“Монос” групп 25 жилийн ойгоо тэмдэглэж байна

Монголын хувийн хэвшлийн анхдагчийн нэг, Эрүүл мэнд, Гоо сайхны үйлдвэр, үйлчилгээний салбарт тэргүүлэгч “Монос групп”өнөөдөр ойн баяраа Чингисийн талбайд сүр дуулиантайгаар эхлүүллээ.

Уг группыг одоогоос 25 жилийн өмнө анх академич Л.Хүрэлбаатар үүсгэн байгуулж, ажлын гараагаа гурван хүний бүрэлдэхүүнтэй эхлүүлж байсан гэдэг. Харин өдгөө 1200 гаруй ажиллагсадтай, 13 охин компанитай манай улсын томоохон аж ахуйн нэгжүүдийн нэг болжээ.

“Монос” групп ойгоо 25 морин хуурчын эгшигээр эхлүүлж, 25 морьтон монголын Төрийн далбаа тэргүүтэй хамтран ажилладаг гадаад дотоодын улс орнуудын тугийг намируулан, “Монос”-ын сүлд дуугаар үргэлжлүүлсэн юм.

Ойн нээлтэд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, “Монос групп”-ын үүсгэн байгуулагч, академич Л.Хүрэлбаатар,  тус группын гүйцэтгэх захирал Х.Ананд тэргүүтэй бусад албаны хүмүүс оролцлоо.

Нээлийн үеэр “Монос групп”-ын үүсгэн байгуулагч, академич Л.Хүрэлбаатар “Одоогоос 25 жилийн өмнө яг өнөөдөр шиг нарлаг сайхан өдөр байсан. Тэр өдөрбид “Монос” эмийн үйлдвэр гэсэн гэрчилгээг авч байсан юм. Харин тухайн 1990 оныхоо 11 сард анхны бүтээгдэхүүнээ гарган авч, 1991 оны хавар ОХУ-ын эмийн нэгдэлтэй гэрээ хийсэн. Тухайн үед монголд тасарч байсан эм тариа, эмийн бүтээгдэхүүнийг гарган нийлүүлсэн. Монос групп өнгөрсөн 25 жилийн турш хийсэн ажлаа үндсэн гурван хэсэгт ангилан, дүгнэж байна. Нэгдүгээрт эмийн үйлдвэрлэл, хоёрдугаарт эрдэм шинжилгээ, инновац, гуравдугаарт  эм, эмийн бүтээгдэхүүний үйлчилгээ, худалдааг бий болгосон. Монос групп монголын ард түмэнд орчин үеийн эм тариа, эмийн бүтээгдэхүүн, хэрэгсэл зэргийг танилцуулж байна” хэмээн хэлсэн юм.

 

Х.Ананд: GMP эмийн үйлдвэрийг ашиглалтад оруулна

Ойн арга хэмжээний үеэр тус группын Х.Ананд, “Монос Косметик” ХХК-ны гүйцэтгэх захирал Х.Солонго нараас цөөн асуултад хариулт авсан юм.

-Танай группын зүгээс өнгөрсөн 25 жилийн хугацаанд нийгэмд хандсан ямар үйл ажиллагааг зохион байгуулж байсан бэ?

-Манайх “Монос” экспог хот, хөдөөд нийтдээ 20 гаруй удаа зохион байгуулаад байна. Мөн жил бүр баруун 4-н замын Үйлдвэрчний эвлэлийн СТӨ-нд “Монос Экспо” нэртэйгээр нээлттэй өдөрлөгийг зохион байгуулдаг. Манай хамт олон ойн баярынхаа үеэр олон нийтэд чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулахаар болсон. Тухайлбал, өнөөдөр Чингисийн талбайд нээлттэй өдөрлөгөө хийж байгаа бол, энэ сарын 11-нд эм зүйн салбарын олон улсын эрдэм шинжилгээний хурал, харилцагчдын талархлын баяр, баярын хурал, иргэдэд зориулсан үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, сургалт зэрэг олон арга хэмжээ зохион байгуулахаар болсон. Уг ажилд маань иргэд идэвхитэй оролцоно гэдэгт итгэлтэй байна.

-Ойн баяртай холбогдуулан ямар ямар ажлыг хийв?

-Ойн баяраа тохиолдуулан 2015 оны Монос группийн хамт олон 25 жилийн ойгоо угтаж нийгэмдээ хэрэгтэй 25 бүтээлч ажлыг хийхээр төлөвлөн ажиллаад ихэнхийг нь хэрэгжүүлээд байна. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох аян, Үндэсний төв номын Сангийн ховор судруудыг хадгалж, хамгаалахад туслан, баринтаг урлах, Сонгино хайрхан уулын хишиг барилдаан, утааны улиралд жирэмсэн эхчүүдийг хүчил төрөгчийн коктейлээр дайлах, донорын цус хандивлах гэх мэт олон ажил хийсэн. Үндэсний Төв Номын Сангийн ховор судруудыг хадгалж, хамгаалахад туслан, баринтаг урлах ажлыг гэхэд л  20 гаруй байгууллага дэмжин, тэдний уриалгад нэгдсэн байна. Мөн ойгоо угтаж, олон улсын стандартад нийцсэн GMP эмийн үйлдвэрийг ашиглалтад оруулахаар болсон. Одоогийн байдлаар барилга угсралтынх нь ажил бүрэн дуусаж, тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажил 70 хувьтай явж байна” гэв.

Харин тус группын ТУЗ-ын гишүүн, “Монос Косметик” ХХК-ны гүйцэтгэх захирал Х.Солонго “Өнгөрсөн 25 жил миний амьдралд маш сайхан дурсамжуудыг үлдээсэн. “Монос” групп анх гурван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байлаа. Би тухайн үед 3-4-р ангийн хүүхэд байсан байх. Зуны амралтаараа аавынхаа ажилд тусалдаг байлаа. Өнөөдөр тэр дурсамж сэргээд, сэтгэл хөдлөж байна. Бид 2015 онд нийгмийн хариуцлагтай олон ажил хийсэн. Мөн бараа бүтээгдэхүүний сав баглаа боодлыг шинэчлэх ажлуудыг хийж эхэлсэн байгаа. Оны эцэст бэлэн болно” гэлээ.

Монос группын хувьд өнгөрсөн хугацаанд монгол орны ургамал, орчин үеийн техникийн дэвшлийг хослуулан “Читамон”, “Салимон”, “Хлорфенамин” зэрэг олон эм бүтээсэн байна. Мөн бөөр хамгаалах “Нефромон” бэлдмэл нь ОХУ-ын зах зээлд худалдаалж эхэлжээ.

Түүнчлэн, монголын анхны хувийн  эрдэм шинжилгээний хүрээлэнг үүсгэн байгуулж, ажиллуулж, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийг байгуулсан,  эмийн сангийн салбарт дэвшил гарган, шинэ стандарт  тогтоон, фарм маркет байгуулжээ.

Б.Дэжид

 

ФОТО

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025