
Наадам айсуй. Энэ жил А.Сүхбат аварга зодоглох нь харин хэр сонихон юм бол? Түрүү жилийнх шиг тахимаа өгөөд үзэгчдэд олигтой ганц мэх харуулахгүй одох юм бол хэрэг алга гэж бодож суугаа хүмүүс ч олон байх. Шижигнэсэн зургаан залуу заанаас өдгөө Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар л тодорч үлдлээ. Тус тусын зам мөрөө хөөж амьдралд идэвхитэй яваа бусад нь хэрвээ дэвжээнээ байсан бол юу болох байсан бол? Ямартай ч тэдний хувь тавилан ингэж огтлолцох гэж. Залуу аваргуудын амьдрал замналыг VS булан онцоллоо.
Гэлэгжамцын Өсөхбаяр:
Хүүхэд нас:

Г.Өсөхбаяр 1973 оны нэгдүгээр сарын 13-нд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. Эхээс төрөхдөө л 5 кг орчим жинтэй төрсөн нь олныг гайхашруулсан гэдэг. Цэцэрлэг, сургуульд байхдаа ч биерхүү хүү байсан Өсөхөөг 12 настай байхад нь аймгийн хүүхдийн барилдаанд орох гэхэд нь халгаагүй гэдэг. Ийм том биетэй хүүхэд яаж 12-той байдаг юм гэсэн ч бараг төрсний гэрчилгээг нь шалгаж байж оруулжээ. Ирээдүйн аварга маань энэ барилдаанд түрүүлж анхны шагналаа хүртжээ.
Дебют:
Хичээл номондоо сайн дөлгөөхөн хүү дунд сургуулиа дүүргэсний дараа 90 онд буюу 17 настайдаа чөлөөт бөхөөр хичээллэж эхэлжээ. Түүний карьер сайн байж чөлөөт бөхөөрөө Афины олимпийн наадамд оролцсон. Мөн 1998 онд Азийн наадмын хүрэл медаль, 2001 оны Азийн аварга бөх болжээ. 
Улмаар 1993 онд анх 20 настайдаа үндэсний бөхийн зодог шуудаг өмсөн дэвжээнээ гарлаа. Түүний өвөө даян аварга “Буур” хэмээх Н.Жамьян аваргын нэрэмжит барилдаан байв. Тэр жилээ өвөөгийнхөө төрсөн нутаг Архангайн Цахир сумын наадмаар барилдаж сумын заан цол хүртсэн юм. Харин 1995 онд долоо давж Улсын заан цол хүртсэнээр тэр бөх сонирхогчдын дунд “од” болов. Заан Өсөхөө 2002 онд 9 даван түрүүлж арслан цол, 2003 онд мөн 9 даван түрүүлж Монгол улсын аварга хэмээх эрхэм алдрыг хүртэв. Өсөхөө аварга 2005 онд гурав дахиа түрүүлж дархан аварга болсон билээ. Амжилтын буухиа үргэлжилсээр 2009 онд 9 даван түрүүлж өвөөгийнхөө Даян аварга цолыг авч чадсан юм.
Өнгөрөгч 2014 онд Г.Өсөхбаяр А.Сүхбатын хамтаар Дархан аварга цолоо гардсан. Тэр үеэр:
Цитат:Монголын ард түмний мянган жилийн түүхтэй үндэсний их өв, соёл болсон үндэсний бөхийн эрхэм дээд цолыг хүртсэндээ баяртай байна. Дархан аварга цол бөх хүн болгоны мөрөөдөж байдаг эрхэм дээд цол. УИХ-аар баяр наадмын хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгч зарлиг гаргаснаар энэ цолыг хүртэж байна. Дархан аварга цолоо хадгалж, хамгаалж, нэр төртэй, ёс зүйтэй, жудагтай монгол бөхийнхөө залуучуудад үлгэр дууриалал болж, монгол бөхийн хөгжлийн төлөө өөрийн чадах бүхнээ хийж явах болно.
Гэргий:
Бөхчүүдийн эхнэрүүд дундаа хамгийн халамжтай нь түүний гэргий гэдэг. Хаа ч барилдаж байсан хоол ундыг нь зөөж халамжилж явдаг энэ бүсгүй бол Б.Нарантуяа. Хосууд өдгөө гурван хүүхэдтэй. Боловсрол, мэдлэг ажлын карьераа орхигдуулаагүй бүсгүй ЭМЯ-нд мэргэжилтэн хийдэг байсан бол одоо ХАХНХЯ-ны харьяа Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захиралын албыг хашдаг. Аавыгаа заан цолтой байхад төрсөн болохоор хүүхдүүдээ зааны тугал хэмээн өхөөрддөг гэсэн шүү.
Улс төр?

