“Ай Си креатив дивишн” студийн бүтээл, найруулагч М.Энхдалайн найруулсан “Бид 3-ын болзоо” инээдмийн уран сайхны киноны албан ёсны нээлт өчигдөр Тэнгис, Өргөө кино театрт боллоо. Киноны нээлтэд урлаг соёлын үе үеийн төлөөлөл оролцов.
Энэ үеэр тус киноны гол дүрд тоглосон О.Амгаланбаатар, зураач А.Дөлгөөн нарыг Монголын залуучуудын холбооноос “Тэргүүний залуу алтан медаль”-аар шагнасан юм.
Тус киноны зохиолыг Ж.Оргил бичсэн бол продюсерээр нь МУГЖ Б.Жаргалсайхан ажиллажээ. Харин гол дүрд П.Шүүдэрцэцэг, О.Амгаланбаатар, Э.Тодгэрэл нар тоглосон байна. Дүрүүдэд Ардын жүжигчин А.Очирбат, Гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий, Г.Урнаа, жүжигчин О.Отгонбат, О.Хүрэлтогоо, Б.Энхжаргал тэргүүтэй жүжигчид тогложээ.
Нээлтийн эхэнд МУГЖ Б.Жаргалсайхан “Надад энэ киноны зохиол нь анх их таалагдсан. Угаасаа манай гэр бүл их романтик, бие биенээ үнэнч хайраар хайрладаг учраас киноны продюсерээр ажиллаа. Гол дүрүүд маань кинондоо “наалдаж”, их сайхан тоглосон. Тэр дундаа драмын театрын залуу жүжигчин Э.Тодгэрэл өөрийгөө үзэгчдэд бүрэн нээлээ” хэмээн хэлсэн юм.
Харин залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг “Би өмнө нь уянгын хэрнээ инээдмийн жанртай кинонд тоглож байсангүй. Энэ их сайхан бүтээл болсон гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотгосон.
Киноны нээлтэд гол дүрийн гурван жүжигчнээс Э.Тодгэрэл ирээгүй юм. Учир нь драмын театрын уран бүтээлчидтэй хамт хөдөө орон нутагт тоглолттой яваа юм.
Киноны үйл явдлаас цухас дурьдвал, Хулан Баяраа нар анх бороонд учирчээ... Тэдний танилцсаны нэг жилийн ойн өдөр Баяраа Хулангаас нэг хүслийг нь биелүүлж өгнө хэмээн амлав. Хулан түүнээс маргааш над дээр анх учирч байсан шигээ бороотой ирээч хэмээн хүсэв. Баяраад бороо оруулах хэцүү байсан ч тэр нэгэн мэргэн санааг олов. Учир нь түүний хамгийн сайн найзыг БОРОО гэдэг аж. Баяраа, Бороо нар хар багын андууд. Баяраа царайлаг бас сэргэлэн нь дэндсэн залуу. Харин Бороо өмнө нь нэг ч эмэгтэй хүнтэй болзож байгаагүй, дээр нь сандархаараа гацчихдаг нь түүнийг үргэлж хүнд байдалд оруулдаг. Ингээд тэр гурав болзсоноор үйл явдал хөгжилтэйгөөр өрнөж, санаанд оромгүй эргэлт гарах болно.
Ямартаа ч, уншигч та бүхэн Бороотой уулзаж, Хуланг бишрэн, Баяраар бялхаарай.
Б.Дэжид


www.grandnews.mn
Сэтгэгдэл (3)