Д.Намсрайноров Сарны саруултайд болзов

  Дуучин Д. Намсрайноровын урилгаар “Монгол аялал” компанийн “Нарны орон” жуулчны баазад очиж амраад, “Үүлэн хээтэй орчлон” Монгол роман, сэтгүүлч М.Уранчимэгийн “Гранд хүмүүс” номуудыг бэлгэнд аваад, “Гранд” сэтгүүлийн шинэ дугаарыг уншаад, Шинэ дууг дүрсжүүлэх уралдааны шүүгч болж дэвшээд, Сэвлэг шиг Бүүвэй шиг CD-ийг бас бэлгэнд авч сонсоод, амгалан тайвнаар Сарны саруултайд амжиж гэртээ харилаа. Өнгөрсөн амралтын өдөр. Ингээд эротик, завхай дуучин гэгдэх болсон Д.Намсрайноровтой уулзаж цөөн хором ярилцсанаа толилуулья.  

- “Сарны саруултайд” дуу сонсогч олонд хүрсэнээс хойш нэлээд хэдэн сар боллоо. Сонсогчид анх яаж хүлээж авч байв? Энэ дууг дүрсжүүлэх уралдааныг зарлах болсон шалтгаан юу вэ? Хараад байхнээ огт шинэлэг, өөр менежмент харагдаад байгаа юм л даа.

-  МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Т. Найданжавын хөгжим, яруу найрагч Ч. Алтантүлхүүрийн шүлэг “Сарны саруултайд” дуу гарснаас хойш маш олон хандалттай, бараг 60,000 үзэгч үзсэн бичлэг интернэтэд ороод ирсэн юм. Тэрнийг манай багийн гишүүн, админ Бат-Эрдэнэ ерөөсөөө ийм уралдаан зарлавал яасан юм бэ гээд. Дуу төрсөнөөс хойш FM-ээр явуулаад 2, 3-хан хонож байхад сайн дураараа дүрсжүүлээд эхэлсэн. Youtube-д удалгүй үзэгч сонсогчид маань тохирох дүрсийг  өөр өөрийнхөөрөө дүрсжүүлээд тавих болсон. Маш их хандалт, лайк авсан.

Эндээс бид санаа аваад, клипжүүлэх уралдаан зарлахаар манай менежментийн баг ярилцаад тодорхой хугацаа заасан. Уралдаан өрсөлдөөн гэдэг бол өөрийн дүрэм журамтай, удирдамжтай байдаг. Жижиг гэлтгүй уралдаан бол шагнал урамшуулалтай байх ёстой. Ийм ч учраас бид 1 сая төгрөгний байтай уралдаанаа зарласан юм. Нэг сая төгрөг гэдэг бол дундаж цалин л даа. Уралдаан сарын хугацаанд л зарлагдсан. Ингэж идэвхтэй оролцоно гэж төсөөлөөгүй байсан. Нийтдээ 140 гаруй бүтээл ирсэн.

Эхний ээлжинд мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авлаа. Зохиогчийн эрхээр хамгаалагдсан Дэлхийн болон Монголын бүтээлүүдээс дүрс ашиглахгүй өөрөөр хэлбэл хулгайлаагүй байх гэхчлэн олон талыг баримталсан. Бид Өнгөрсөн 2014 оны тоглолтын өмнө Говь компанийн шилдэг хувцасыг өмссөн зургаа тавьсан юм. Ингээд хамгийн их лайк дарсан зургаар тоглолтын билетээ хийсэн нь маш амжилттай болсон. Яг энэнтэй адил хамтарч ажилладаг процесс аяндаа явагдаад эхэлсэн.

  Ер нь дараа дараагийн ийм төрлийн уралдаанд оролцож авьяас чадвараа сорьж байгаасай гэх бодол төрж байсныг зориуд бүтээл ирүүлсэн оролцогч нартаа болон бусад сонирхогчдод хандаж хэлье.

- Шүүгчдийн гаргасан дүн хэр таалагдав?

