Саяхнаас хамгийн их мөнгө, хөлс хүч эргэлддэг уул уурхай барилгын салбарт Н.Мөнхнасан хэмээх нэр тод дуулдах болов. Намтар түүх сөхвөл Н.Мөнхнасан Америкт дунд сургуулиа алтан медальтай дүүргэж, Жорж Вашингтоны их сургууль төгссөн өндөр боловсролтой залуу хатагтай энэ зуны өдрүүдэд “Монцемент” цементийн үйлдвэрээ нээж, хүний гараар бүтсэн нэгэн нүсэр том бүтээн байгуулалт хийснээ олон нийтэд зарлалаа. Харин үүнээс өмнө олон улсын томоохон байгууллагад алба хашиж байсан гэх мэдээлэл байна.

Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Сэнжит Худаг шохойн чулууны орд “Монцемент” үйлдвэрийнхээ эхний дамжлагыг нээснээр цаашдаа манай улсын эдийн засаг, уул уурхайн салбарын түүхэнд Н.Мөнхнасангийн нэр тодоор бичигдэх нь ойлгомжтой. Нийгэм даяараа эдийн засгийн хямралд савлаж дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй энэ үед тус үйлдвэр улсын эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжилд томоохон түлхэц үзүүлэх нь ч ойлгомжтой.

Төслийг Монгол Улсын Хөгжлийн банк болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, “Монполимет” группийн санхүүжилтээр эхлүүлсэн ба Дорнын их говьд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортыг орлох үйлдвэрийг барьж ашиглалтанд орууллаа. Дэлхийн томоохон төслийг эх орондоо ашигтайгаар хэрэгжүүлж чадлаа.

Төслийн баг 2010 оноос ажлаа эхэлсэн бөгөөд “Сэнжит худаг” төсөл дээр нарийвчилсан хайгуул судалгааны ажил хийж дэлхийн нэр хүндтэй компаниудын лабораторид шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулснаар гараагаа тавьжээ. Нөөцийн хэмжээ нь цементийн үйлдвэрийн хэрэгцээг 170-аас доошгүй жил хангах дүн гарсан нь чихэнд чимэгтэй сайхан мэдээ. Наймаачин сэтгэхүйтэй ард түмэн, наймаа л хийхээс үйлдвэрлэх, бүтээн байгуулах тал дээр хуруу хөдөлгөдөггүйгээс өнөөгийн эдийн засгийн их хямралд автсан гэх шүүмжийг хүртдэг Монголын ард түмэн дунд Н.Мөнхнасан шиг цэл залуухан, өндөр боловсролтой бүсгүй байж, хэр баргийн аавын хүү барьж авч зүрхлэхгүй том төслийг удирдаж, үйл хэрэг болгосон нь бахархаад ханашгүй. Ийм том үйлдвэрийг, тийм гайхалтай бүтээн байгуулалтыг гадаадын кинон дээрээс л харж байснаас Монголын говь, элсэн цөл дунд босгож, бүтээнэ гэж хэн санах билээ. Сэтгэлдээ багтааж чадваас их багын ялгаа үгүй гэдэг энэ ажээ.

Энэ шавилхан бүсгүйг Монполимет группын ерөнхийлөгч Ц.Гарамжавын охин гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй юм билээ. Ээжийнхээ нөмөр нөөлөгт тайван сайхан амьдрахын оронд хүч гарган зүтгэсэн Н.Мөнхнасан эх орныхоо ирээдүйд гэгээ нэмэх аж үйлдвэрийн хувьсал хийхээр зориг шулуудсан нь өнөөдөр үр дүнгээ өглөө. Тэр ирээдүйд олон улсын зангарагтай, стратегийн ач холбогдол бүхий бизнесийн эзэн суух нь тодорхой болж байна.
ЭКО үйлдвэрийн нээлтэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй төрийн өндөр дээд албаныхан оролцсон нь “Монцемент” үйлдвэрт ямархан ач холбогдол өгч, найдлага тээж буйн илрэл биз. Ийнхүү цэл залуухан эмэгтэй дэлхийн томоохон төслийг эх орондоо ашигтайгаар хэрэгжүүлж чадлаа.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (1)