АЯЛАЛ
Парисыг дэлхийн хамгийн гоёмсог хотуудын нэг гэж хэлэх ч хэрэггүй биз ээ. Хүн төрөлхтний соёл урлаг, хувцас загварын зүрх болсон Парис хаврын улиралд төгс гоо үзэсгэлэнгээ дэлгэдэг. Тиймдээ ч дурлалын хот хэмээх алдрыг хүртээ биз. Парисын хавар, хайр хоёр цаанаа л өөр.

Уур амьсгал, орчин тойрон, гудамжаар алхах амраг хосууд ямар ч хүний сэтгэлийг хөвсөлзүүлнэ. Саяхан гэрлэсэн хосуудын бал сараа тэмдэглэдэг, хуримлаад удсан бол хайраа сэргээдэг эл романтик хотыг “Хайрын Парис”, “Гэрэлт Парис” хэмээн зүгээр ч нэг нэрээлгүй нь лавтай.

Парист зугаалж, алхахад хамгийн тохиромжтой улирал нь ч хавар. Дөрөв ба таван сар эсвэл ес, аравдугаар сар Siene голын эргээр орших юм бүхэн зөвхөн таны хамгийн нандин мэдрэмж хайрын сэтгэлийг хөглөхөд зориулагдсан мэт байдаг.Парис хот 20 дүүрэгт харьяалагдна.
Юуүзэх вэ?
Хот тэр чигээрээ музейн үзмэр гэж болно. Алхам тутамд эртний хийц загварыг ямар нэг байдлаар шингээсэн сүрлэг барилга, байшин, түүх дурсгалын газрууд үргэлжилнэ. Хотоор шаваагаа ханатал зугаалахыг хүсвэл хөлд эвтэйхэн гутал сонгосон нь дээр. Алхах зуураа замд олонтаа тааралдах кафенуудад амарч хотын үзэсгэлэнг мэдрээрэй.

Машинаар зугаалах тийм сайхан санаа биш шүү. Замын түгжрэл, “паркинг” хоёр таны хүсэлд саад болно. Хол явахаар бол метро сонгосон нь оновчтой. Парис хотын захиргаа 2012 он гэхэд хотыг явган эсвэл дугуйгаар бүхэлд нь тойрон аялж болох төлөвлөгөө зохион ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар хэд хэдэн гудамжийг автомашины хөдөлгөөнөөс чөлөөлөөд байна.

Musee de Louvre: Түүхийн нэгэн цагт Францын хаад, ихэс дээдсийн ордон байсан Лувр өнөөдөр дэлхийн хамгийн баян, тансаг музейнүүдийн нэг болсныг соёлт хүн төрөлхтөн андахгүй. Урлаг соёлыг ордон хэмээн нэртэй уг музейн бүтээлүүд МЭӨ 500 жилийн өмнөх Египетийн бүтээлүүдээс авахуулаад 19-р зууныг хүртэл хамарсан өргөн цар хүрээтэй.

Алдар цуугаараа дэлхийг донсолгож ирсэн Монализаг гэхэд л зөвхөн Луврээс ориг эхээр нь үзэх боломжтой. Микеланжелогоос авахуулаад Донателло зэрэг дүрслэх урлагийн суутнуудын шилдэг бүтээлүүд чухамдаа энэ музейд хадгалагдаж байгаа билээ.

Taur Eifel: Эйфэлийн цамхаг 1889 онд баригдахдаа 320 метр өндрөөрөө дэлхийн хамгийн өндөр цамхаг гэгдэж байв. Үндэсний хувьсгалын 100 жилийн ойд зориулан бүтээгдсэн уг цамхаг тэр
цагаас хойш Парисын билэг тэмдэг болсон түүхтэй. Цамхаг 3 давхартай бөгөөд хамгийн өндөрлөг цэгт нь гарч хотыг бүхэлд нь тольдох үнэхээр гайхамшигтай. Харин 2-р давхарт нь тансаг ресторанд амттай хоол зооглох боломжтой.

Notre Dame: Суут Виктор Хюгогийн “Нотрдамын бөгтөр хүн” романаас бид бүхэн Notre Dame-тай танилцаж амжсан. 1345 онд баригдаж дууссан уран барилга, архитектурын гайхалтай өвөрмөц шийдэл бүхий уг сүм 6000 гаруй хүн багтаах зай талбайтай. Өөр хоорондоо огтын адилгүй загвараар бүтээгдсэн 3 хаалгатай Нотрдамд бүтэн сайны мөргөлийн ёслолын үеэр очиход үнэхээр сүрдэж биширмээр байдаг. Гадаах цэцэрлэг гэхэд л гоёмсог мод, цэцэгсээр дүүрэн диваажин адил орчин, олон зууны уламжлал, шашны ариун нандин дэг жаяг бүхэн Notre Dame-ын давтагдашгүй имижийг бүрдүүлдэг.