- Бид сэтгэл хангалуун байна. Хэвлэл мэдээллийн ажилтан 30 шүүгч оноо өгөөд бодитой дүгнэсэн.  Цэвэр өөрсдийн бүтээл, санаа, зохиомжтой, архи тамхи сурталчилаагүй байх зэрэг болзолуудыг тавьсан.  Үүнээсээ 30 гаруй бүтээлийг сонгосон. Өнөөдөр 9 бүтээл дээр бид, та бүгдээр шүүлгэж шилдэгийг нь тодрууллаа. 30 шүүгч маань энгийн амрагч зочид биш, надтай олон жил хамтарч ажилласан сэтгүүлч, хөтлөгчид. Шинэ дуу хийгээд фм-д өглөө, сонсогчдод хүргэлээ. Сонсогчдын сэтгэгдлийг хамгийн түрүүнд бидэнд хэлж өгдөг фм-ийн хөтлөгч нар, хамтран ажилладаг Сонин, сайтуудын сурвалжлагч нарыг урьсан. Та өөрөө шүүгчээр оролцлоо. Би өөрөө уяач, малчин хүний хүүхэд. Тийм учраас хурдан мориор байлвал ямар вэ гэсэн санаа гаргаж, зөвлөлдөөд. Хурдны удамтай сартай хар хязаалан үрээг аав маань өчигдөр адуун сүргээс маань барьж ирүүлсэн. Ингээд түрүүлсэн бүтээлд Хар үрээнийхээ цулбуурыг атгууллаа, удаалсанд нь 1 сая төгрөг өглөө, гурвалсанд нь хундан цагаан хонь нэгийг барилаа.

-Хоёрдугаар байранд орсон оюутан залуусын хувьд удирдамжинд заасны дагуу цэвэр өөрсдийн бүтээл байсан, мэргэжлийн бус зураглаачтай, мэргэжлийн бус жүжигчидтэй, мэргэжлийн бус найруулагчтай...

-  Чиний хувьд энэ оюутнууд түрүүлэх байсан уу?

-  Үгүй. Би шүүлцээд сууж байхдаа төрсөн сэтгэгдлээ ярих уу?

- Тэгээч дээ.

-Түрүүлсэн Өвөрхангайн театрын уран бүтээлчид бол өндөр оноогоор түрүүлэх нь ойлгомжтой, тодорхой байсан. Театрын дууны техникч Ганбаатар нь театрт 20 жил ажилласан хүн. Шууд мэргэжлийн хүн гэж миний хувьд үзсэн. Дууны найруулагчийн гар доорх хүн шдээ. Урлагт дэндүү ойр. Жүжигчид нь ч аймгийн театрийн жүжигчид. Жүжигчдийн хувьд удирдамжид мэргэжлийн жүжигчин тоглуулж болохгүй гэсэн зүйл байхгүй учраас энэ тал дээр ярих юмгүй. Эдний хувьд зураг авалт, зохиомж нь бусад сонирхогчдынхоос хавьгүй илүү тасархай сайн болсон. Тиймээс ч 1, 2 дугаар байр эзэлсэн залуучуудад би хоёуланд нь 5 оноо өргөсөн.

 

 - Чи маш зөв хүлээн авч, зөв бодсон байна. Хоёланд нь 5 оноо өгөхөөр хүмүүс. Өвөрхангайн залуучуудын түрүүлсэн клип Цэвэр хоргүй хошигнол байсан, мөн монгол ахуйг харуулсан. Хоёрдугаар байрны залуусын хувьд удирдамжинд заасны дагуу ямар ч хуулбар дүрс ашиглаагүй, багаар ажиллаж, өөрсдийн машинд яваад, өөрснөө тоглоод, FM-ээр явж байсан ”Сарны саруултайд” дууг дүрсжүүлэх уралдааны зарлалыг эхэнд нь оруулаад FM-ээ чангалж ирээд л... гэх зэргээр эхэн хэсэгтээ бол зохиомж нь маш хөөрхөн байсан. Хэдий зураг авалт муу, хөдөлгөөн ихтэй байсан ч гэсэн,  энгийн хялбар аргаар хийчихсэн ч гэсэн зохиомж, жүжиглэлт нь хүнд хүрсэн. Дээрээс нь залуучуудын урмыг бодсон. Шүүгчид бас тэгж бодсон болов уу гэж бодож байна. Тэднийг түрүүлэх нь л гэж бодож байсан шүү. Оюутан хүнд сая төгрөг их мөнгө. Шагналууд ер нь нүдээ олсон.

- Удирдамжаа хатуу чанга барьсан бол арай өөр дүн гарах байсан. Тийм үү?

- Тийм. Маш олон хүмүүс бэлэн бичлэг хуулсан байсан. 3-р байр эзэлсэн Ганаа миний бүх ковор зурагнуудыг оруулаад үгний утгыг илэрхийлэхдээ “балын амтыг шимэхсэн” гэдэг шүлгийн мөрөнд гоёмсог цэцгэн дээр суугаа зөгийний зургийг тавьсан, “уран гоолиг бэлхүүсээр чинь тэврэхсэн” гэдэг мөрөнд бэлхүүсээр нь тэвэрсэн зураг байх жишээтэй. Тохирсон зургийг маш сайн эвлүүлж хийсэн байсан.

- Бэлэн, бусдын бүтээл ашигласан гэдэгтээ орно биз дээ? 3-р байранд шалгарсан бүтээл?

