Шийдлийн Засгийн газрын шинэ сайдууд томилогдоод удаагүй байна. Харин тэд хариуцсан салбартаа хамгийн түрүүнд юу хийх бол гэдэг нь ард түмэн бидэнд сонин. Эхний ээлжинд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханаас дээрх асуудлыг тодрууллаа.

- Юуны өмнө Хөдөлмөрийн сайдаар томилогдсонд баяр хүргье. Та ажлаа аваад хэд хонолоо. Хамгийн түрүүнд юу хийхээр төлөвлөж байна?
-Баярлалаа. Хөдөлмөрийн хууль бол Үндсэн хуулийн дараа ордог чухал хууль. Өнөөдөр монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж гадаад хүнийхээс маш доогуур үнэлэгдэж байна. Тиймээс би хамгийн түрүүнд Монгол хүний үнэлэмжийг өсгөх ажлыг хийх болно. Өөрөөр хэлбэл, адилхан мэргэжилтэй, боловсролтой гадаад хүн монгол хүнээс хэд дахин илүү цалин авдаг. Энэ асуудалд би нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Би Хөдөлмөрийн сайд байх хугацаандаа гадаад монгол иргэдийн ажлын үнэлэмж, цалингын системийг ижилсүүлэх зорилготой ажиллана. Үүнээс гадна маш олон асуудал байна.
- Сүүлийн үед өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд байдаг. Гэтэл дийлэнх иргэдийнцалин хөлс гурван жилийнхтэй адил хэвээр байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
- Тиймээ. Цалин нэмэх асуудал “толгой өвтгөж” байна. Өнөөдөр манай улсад инфляци өндөр байна. Миний зүгээс цалин хөлсийг индексжүүлэх, эдийн засгийн чадавхи дээр уялдуулж нэмэх тал дээр МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн холбоо болон бусад байгууллагуудтай хамтран ажиллана. Энэ асуудлыг Засгийн газраар шийдүүлэхээр төлөвлөж байна.
- Улс орны эдийн засгийн байдал хүндрэлтэй байна. Энэ асуудлыг Засгийн газар хэрхэн хүлээж авах бол. Ихэнхжижигдундүйлдвэр, хувийн хэвшлүүд санхүүгийн хүнд нөхцөл байдалтай байна шүү дээ?
-Би Хөдөлмөрийн сайдын хувьд нэг зүйлийг хэлмээр байна. Хэлэх гэж зүйл маань миний хийх ажлын жагсаалт, бодлогод орсон байгаа. Ажил олгогчдоо, эдийн засгийг хумих асуудлыг ярьж болохгүй ээ. Төрийн албан хаагчдыг ажлаас халах, байгууллагууд ажилтнуудаа цомохтгох асуудлыг одоо ярьж болохгүй. Ийм асуудал хувийн хэвшилд түгээмэл харагдаж байна. Зарим нь үүд хаалгаа барьж байна. Төрийн байгууллагууд хяналт шалгалт, татвараар ажилтнаа, хариуцсан Төрийн өмчит байгууллагаа дарамтлахгүй байхыг хүсч байна. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргасан таван чухал хэрэгжилтийг зогсоохгүй, үргэлжлүүлэх хэрэгтэй. Үүнийг дэмжснээр түр ажлын байрыг дэмжих нөхцөл бололцоо хангагдана.
- Таны хувьд байгаль экологийн асуудлыг нэлээд ярьдаг.Ноён уулыг тусгай хамгаалалтад авах асуудлыг УИХ-д өргөн барьсан сураг байсан. Тэр юу болсон бэ?
- Би Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн. Энэ байнгын хороондоо идэвхитэй ажиллаж байна. Ноён уулыг тусгай хамгаалалтад авах асуудал УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэгдэнэ. Монгол Улсынхаа сөөм газрыг ч хамгаалахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байна.
- Ирэх 2016 оны сонгуулиар хуучин тойрогтоо нэр дэвших үү?
-Тэгнэ. Чингэлтэй дүүрэгтээ нэр дэвшинэ. Намын зүгээс надад ийм үүрэг даалгаварыг өгсөн байгаа.
Б.Дэжид
Сэтгэгдэл байхгүй байна