Наадмын солиорол №2

Өнгөрсөн жил Алтантогоо гэдэг мисс хүүхэн Гангадас аваад бөөн юм болж билээ.  Наргиа наргиа, Гантогоо гэдэг мисс Алтангадас авсан шүү.  Тэгж ярих юм бол S6 гэдэг утас бүтээгдэж орж ирэхээсээ өмнө ноднин манай СТА-г гардсан. Тэр утастай адилхан нэртэй хамтлаг эртнээс бидний дунд байж. Гүй бас тэгмээр дээ, нэг юмаараа ч гэсэн анхдагч байвал.

Тэр наадам ч яахав сайхан болсоон. Со гавьяат маань номер дутсандаа ч юмуу өөрөө гарч тайзнаа бүжиглэсэн. Жанцка ч юмуу Долгион, Балхаа агаа нарт тийм дүр, дээл хувцас яавч зохихгүй дээ. Со тэр давуу талаа сайн мэдэж байгаа.

Өнгөрсөн жилийн наадмын дуулиан паян тасраагүй зарим нэгний хийлгэсэн мэс засал эдгээгүй, оёулсан дээл нь трэнд болж амжаагүй байхад юу юугүй дараагийн наадам эхэлчихлээ. Та нулимсаа барьж дийлэхгүй сад тавьсан уу? Энэ хэллэг аль хэдийнэ моодноос гарсан юм чинь “Та үсээ хусуулсан уу?” гэж мэндчилж байна. Би л лав хусуулж амжаагүй л байна.

Хүний тооноос хасагдчих вий дээ. Гэснээс, хүний тоонд орохын тулд маш олон юм хийж байна аа нээрээ. Хүннү молл орж зургаа авахуулах, үлэг гүрвэлтэй кино үзэх, Шинэ Шангрила-Улаанбаатарт хоол иддэггүй юмаа гэхэд хүний зургийг хуулж фэйсбүүктэх, эсвэл үүдэнд нь патериа татуулах ... За тэгээд нэг сайн үйлсийн аянд оролцож хэдэн төгрөг өгчихсөн зургаа олонд дэлгээд 20-иос дээш лайк авах юм бол танд баяр хүргье. Та Улаанбаатарын иргэн!

Наадмын сцениар чухам яг юу юм бодохоос ч айж байгаа л даа. Сураг дуулахнээ дэлхийд өгзгөө брэнд болгосон ямар нэг бүсгүйг манай дарга нар заавал хармаар байгаа гэсэн. Ухаандаа нутагтаа байхад нь харж ханаагүй гадныхан энд Азийн Монголд ирэхээр нь хошууран дагаж ирж манай төсөвт орлого оруулах юм байх. Биелдэг бол сайхан зүүд.

Манай дуучид өгзөггүй төрсөнд гомдох ч шиг гадаадаас ядаж тэндээ юм шахуулаад ирэхгүй өдий олон жил юугаа хийж явсан юм гэж бодох ч шиг. Хөөрхий тэгээд монголын урлаг, улс төрд зүтгээд зүтгээд ганц тасархай өгзөгний мөнгө ч хийдэггүй юм болов уу даа. Боломжтой бол хэн хүнгүй л ташаан дээрээ гунхаастай байхсан. Ер нь мэс заслын ширээнээс мэндэлсэн бүсгүйчүүдийг ад үзээд байгаа ч ачир дээрээ бол мөнгөгүйдээ л тэдэнтэй адил болж чадахгүй байгаагийн шинж.

Олны танил хүүхнүүд ямартай ч нэгийг бодож хоёрыг тунгаагаа биз. Одоо бүсэлхийнээс дооших хэсэгтээ анхаарч брэнд бүтээх цаг нь болсон бололтой. Тэгж чадвал мөнгийг хүүдий хүүдийгээр нь хураах нь. Дуулах гэж өгзгөөрөө дуулаад л хи хи. Угаасаа ер нь дэлхийн хэмжээний поп старын хоолойтой дуучин гэж манайхаас хэдийг тодотголоо?

Ингэхэд тэр Үндэсний бөхийн Зүүний магнай гэдэг чинь яасан айхтар том хэрүүлийн алим бэ? Аль түрүү жилийн наадмаар А.Сүхбат аварга аальгүй хатантан хатагтай шиг тунирхан тахимаа өгөөд гүйж одсон. Адилхан л наадмын талбайд ав адилхан зүлгэн дээр ав адилхан өмсгөлтэй ав адилхан бөхчүүдтэй барилдахад урд нь зогсох хойно зогсоход юун их ач холбогдол өгдөг юм. Эцсийн дүндээ бөхчүүд биш, дарга нар ч биш ард түмэн тэр Үндэсний баяраар чинь баясаж хөөрөх ёстой бус уу?

Урд зогссонд нь их алга ташаад ардахад нь бага ташина гэсэн аятай одоо болтол уралцсаар л. А.Сүхбат Г.Өсөхбаяр нарыг эрэмбэлэх нь сонгуулийн санал хураалт будилаантуулахаас амаргүй болчихоод байгаа бололтой.

Нөгөө гүндүүгүй сайхан, хэнэггүй гудиггүй яадаг ийдэг юу хэмээх Монгол эр хүн, тэр тусмаа Монгол бөх хаачив? Мэдэхгүй ойр хавьд харагдах л юм алга. Буулт хийх талаар бүр бодох ч үгүй байгаа юм даа. Тоглоомоо булаацалдсан эрх жаалууд шиг. Нэг нь хөөрхөн гэгч нь буулт хийгээд урд ардах эгнээгээ олоод зогсчихгүй бол наадам болохгүй байж балрах вий.