- Орно. Удирдамжинд цэвэр өөрийн оюунаар бүтээгдсэн байх ёстой гэж байгаа шүү дээ. Тэгэхээр 1, 2-р байр эзэлсэн бүтээлүүдийг гүйцэх учиргүй, манай шүүгчид бүгдээрээ сэтгүүлчид учраас шударга сайн шүүсэн. Ямар ч арын хаалга байхгүй.

- Одоо энэ шалгарсан клип олон нийтэд шууд цацагдах эрхээ авч байна гэсэн үг үү?

- Үгүй, болоогүй. Бид энэ уран бүтээлчдэд мэргэжлийн зөвлөгөө өгнө. Жишээ нь Ганнам стайл орсон хэсгийг хасуулна, дүрсжүүлэлт нь дуунаасаа 40 секунд дутуу байсныг гүйцээлгэнэ. Эд нар ч гэсэн амжсангүй, гоё санаанууд байгаа оруулж чадсангүй гээд байгаа, энэ санаагаа гүйцээг. Өвөрхангайн залуучууд үргэлжлүүлээд ажиллах байх. Тэгээд бүрэн гүйцэд дахин хийгдсэний дараа энэ манай хийсэн клип шүү гэж ярьж болно. Тэгсэн хойно Намсрайноровын хамт олны зүгээс батламж олгоно. Клип хийх эрхийг нь олгож байгаа юм. Бид хөрөнгө оруулалт хийнэ, зохиомжит хөдөлгөөнт дүрс зэргийг мэргэжлийн камераар авна. Үндсэн санаан дээр мэргэжлийн бүх юм орсон клипийг эцсийн байдлаар үйлдвэрлэж үзэгчиддээ хүргэнэ гэсэн үг.

-  Намсрайноровын маань хувьд олон жил дууллаа. Дуучид ямар нэг ивээн тэтгэлэг, гуйлтын аргаар санхүүжиж уран бүтээлээ олноо хүргэдэг. Өнөөдрийн хувьд та өгөө авааны зарчимыг баримтлаад байна аа даа?

- Дуучин хүн хэдэн бор юм олно шүү дээ. Хэдэн бор юмнаасаа бусадтай хуваах зарчим байнаа байна. Тийм үүднээсээ бай шагнал, өнөөдрийн энэ 50 хүний амралтын зардал зэргийг чин сэтгэлээсээ гаргаж амралтын өдрөөр нь хамтдаа сайхан амарцгааж байна. Сэтгүүлч, уран бүтээлчид гэдэг амрах зав тун муутай, цаг наргүй л тархи нь ажиллаж байдаг улс гэдгийг би ойлгодог. Анзаарсан бол бүх уригдаж ирсэн зочид “Монгол аялал” компанийн “Нарны орон” жуулчны баазад очоод  “Үүлэн хээтэй орчлон” Монгол роман, сэтгүүлч М. Уранчимэгийн “Гранд хүмүүс” номыг бэлэглэж, “Гранд” сэтгүүлийн шинэ дугаарыг уншаад, Сэвлэг шиг Бүүвэй шиг CD-ийг сонсоод амгалан тайвнаар Сарны саруултайд амжиж гэртээ харьцгаая гэсэн ш дээ. Анх та нарыг урихдаа. /инээв/

  Уран бүтээлийн нэршил гэдэг маш чухал. Секси дуучин, эротик дуучин гэж намайг яриад байгаа ш дээ /инээв/. Бүх үгийн билэгшээлийг бодож, яагаад “Үүлэн хээтэй орчлон” гэдэг романыг бэлэглээд байгаа юм, яагаад Гранд хүмүүс болоорой гээд энэ залууст “Гранд хүмүүс” номыг бэлэглээд байгаа юм, яагаад Нарны орон гэдэг газар Сарны саруултайд ямар нэг ажил амжуулах гээд байгаа юм. Нар сарны зааг гэж бий. Үүлэн хээ гэж байна. Энэ өөрөө зүгээр л монгол хүн сонсоод л цэвэр Монгол яруу найраг, Монгол нэршил.

Ийнхүү үзэгч, дэмжигчидтэйгээ дуучин маань нэг өдрийг өнгөрүүлэв. Тайзан дээр гарч дуулаад хэдэн төгрөг хамаад оддог урлагийн жишгийг энэ хархүү эвдэхийг чармайх шиг. Цааш цаашдаа урлагийнхан фэнүүдтэйгээ ойр дөт бяцхан ч гэсэн урамшуулдаг байвал ямар бол гэсэн бодол төрөв. Авах, өгөхдөө гол нь биш хамтдаа байгаа нь л сайхан хэрэг.

 

Эх сурвалж:www.grandnews.mn

 У. Амартүвшин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • уугий
    маш гоё дуулсан байна
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025