Avenue des Champs Elysees: Эртнээс уламжлалтай төрийн захиргааны байгууллага байрлаж ирсэн энэ өргөн гудамж Парисын хамгийн олон хүн цугладаг газар бөгөөд ресторан, баар, кинотеатр, гоёмсог дэлгүүрүүдээр дүүрэн байдаг. Гудамжны төгсгөлд Are de Triomphe буюу Ялалтын хаалгыг харж болно.

Siene river: Ном зохиол болгонд шахуу гардаг Сена гол Францын хамгийн урт хоёр голын нэг юм. Сена гол Парис хотыг хоёр хуваадаг бөгөөд голын эрэг дагаад Парисын гол барилгууд болох Louvre музей, D`Orsey музей, Notre Dame, Eifel цамхаг оршино. Та бүхэн Сена голоор усан онгоцны аялалд гарах хөтөлбөрт хамрагдвал эл бүгдийг харах боломжтой. Шөнө хийгдэх аялал бүр ч гайхамшигтай.

Euro Disney: Энхрий бяцхан үрс төдийгүй насанд хүрэгчид бидний хүртэл алжаал тайлан цэнгэн хөгжилдөх боломжтой газар бол Euro Disney. Гурван хэсгээс бүрдэх бөгөөд Disneyp¬ark, Disney studios, Villages. Энд хүүхдүүдийн дуртай үлгэрийн баатруудаас авахуулаад үлэмж том rollercoast гээд сонирхолтой бүхнээр дүүрэн бөгөөд Euro Disney-д та бараг бүтэн нэг өдрийг зарцуулах хэрэг гарна. Хавар, намрын улиралд жуулчид бага байдаг учраас тоглоомуудад дараалал хүлээж зогсох шаардлагагүй нь сайхан байдаг.
Ямар буудалд буух вэ?

Парист тоолж баршгүй олон буудал бий. Та зөвхөн үнийн сонголтоо л хийхэд хангалттай. Онцлоход буудлууд нь захиалгаа эрт авдаг юм шүү. Санал болгоход Hotel de L`ile de France Opera буудал гэхэд дуурийн театр, Луврын музей, дэлгүүрүүдтэй ойрхон хэрнээ үнийн хувьд боломжийн байдаг. Hotel des Jardins Du Trocadero-гайхалтай. Өрөөнөөсөө Эйфелийн цамхагийг харж болохоос гадна тав алхаад Champs Elysees гудамж руу орчихдог хөөрхөн, жижигхэн буудал.

Shopping: Дэлхийн хувцас загварын нийслэл Парист брэнд хувцаснууд, үнэртэн, гоо сайхны бараанууд, гоёлын гутал, цүнхнүүд гайхалтай өргөн сонголтоороо байх толгой эргэм орчинд хэтэвч чинь л байвал хүссэнээ авах боломжийг танд олгоно. “Сансрын” үнэтэй брэнд дэлгүүрүүдээс аваад дундаж фирмүүд, цаашилбал бүр хямд барааг ч эндээс сонгох боломжтой.

Дэлхийн үнэтэй брэндүүд бүгд нэг дор байдаг газар бол The rue d`Alesia. Galeries Lafayette бол хүний хэрэгцээт бүх зүйлийг нэгэн дээвэр дор цуглуулж чадсан дэлхийд зартай том худалдааны төв билээ. Мөн Champs Elysees өргөн чөлөөний хоёр талаар байрлах төрөл бүрийн дэлгүүрүүдээс худалдаа хийж болох юм. Бэлэг дурсгалын зүйлс энэ мэт хөл ихтэй газарт хаа сайгүй гудамжинд зарах бөгөөд үнэ хаялцаарай. Дашрамд сануулахад бүтэн сайн өдөр том дэлгүүрүүд ажилладаггүй.
Шөнийн цэнгээн: Парист шөнийн цагаар гарч цэнгэхэд хэдийд ч байсан оройтохгүй. Шөнө дунд жинхэнэ утгаараа зугаа цэнгэл эхэлдэг газрууд гэвэл Le lido, Crazy horse saloon, Bal du Moulin Rouge, Les Folies Bergere. Эдгээр газрууд гайхамшигтай үзүүлбэр, орчин, уур амьсгалаараа таныг илбэднэ. Харин Olimpia бол дэлхийн цуутай одод, алдарт уран бүтээлчдийн амьд тоглолт болдог концертын танхим бөгөөд үүгээрээ дэлхийд алдартай.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна