Олны танил “Алтанцэцэг”-үүд

Монголчууд бид билэг дэмбэрэлийг дээдлэдэг. Тэр утгаараа шинээр төрсөн хүндээ өгөх нэрээ нэлээд бодож тунгаан, будаанд хийн шигшиж, сонгодог.Учир нь тухайн хүний нэр тухайн хүний хувь заяа, ирээдүйн амьдралыг зөгнөдөг аж. “Нэр хугарахаар, яс хугар”, “Бүтэн нэрээр нь дуудвал, бүтэн заяатай явдаг”, “Нэр нэгтийн чих нэг” гээд лнэртэй холбоотой зүйр үг, хэлц үг олон бий. Тэгвэл бид энэ удаа амидаа “Алтанцэцэг” нарыг онцлож байна. Алтанцэцэг гэдэг нь монгол нэр бөгөөд Сэржмядаг гэх Төвд нэртэй утга дүйнэ.

МУГЖ, поп дива Ж.Алтанцэцэг

Рок попын ертөнцөд Сараагийн араас сүүл даран хөөж, заримдаа нөмөр нөөлөгт нь багтаж явсан дуучин Ж.Алтанцэцэг. Тэр урлагт анх орж ирэхдээ “Алтаа” нэрээрээ алдаршсан. Өдгөө хувийн уран бүтээлээсээ илүү шинэ залуу хамтлаг дуучдыг гаргахаар “Pro sound”студийн захиралаар ажиллаж байна. Өөрийгөө Говь-Алтайн гаралтай гэж тодотгох дуртай тэрбээр Налайхад төрж, хүүхэд насаа тэнд үдсэн. Харин оюутан байхдаа "Цэцгэн зүйрлэл", "Элия" дуугаараа олны танил болсон дуучин Н.Гантулгатай амьдарч байв. 1996 оны сүүлчээр жижигхэн биетэй, шар богино үстэй, “хүчтэй” хоолойтой бүсгүй “Намайг эзэмдэх чиний сэтгэл”, “Чамайг би хүнийх гэж бодсонгүй” хэмээсээр рок попын “хаалгыг цөмлөн” орж ирсэн гэхэд болно. Түүний дуунууд тухайн үедээ л өвөрмөц өнгө жанртай, ёстой л залуусыг байлдан дагуулж, зүрхэнд шар ус хуруулж чадсан юм. 1998 он түүний хувьд уран бүтээлээ туурвиж, алдарт хүрэх он жилүүдийн эхлэл байв. Тэр жилээ  өөрийн гэсэн дуунуудтай болж эхэлсэн. Тухайлбал, “Итгэл өгөөч наддаа”, “Чиний явсан намар” дуугаа бичүүлж, FM радиогоор түгээснээр олны танил болсон гэдэг. “Намайг эзэмдэх чиний сэтгэл” нэртэй цомгоо хэвлүүлснийхээ дараахан “Одиссей” анхны тоглолтоо толилуулсан цагаас үзэгчид түүний авьяасыг илүү үнэлэх болсон билээ. Тэрбээр ханьдаа зориулж “Зөвхөн чамайг хайрлана” дуугаа зориулсан юм.Тэр 2005 оныг хүртэл тасралтгүй дуулж, энэ хугацаанд монголын поп дива нарын нэг болов. Удалгүй “Дива” хэмээх брэнд хувцасны дэлгүүрээ нээв. 2007 онд 2007 онд "Нисч ирсэн дурлал" хэмээх хоёр өдрийн тоглолт хийж, 70 саяын ашиг олсон түүнийг  зарим нэг нь баярхуу хэмээн өөчилж муулах нь бий. Харин өөрт нь атаархсан нэгэнд “LV хэрэглэж,  Range Rover  хөлөглөж байгаа нь миний урлагийн төлөө өөрийгөө умартаж хөдөлмөрлөсөн хөдөлмөрийн минь үр шим, бас миний хувь тавилан” гэж хэлж, хариуг нь барьсан удаатай.Налайх дүүргээс өглөө бүр автобусаар хичээлдээ явдаг байсан шавилхан бүсгүйн “Би заавал дуучин болно” гэж өөртөө шивнэсэн хүсэл нь биелж, өдгөө МУГЖ хэмээх эрхэм цол хүртэн, Монголын рок попын таван дивагийн нэгээр тодорсон билээ.Хамгийн сүүлд тэрбээр 2013 оны зургадугаар сарын 1-нд “Алтанцэцэг” нэртэй өөрийн бие даасан 3D тоглолтоо үзэгчдэд толилуулсан юм.Түүнийг нөхрийг Г.Сүхбуян гэдэг. Тэдний хамтын амьдрал 24 дэх жилдээ үргэлжилж байна.

