“Хөх тэнгэр” хамтлаг & дурсамж

   Mонголын рок попын ертөнцөд 1980-аад оны  төгсгөлөөр шинэ дуугаралт, шинэ өнгө төрх, шинэ  давалгаа гарч ирсэн нь “Хөх тэнгэр” хамтлаг байлаа.

 Хур борооны ус хуурай газрыг дэвтээлээ

 Хунгийн сүрэг ниссээр нуурын хөвөөнд буулаа

 Газар дэлхийг сэргээж ганган цэцэгс дэлгэрлээ

 Ганцхан чиний үгүйд гансрах сэтгэл төрнө өө...гээд  л  Дуучин Б.Сарантуяа Н.Ганхуяг нарын хамтран  дуулсан “Чиний үгүйд”,                                            

 Хүнээс илүү төрсөн Аавын охин гэж байх юм аа    

Хүнээс илүү төрсөн Ээжийн охин гэж байх юмаа...гээд л дуучин Дашдондогын дуулсан "Охин"  Сараагийн дуулсан "Мартаж болдоггүй сэтгэл", "Бороо"гээд үг нь утга төгөлдөр, аялгуу нь уянга сайхан олон дуунууд ёстой л шинэ давалгаа болон “Хөх тэнгэр”-ээс бууж ирсэн.

    Энэ үед ард түмний амьдрал, улс орон, нийгмийн байдал ямар байв? Тоотой хэдхэн улсын дэлгүүрийн лангуунд бор давснаас өөр хүнсний бүтээгдэхүүн үгүй, өрх бүр картаар талх, архи гэх мэт тоотой хэдхэн бараа авна. Орос оронд Пересройка /өөрчлөн байгуулалт/, Монгол оронд Ардчиллын салхи. Ийм л үед “Хөх тэнгэр”-ийн дуунууд ард олны зүрх сэтгэлийг хооллож байсан гээд хэлчихэд буруудахгүй нь лав.

    Монголчуудын язгуур шүтээн Мөнх хөх тэнгэрээр нэрлэгдсэн “Хөх Тэнгэр” хамтлаг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан хамтлагийн анхны бүрэлдэхүүн 20 жилийн дараа дахин тайзнаа нэгдэн хуучны сэтгэлд шингэсэн аялгуут дуунуудаа 2015 оны 6 дугаар сарын 19ны үдэш Crocus event hall-д ганцхан удаа эгшиглүүлэх гэж байна. Тэр сайхан дуунуудыг эргэн, бас амьдаар нь сонсоно гэдэг сайхан байна. Санасан байна шүү.

   ''Манай хамтлагынхан чинь Хөл бөмбөгийн баг гаргачихаар юм байна ш дээ, Сараагаар хаалгач хийлгээд л... гэж шогчилж ярьдаг байсан. Тийм олуул” гэж Гитарчин Өөжгий саяхны нэг ТВ нэвтрүүлгээр ярьсан. Никитоны Баачка, Элкондорын Цогоо, Смоуки Ганбаа, гитарчин Вовка, талийгч Сансар, “Стар” студийн Мандах хүртэл дуучин болох гээд дагалдан хийгээд явж байсан гэдэг. Мөн энэ үед Монголын рок попд хүнд гарз тохиож Баяраа агсан мөнх бусыг үзүүлсэн билээ.

    Өөжгийгийн хувьд “Хөх тэнгэр” хамтлагт орсон нь сонирхолтой дурсамжтай. “Би 1990 онд      Баянмонгол чуулгад тоглодог байлаа. Нэг орой 23 цагт утас дуугарлаа. Энхбаяр ах байна.  

–Чи гоё гитараар тоглох уу. Буян Жагаа ах аймаар гоё гитар Германаас авчирна гэлээ. Тэгээд л бодож санах юмгүй шийдээд л орчихсон ш дээ. Ороод 2,3 хоноод Монголын анхны гоцлол гитарчны уралдаанд “Хөх тэнгэр” хамтлагынхаа нэрийн өмнөөс оролцоод түрүүлсэн” Өөжгий нэг ийм дурсамжтай.

    Харин Поп хатагтайн хувьд “Би Ганхуягтай гэр бүлийн харьцаатай байгаагүй бол Хөх тэнгэрт орохгүй байсан байх оо. Ганхуягт санал тавиад. Комплектоор нь санал тавьсан юм шиг байгаа юм. Хэрвээ би ганцаараа байсан бол аваач уу үгүй ч үү. Хуягаа орж байгаа болохоор би автоматаар орж байгаа юм биш үү. Тодорхой цаг хугацааны дараа Хуягаа гарч би үлдсэн” гэсэн дурсамжыг өгүүлж сууна. Тэгвэл Сарааг “Хөх тэнгэр” хамтлагт анх орох болсоныг сайн мэдэх Б.Дашдондог “Тэр үед страдын дуучдын уралдаанд Сарантуяа түрүүлж Ганхуяг удаалсан байсан. Тэгээд л энэ хоёр дуучныг авах тухай яригдсан юм” гэсэн юм.

   Алдарт Хөх тэнгэр хамтлагийн 25 жилийн ойн тоглолтонд мэдээжээр Монголын рок попын луугарууд болох

Зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяа

Дуучин МУГЖ Б.Дашдондог
Дуучин Н.Ганхуяг
МУГЗ хөгжимчин, хөгжмийн зохиолч Г.Энхбаяр
МУГЗ хөгжимчин, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж
Хөгжимчин, хамтлагийн ахлагч Н.Ганбат
Гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших
Гитарчин Г.Буян-Өлзий
Дуучин Б.Цогоо
Хөгжимчин Н.Халиун…
нар оролцох нь ээ.

“Хөх тэнгэр” ... Хөх тэнгэрийн доор дахин эгшиглэнэ.

У.Амартүвшин 

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025