
Бид л “World wine”-ийн гэж овоглоод байгаа болохоос Ц.Түвшинбаяр хатагтайн албан ёсны нэршил нь “Ноён уул эрдэнэ” ХХК-ийн захирал шүү дээ. Түүний дарстай холбогдсон түүх ч тэр, анхны гарааг нь бодоход ч тэс хөндлөн. Ц.Түвшинбаяр нэхмэлийн инженер мэргэжлээр Германд сургууль төгссөн хүн. Олон төрлийн шарз, оргилуун дарс тэргүүтнийг Монголд албан ёсоор борлуулах ажилд эртнээс ханцуй шамлан орсон тэрбээр анх 1,5 литртэй “Сангриа” жимсний дарс тэргүүтэй хэд хэдэн жимсний дарс оруулж ирэн борлуулж байсан гэдэг. Мэдээж эхэндээ шантрах, бэрхшээх зүйл их байсан авч тэр даван туулжээ. Одоо 140-өөд нэр төрлийн, 10 гаруй орны дарсыг борлуулж байна. Ц.Түвшинбаяр кинон дээр гардаг шиг гоё дарсны агуулахтай болохыг мөрөөддөг гэж нэгэнтээ ярьж байсан нь одоо ч бараг биеллээ олоо байх. Нарны гүүрний баруун талд Wine Yard хэмээх өвөрмөц нэртэй томоохон обьект барьж, эдийн засаг хямарсан үед ашиглалтанд оруулсан нь төдөх юмгүй их хотынхны цуглах дуртай газар болсон байна лээ. Дарсных нь үнэ дэлгүүрийн лангууныхтай ижил, хоолных нь амт гэж ванлий гээд олон зүйлээрээ үйлчлүүлэгчдээ татаж байгаа гэсэн шүү.

Бизнесч хатагтай нар ихэвчлэн цөөн хүүхэдтэй, эсвэл ганц бие байдаг бол тэр шал өөр. Нөхөр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Банкинд ажилладаг барагтай бол олны өмнө харагддаггүй даруухан нөхөр нь гэргийгээ бүх л цаг үед дэмжсэний ачаар ийм амжилттай явдаг биз ээ. Онц сурлагатан, айлын том охин багаасаа л хувийн зохион байгуулалт сайтай, тууштай байсан нь ийнхүү амжилтанд хөтөлжээ. Харин энэ бол захирал хатагтайн чөлөөт агшин. Завгүй ажлын хажуугаар сайн ээжийн үүргээ биелүүлэхээ тэр ер мартдаггүй.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (13)