 МУГЖ, Ааяа буюу Ш.Алтанцэцэг

Өнгөрсөн баяр наадмын өдрүүдийн өмнөхөн хошин урлагийн жүжигчин Ааяа буюу Ш.Алтанцэцэгийг МУГЖ цолоор шагнуулахад олон хүн баярласан. Тэр Багшийн дээдийн кино драмын ангийн төгсөгчдөөс төрсөн 5 дахь гавъяат юм. Тэр унаган хотын охин. Багаасаа л жүжигчин болох мөрөөдөлтэй Ааяа 1981 онд Багшийн дээдийн кино драмын анги элсэн орж, 1985 онд сургуулиа төгсөж, Хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр оржээ. Түүний анхны тайзны дүр хүүхдийн “Хулчаахай” гэдэг жүжгийн тоншуулын дүр байж. Мөн жилд ганцхан удаа /04-р сарын 01-нд/ телевизээр гардаг “Элдэв зураг” телевизийн хошин урлагийн нэвтрүүлэгт ажлынхаа хажуугаароролцон тоглодог байжээ. Харин түүний дэлгэцийн анхны дүр нь Соёлын гавьяат зүтгэлтэн Цогзол гуайн хийсэн “Эзэн нь юмаа мэддэг” гэж кино байдаг аж. Энэ тухайгаа эргэн дурсахдаа “Өөрийгөө харахаар цэл залуухан сайхан шүү. Тэр ч утгаараа дэлгэц уран бүтээлийг мөнхлөхдөө тайзнаасаа илүү санагддаг. Тайз бол тухайн үедээ хүмүүсийн сэтгэл зүрхэнд үлддэг бол дэлгэцийн бүтээл хальснаа түүх болон үлддэг. Одоо бол юм хөгжөөд диск, хард гээд олон төрлөөр үлдэж байгаа болохоор гоё юм” хэмээн ярьсан байдаг. Ардчилалын он жилүүдэд “X-Түц”-ийн уран бүтээлд нэлээд хэдэн жил тоглов. Түүнээс хойш найман жилийн хугацаанд уран бүтээлээсээзавсарлага авав. Энэ хугацаанд түүнийг бөө, удган болсон, АНУ-д ажиллаж, амьдарч байгаа гэх яриа гарч байсан ч тэр эдгээр мэдээллийг үгүйсгэж байсан юм. Тэр урлагаас хөндийрсөн найман жилийн хугацаанд “Бурхан багшийн сургаал”, “Ухаарал, гэгээрэл, бясалгал” зэрэг гурван CD гаргажээ. Ааяа2012 онд хошин урлагт буцаж ирэв. Ингээд тухайн үеийн хамгийн отгон хошин урлагийн “Мөрөөдлийн театр”-т гэрээт жүжигчнээр ажиллах болсон юм. Түүний хань А.ЭнхбаярөдгөөСУИС-д багшилдаг. Харин хүү нь MCS-д ажилдаг бол охин нь Э.Хишигжаргал нь МУИС-ийн сэтгүүл зүйн анги төссөн.