Төв талбайд шагналын хур бууж байсан нь ер нь дээр байж. Албатай юм шиг Эзэн Чингисийн нэрийг авч ирж наагаад Сүх жанжны хөшөөг мулт татаж хаячихаад одоо тэндхийг дайны талбар болгох нь уу золигнууд чинь. Сүүлдээ үс гэзгээ гэр орондоо олны нүднээс далд хусахгүй Чингис хааныхаа өөдөөс гэзэг үсээ хяргаж шидлэх юмаа.

Гэртээ хусаад фэйсбүүк дээрээ зургаа тавьсан чиг л хүмүүс шэйрлээд шэйрлээд харчихмаар, лайкаар булах нь тодорхой. Байтлаа томчууд нь үсний найр хийж балайрах юм байна л даа. Арай өөр газрынхаа үсийг хусаж тэрийгээ харуулна гэж домбоорох юм биш биз?

Ямартай ч дэлхийн томоохон төв талбайд үсээ хусах хэмжээний гайхалтай сюрприз, эсэргүүцэл өрнөсөн талаар дуулж байсангүй. Бид анхдагч болчихов уу? Нэртэйгээр нь олон хүн зэрэг хусаад тэр Гиннесийн ном энээ тэрээд нь багтчихгүй.

Наадмаар тэгээд Ерөнхийлөгч талбайдаа үг хэлэх юм уу, нөгөө хаан тодруулдаг авгай хаанаа дагуулж гарч ирэх юм болов уу? Тодрох юм нь багадаад хаан хүртэл гарч ирнэ гэж сүржигнээд цэнгэлдэх хүнээр пиг дүүрсэн гэхчив. Тэнд очсон хүмүүс нэг л мөрөөдөлтэй. Тэр нь “Би ч гэсэн хаан юм биш биз. Болвол хаан болчих юмсан” гэх бодол.

Яг нарийндаа Үнсгэлжин зүгээр л тодорчихоогүй юм шүү. Тэр ядуу зарц ч гэсэн өдөр бүр өөрийгөө гүнжийн түвшинд яаж ийгээд бэлдэж төсөөлдөг байсан гэдэг. Тиймдээ ч ордны дэг жаяг, ханхүүтэй хийх дээдсийн адармаат бүжиг, алхаа гишгээ, харилцаан дээрээ алдаагүй юм. Харин та өдөр бүр хааны сэтгэхүйгээр амьдарсан уу? Би л лав амьдраагүй. Гэнэт яг одоо хаан болчихвол дутуу гуцуу зүйл өчнөөн байгааг мэдэж байна. Өөрийнхөө хар толгойг захирч чадахгүй хэвтэж юун бүхэл бүтэн улс захирах, хүмүүсийн хувь заяаг шийдэх гэж л бодох юм базарваань. Ухаандаа надаас бусад нь л хаан болохоор бэлдэж байж, сая л мэдлээ шүү дээ.

АПУ-гийн Батхүүг та хаан бол гээд өнөөх нь дүрдээ итгэсэн сурагтай. Манай бүсгүйчүүдээс хатан болох ганц аралтай хүн нь П.Анужин санагдсан юм байгаа биз. Гэхдээ энэ бүсгүйн бодол л доо. Мисст хүүхэдгүй бүсгүй ордог, хааны хатан онгон охин байдаг гэж мэддэггүй юмаа гэхэд номны тасархайнаас олоод уншчихмаар юм. Ямар толгой нь эргэсэн амьтан хүний эхнэр байсан нэг бус хүүхэдтэй бүсгүйг хатнаараа авах юм бол. Тэгээд өөрийнхөө эхнэр хүүхдээ хааш нь далд хийнэ ээ. Жонхуу зуурах нь ээ золиг гэж.

Тун удахгүй наадмын гоёлын эрэлд гарцгаана. Эрлийз адуу гэдэг шиг эрлийз дээлнүүд л өмсөнө л дөө. Гэтэл кимоно, ханбуг яагаад нэгэн хэвийн уйтгартай эртний байдлаараа байгаад байдаг юм бол. Тэгсэн атлаа асар үнэтэй. Хүссэн бүхэн өмсөөд байдаг эд биш. Монгол дээл бас тийм байсан бол ингэтлээ эрлийзжэхгүй л байсан байх.

За за ойрын солиорол нэг иймэрхүү болж байна. Түр бака, манайхаан. Удахгүй хэдүүлээ солиотой сайхан наадна аа. Долоон сар эхлэхээр л нэг л сонин уур амьсгалаа дагаад галзуурчих гээд байна шүү. Галзуурмаар, солиотой наадам, солиотой халуун долдугаар сар ирлээ.

Эх сурвалж: www.grandnews.mn 

У.Цахирмаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (7)

  • baby
    Saihan niitlel bailaa. Tsaashaa bicheerei amjilt husie.
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • mgl
    deelnii tuhai zuv sedev hundsun bna manaihan tegj undesnii huvtssaa duraaraa uurchilduguu bolimoor yum
    2015 оны 07 сарын 05 | Хариулах
  • busgui
    Kk
    2015 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин
    baahan ineelee kk tm dee
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин
    Solirson Sosorbaram haa saigui ingeed yavj baidag emchluulj boldogguem bh dza
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин
    Solirson Sosorbaram haa saigui ingeed yavj baidag emchluulj boldogguem bh dza
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин
    Sosorbaram gej soliotig zailulsan bizde
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025