Үсээ хусуулах аян өрнөж байна

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан УИХ-ын 76 гишүүнийг огцруулах тэмцлийн эхлэл болгон үсээ хусна хэмээн мэдэгдэж албан ёсны хэвлэлийн хурал хийсэн юм. Ирэх сарын 1-ний өдрийн морин цагт Чингисийн талбайд үсээ хусаж тэмцэлээ илэрхийлэх аж.  Тэрээр энэхүү үйлдэлээ Эх орондоо үнэнч байхыг илэрхийлсэн андгай,  Эх орноо худалдаж идээд байгаа албан тушаалтнуудыг огцрохыг шаардаж буй тэмцлийн хэлбэр,  Эрх нь зөрчигдсөн иргэдийн эрхийг хамгаалах үүднээс хийж буй үйлдэл хэмээн тайлбарласан юм. Түүний хэлсэнчлэн эрх нь зөрчигдсөн хүмүүс болох Монгол Улсын Ерөнхийлөгч асан  Н.Энхбаяр, “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хүмүүс багтаж байгаа юм байна. Үүний өмнөхөн тэрээр Н.Энхбаярыг Солонгост байх үед нь эргэж очсон бол дараа нь “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг очиж эргэсэнээ цахим хуудаснаа тавьсан.

С.Жавхланг дэмжиж МУГТ Ц.Шаравжамц үсээ хусуулах тэмцэлд нэгдээд байгаа бөгөөд тэрбээр "Өнөөдөр би энд Жавхаа дүүгээ дэмжээд ирлээ. Миний бие олон жилийн турш хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө эх орныхоо төлөө дуугарч ирсэн. Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр бас дуу хоолойгоо илэрхийлж байгаа. Өдийг хүртэл шийдвэртэй алхам хийхгүй байсан нь  улстөрчдийг одоо хийж байгаа эрээ цээргүй үйлдлээ болих байх, ухаарах байх гэж найдаж ирснийх байсан юм. Гэхдээ ухаарахгүй гэдэг нь тодорхой боллоо. Эр хүний хувьд үсээ хусна гэдэг тийм амар гаргах шийдвэр биш. Миний бие гурван настайдаа даахиа үргээлгэснээс хойш үсээ хусаж үзээгүй. Тиймээс сэрүүцэх гэсэндээ үсээ хусаж байна гэж ойлгох хэрэггүй" хэмээлээ. Ийнхүү С.Жавхлангийн тэмцэл үргэлжилсээр байна. Түүний энэ тэмцлийг дэмжсэн цахимын хэрэглэгч нар үзэл бодолоороо нэгдэж үсээ хусуулах хүмүүс ч олон байгаагаа түүнд дамжуулж байгаа сурагтай. Жил бүр тэмцэл өрнүүлж байгаа эрхэм гавьяатын энэ удаагийн тэмцэл хэр үр дүнтэй байхыг харах л үлдээд байна.

Эх сурвалж: www.grandnews.mn

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025