“Киви” хамтлагийн Агий буюу П.Алтанцэцэг

“Киви” хамтлагаар овоглосон П.Алтанцэцэг буюу Агий энэ жил 26 настай. Хилэнцийн ордных. Энэ ордны бүсгүйчүүд авьяастай, даруухан, шаргуу хөдөлмөрч байдаг гэнэ. Дуулахаасаа илүү гоо үзэсгэлэнгээрээ танигдсан тэрбээр “Гэгээрэл” дунд сургуулийг төгссөн. Банкны эдийн засагч мэргэжилтэй гэсэн. Агий дээрээ нэг ахтай , айлын ганц охин. Тийм учраас аав ээждээ дэндүү эрх.Багын мөрөөдөл нь архитекторч, сэтгүүлч мэргэжилтэй болох байсан гэдэг. Мөн тэр бие хамгаалах урлагаар хичээллэдэг. “Киви” хамтлагт орсон шалтгаан нь Ц.Намуунаа. Тэд багын найзууд байсан бөгөөд Агийг хамтлагтаа авах саналыг продюсер Б.Ангирмаа Ц.Намуунаагаар дамжуулан хэлүүлж байсан гэдэг. Ингэснээр 11 жил монголын рок попын тогоонд чанагдсан энэ хамтлагт Агий дөрөв дэхь шинэ гишүүн нь болж ирсэн юм. “Чамд амжилт хүсье”, “Хүсэл” зэрэг нийт хоёр цомгон дээр Киви хамтлаг болон продюсер Б. Ангирмаа нартай хамтран ажилласан. Мөн хэд хэдэн тоглолтонд оролцсон. Агийгийн хаана ч ямар ч үед зүүх дуртай эрхэм гоёл нь унждаг загвартай,  улаан шигтгээтэй ээмэг. Жижигхэн биетэй нохой тэжээдэг. Агий сүүлийн үед уран бүтээлээсээ илүү янз бүрийн эрчүүдтэй нэр холбогдож, “Infiniti FX35”, “Range Rover” машинаар өөрийгөө үнэлэх  болсон. “Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ” гэдэг шиг өөрөө ч бас зүгээр байдаггүй бололтой.

Магадгүй Агий “Киви”-гийн түүхэнд хамгийн менежмэнт сайтай бүсгүйгээр бичигдэх нь. Хүнтэй гэрлэхгүй, бие давхар болохгүй гэсэн хатуу гэрээг тэр биелүүлж байна. Тэр хатуу гэрээнд хэн нэгнээс үнэтэй бэлэг авахгүй, хэдэн эртэй нэр холбогдох эсэх талаар заалт байхгүй билээ.

“Голланд сарнай”-н Байгаль буюу Ц.Алтанцэцэгтэй

НИТХ-д 2012 онд Баянгол  дүүрэгт нэр дэвшиж, сонгогдсон төлөөлөгч Ц.Алтанцэцэг 2013 онд “Голланд сарнай” уран сайхны кинонд тоглож, дүрээ мөнхөлсөн. Түүнээс өмнө Ц.Алтанцэцэгийг дүүргийнхэн нь зөвхөн улс төрч гэдэг нүдээр хардаг байлаа. Харин бусад дүүрэг, тойргийнхон ийм бүсгүй байдаг эсэхийг ч үл мэддэг байсан юм. Тэрбээр өдгөө 47 настай. Улаанбаатар хотын уугуул иргэн бөгөөд 1986 онд нийслэлийн 47-р сургуулийг дүүргээд, 1997 онд МУИС-ийн эдийн засагч, нягтлан бодогч, 2002 онд Удирдлагын академийг тус тус дүүргэжээ. Ц.Алтанцэцэг “Голланд сарнай” уран сайхны кинонд Байгаль хэмээх ганц бие эмэгтэйн дүрд тоглодог боловч бодит амьдрал дээрээ нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг юм байна. Түүнийг тус киноны продюссерээр ажиллахад янз бүрийн асуудалтай холбож “хардах” хүн цөөнгүй байсан. Тэдгээр хүмүүст хандаж, “Би үнэтэй хаусанд амьдардаг, эрх мэдэлтэй том дарга биш. Гэхдээ өөрийнхөө олсон жаахан мөнгийг нийгэмд хэрэгтэй зүйл бүтээж, хүмүүсийн сайн сайхны төлөө зарцуулахад харамсах юм алга. Нэгэнт л ард иргэдийнхээ төлөөлөл болно гэж сонгогдсон учраас тэдэнтэйгээ хамт байж, аль болох хэрэгтэй зүйл хийх ёстой. Тийм болохоор би энэ киноны продюссерээр ажилласандаа баяртай байгаа” гэх хариултыг өгч байсан юм.

Эх сурвалж.www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • zochin
    agiid amjilt husie uneheer hoorhon ym chin yadgiin chadaj bgaa ymand arga alga daa
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • Zochin
    Eregtei huneer mashin yaj avhuuldagiin? Zaagad og Agii
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025