тээсэн биз. Дашрамд, энэ кино нээх өглөө би “Тэнгис” орсон юм. Эхний үзвэрээр уг нь “Хожлын нүүдэл” үзэх гээд л дээ. Тэгсэн бичлэг нь гацаад гараагүй. Тэгэхэд “Такси” нээлтээ өдөр хийх байтал эхний үзвэрийнх нь тасалбар эрэлттэй байгааг хараад гайхсан. Учрыг сая л оллоо. Сайн бүтээл болжээ. Тэр тусмаа таксичид манай хотын хүн амын хэдэн хувийг эзлэдэг билээ? Амьдрал ийм л байна. Өнгө будаггүй, хийрхэл, баярхал, хэт “сансрын” сценгүй.
Нээрээ, хорин литрийн усны сав байна аа тэр чинь нэг шил архи, харин 40-ийн бедон чинь 7 хоног уух архи болдог гэсэн хэ хэ. “Гуйлгачны хаан минь ...”, “Гуйлгачиндаа туслах гэж ирсэн гуйлгачин уу?” гэж оодроод байсан нөхөр такси компанид шалгалт өгөөд унасан даргын жолооч байсан. Дүр эсгэдэг иймэрхүү хийрхүү нөхөд ч зам дээр олон доо. Худгийн эгчийн дүрийг С.Өлзийхүү ёстой “солиотой” гаргасан. “Миний насан дээр ер нь хүн ичихээ больчихдог юм шүү” гээд л будаа болгоно шүү дээ. Одоо ч бодсон инээд хүрээд байна хэ хэ. Баярлалаа, “Такси” ...
У.Цахирмаа, фотог Д.Цэгц
Сэтгэгдэл (1)