Г.Өсөхбаяр аварга МАХН-ын гишүүн. Экс ерөнхийлөгч Н.Энхбаярын намд элссэн нь үзэл баримтлалыг нь илтгэх мэт. Улс төрд хөл тавилаа гэлцсэн ч одоогоор УИХ-ын сонгуульд нэр дэвших талаар сураг чимээ гарсангүй.
Тэгээд юу гэж?
Гэр бүлийн байдал төлөв төвшин удам судрын гялбаа, сууриасаа дөлгөөхөн Г.Өсөхбаяр сүүлийн хоёр жил “асаалттай” байх шиг. Зүүний магнайд гарна гээд үзэж таараад байгаа юм даг уу. Гэнэтхэн тунирхаж одсон үе тэнгийн бөх дэвжээнээ эргэн ирэхдээ түүнтэй манлай булаацалджээ. Баргийн юманд дуугарахааргүй хүн тэгтлээ ассан эсэх олон нийтийг гайхашруулж байна. Улсын цолонд хүрсэн он нь А.Сүхбатаас хожуу, насны хувьд дүү гээд Өсөхөө аварга ухрах ёстой юу?
Стиль:
Эхнэртээ цул алтан аяган тоорцог өмсүүлж, охиноо ч дэгжин хувцаслах аваргад зохихгүй хувцас гэж үгүй. Г.Өсөхбаяр гэхээр санаанд орох хувцаслалтын тогтсон хэв маяг байхгүйг бодоход тэр хувьсаж чаддаг хүн юм. Гэсэн ч тэр мэдрэмжтэй эхнэрийнхээ зөвлөгөөг алдалгүй дагадаг болох нь хувцаслалтаас нь харагддаг.
Агваансамдангийн Сүхбат:
Хүүхэд нас:

А.Сүхбат 1971 оны зургадугаар сарын 30-нд Төв аймгийн Сэргэлэн суманд мэндэлжээ. Тэр эхээс 11-үүлээ. Жижигхээн биетэй яг л алим шиг улаан хацартай хүүг нутгийнхан нь Улаанаа хэмээн өхөөрддөг байж. Түүнийг багад нь барилдчих хүүхэд гэж хэн ч хэлдэггүй, өөрөө ч сонирхолгүй шахуу байжээ. Харин ах А.Батсүх нь хүмүүсийн нүдэнд торомтгой Баянаа аварга хүртэл тоож байсан гэдэг. Тэгсэн ч цоорохоо хүрвэл хүн амархан “цоорох” билээ.
Дебют:
А.Сүхбатын аав улсын баяр наадамд хоёр ч удаа дөрөв давсан шаггүй барилдчихдаг хүн байжээ. Түүний гарамгай хийдэг хутгах мэхийг аав нь зааж өгсөн аж. 1993 онд буюу 22 насандаа улсын баяр наадамд зургаа давж өсөх идэр чимэгт улсын начин болсон.Элдэвтэй нэг хархүү гарч ирснийг бөх сонирхогчид анзаарч эхэлж байхад тэр дахин амжилтаа ахиулж 1997 онд долоо давж Улсын заан цолны болзол хангасан билээ. Мөн ондоо чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн нь бас л бахдам. Монгол улсын аварга цолыг 2001 онд хүртсэн А.Сүхбат, 2004 онд 9 даван түрүүлж далай аварга цол хүртлээ. Хачирхалтай нь үсрэнгүй амжилттай явсан тэрбээр 2006 онд зургаа давж шөвгөрснийхөө дараа зодог тайлснаа мэдэгдсэн билээ. Энэ шийдвэрээрээ тэр анх гарч ирснээсээ илүү шахуу дебют хийв. Түүнийг одоог хүртэл сэргээш хэрэглэсэн гэж шивэр авир хийдэг. Үнэхээр хэрэглэсэн эсэхийг хэн ч мэдэхгүй.
Өнгөрөгч 2014 оны долдугаар сарын 7-ний өдөр А.Сүхбат Г.Өсөхбаярын хамтаар Дархан аварга цолоо гардсан. Тэр үеэр:

Цитат:Дархан аварга цол хүртсэндээ баяртай байна. Би улсын баяр наадамдаа гурван удаа түрүүлж, ойн жилийн 10 даваатай наадамд түрүүлж дархан аварга цолны болзлыг 2004 онд хангасан байдаг. Энэ жил төр засаг, ард түмэн маань амжилтыг маань батлаж дархан аварга цол олгож байгаад туйлын их баяртай байна. Монгол бөхийн хөгжлийн төлөө хичээн зүтгэнэ ээ.
Гэргий:

Х.Баянмөнх аваргын хүргэн байсан А.Сүхбат өдгөө гурав дахь амьдралаа эхлүүлээд буй. Хоёр дахь гэргий Содоо хэмээх цагаан хоолтон бүсгүйгээс 2, анхны эхнэрээс 3, одоогийн эхнэр Гарамхандаасаа 2 хүүхэдтэй, за за өөрсдөө тоолоорой. А.Сүхбат аварга газрын наймаа, бугын үржүүлэг гэхчлэн бизнестэй тул эхнэрүүд нь ёстой буйдан дээрээ хумсаа янзлах обьектын түрээсийн мөнгөө тоолохоос өөр онцын ажилгүй.
Улс төр?

А.Сүхбат АН-д элссэнээр мэдрэмж өндөртэй ПиАр сайтай хүн гэх болсон. Ялсан намд элсэх ч сайн хэрэг биз. Тэр сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарласан. Арга ч үгүй биз, 90 онд жагсаж явсан хүн гэж тэр өөрийгөө тодотгосон.
Тэгээд юу гэж?
Өнгөрсөн жил наадмын өмнөхөн цолоо авч дэвжээнээ гарсан аварга тахимаа өгөн гүйж одсон. Харин энэ жил бэлтгэлээ эрчимтэй хийж өдөрт бүр 3 удаа талбайд гарч галынхаа бөхчүүдийг сандаргаж буй сурагтай. Түүний хүсэл Зүүний магнайд зогсох. Ерөнхийлөгчийн зарлигт цол олгохдоо нэрийг нь эхэлж дуудна билээ. Эрэмбээрээ илүүрхэж болох ч сул хаясан он жилүүдийг хааш нь гээх вэ? Өсөхөөгтэй үнэхээр тайз булаалдах эрх бий билүү?
Стиль:
Уртаашаа ганц бор дээлтэй юм шиг хаа ч өмсөж явдаг аварга дээлээ угаадаггүй гэсэн шүү. Анхны охиноо өлгийдөн авахдаа өмсөж байсан энэ энгийн дээлэндээ тэр тун их хайртай. Харин бусад үед тэгтлээ дэгжирхээд байхгүй энгийн л хувцаслаж явах нь бий. Уг нь хөрөнгө бэлээрээ гайхуулж яваа, ид насны эр гэхэд түүний стиль дэндүү даруу шүү.
Бэлтгэсэн Д.Сэргэлэн Фотог М.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна