Тийм ээ, топ модель хэмээх өргөмжлөлтэй 15-ын нэг нь С.Ариунбилэг. Нэг бодлын түүний хэлдгээр 15-ын нэг байна гэдэг бахархууштай хэрэг байх. Сүүлийн үеийн дуулианы эзэн, “Хөх чоно” группийн өв залгамжлагчын сэтгэлийг эзэмдэгч, өрх толгойлсон эмэгтэй, адармаат замыг туулж яваа цэл залуухан бүсгүй бидний өмнө суулаа. “Харин ч бүр хамаг үнэнээ ярьчихмаар санагдчихлаа ...” гэсээр тэр яриагаа эхэлсэн. Ердөө хориодхон насандаа айлын бэр болох хариуцлага түүнд жирэмсэн болсноор ирж.

-Өөрийг чинь топ болсны дараа албан ёсны гэр бүлтэй анхны топ гэж хэвлэлүүд ихэд онцолж байсан санагдана. Нөхрөөсөө хэзээ салчихав аа?
-Урд нь би хувийн амьдралынхаа талаар ярьж байсангүй. Амьдрал мэдэхгүй өсвөр насандаа хүүхэдтэй болоод амьдрал зохиочихсон. Нэгэнт хүүхэдтэй болчихсон юм чинь амьдарна, болно, бүтнэ гэж бодоод зориглосон. Таван жил хамт амьдрахдаа амьдралаа босгох гэж би үнэхээр зүтгэсэн. Ойр дотныхон маань бүгд мэднэ. Гэвч эцэст нь бид хоёр үнэхээр тохирох хосууд биш юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр салсан. Муудалцаад, бие биенээ үзэн ядаад хоёр тийш болсон юм байхгүй. Одоо найзууд шиг энгийн сайхан харилцаатай байдаг. Топ модель болсны дараахан салсан учраас намайг топ болчихоод нөхрөөсөө саллаа гэх ойлголт яваад байх шиг. Тийм биш л дээ. Бидний харилцаа хэдийнэ хөрчихсөн байсан юм. Гэвч энэ талаар сонин хэвлэлд ярихыг хүсдэггүй байсан. Дөнгөж топ болсныхоо дараа, манай нөхөр намайг ингэж гомдоодог, бид тийм ч эв түнжингүй амьдардаг гэж яриад байж болоогүй л дээ. Тэгээд ч би салсан нөхрийгөө хэзээ ч муулахгүй. Салаад нэлээд хугацааны дараа одоогийн найз залуутайгаа үерхэж эхэлсэн.
-Үр хүүхэдтэй, хамтдаа босгосон амьдралаа нураах тийм амар хялбар явдал биш. Яухам яагаад охиныхоо ааваас салахад хүрсэн бэ?
-Багш маань босгосон амьдралаа хаяад гарах шиг хэцүү зүйл байдаггүй гэдэг байж билээ. Гэтэл бидний амьдрал хамтдаа босгосон амьдрал байгаагүй. Би босгосон амьдрал байсан юм. Тиймдээ ч нөхөр маань салахдаа хувцасаа л аваад гарсан. Охин, бид хоёр үлдсэн /инээв/. Гэхдээ энэ инээдтэй ч зүйл биш л дээ. Гэвч үнэн нь энэ юм.
“Гранд” сэтгүүлийн шинэ дугаарт топ С.Ариунбилэг бүтэн жил шахам үргэлжилсэн дуулианыхаа талаар анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгснөөс та бүхэнд сонирхууллаа. Маш олон “Яагаад?”-д хариулт авсан.
Т.Бат-Оргил: Элит болохын тулд харгислал, золиос хийх шаардлагатай, бид эталон болохын төлөө тэмцэж байна
Эртнийхээр бол язгууртан энэ цагийнхаар бол элит гэж яг ямар шинж чанар, юуг хэлдэг юм бол гэж ихэд боддог байв. Мэдээж удамшилтай холбоотой нэршил, мөн чанар байж таарах нь дамжиггүй. Үеэс үед, үрээс үрд дамжихдаа мөн чанараа үл алдахаар барахгүй улам батжиж, чанаржиж байдаг үл тасалдах эрхэм мөн чанар бол сайн генийн гялбаа байж таарна. Эдгээр гялбаат хүмүүсээс язгууртан, элит бий болж, бүрэлдэнэ. Тиймдээ ч англиар family буюу удам судар, угсаа гарал гэдэг тийм чухал зүйл байсаар иржээ.
Орчин цагийн Монголын цөөн элитүүдийн нэг нь яах аргагүй Ц.Намсрай гуайн үр удмынх. Бид АЖ, Зууны манлай сайхан хүүхэн Л.Цогзолмаа гуайнх гэвэл илүү танимхайрах энэ гэр бүлийнхэн гурван үеэрээ Монголын урлагт хүчин зүтгэж буй. Тиймдээ ч урлагийн элит гэр бүл гэх өргөмжлөл, хүндлэлийг авцгаажээ. Харин гурав дахь үеийн төлөөлөл Т.Бат-Оргил буюу АЖ, Төрийн соёрхолт Н.Сувдын хүү үйлдэл, үг яриа, амьдралын хэвшлээрээ урлагийн гэх тодотголгүй зүгээр л элит угсааных гэдгээ харуулсаар ирж.
-Яагаад ч юм Америкт нэг сар амьдраад ирсний дараа Монголд ард түмэн гэж байдаггүй юм гэж бодол төрж байсан. Муу засаглал, сул төрийн сүүдэр гэж ойлгож болох нь?
-Төр гэж хэнийг хэлэх вэ гэдэг асуудал руу ороод явчихна. Бид өмнө нь коммунист дэглэмтэй байсан. Шинэчлэн байгуулсан төр маань ардын төр гэж байгаа. Ардчилал гэдэг ард түмэн засгаа өөрсдөө барих тухай онол. Бид үүнийгээ хийж чадахгүй их хугацаа алджээ. Ард түмэн байхгүй гэдэг бараг үнэн болчихоод байна. Хувиа хичээх явдал хэт газар авч байна. Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг муухай үг бараг “зүйр цэцэн” үг шахуу болоод байна. Бузар үгнүүдийг цэцэн мэргэн үг болгож ярьдаг болсон байна. Миний өвөг дээдэс ийм юмыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байсан. Юу гэсэн үг юм бэ, хулгай, луйвар хийвэл чадаж байгаа юм чинь болж байна гэсэн үг үү? Бараг гайхуулах маягийн ханддаг болсон. Үүнийг жигшдэг үлгэр дуурайл байх ёстой.
Улсууд элит гээд яриад байдаг даа. Үүнийг хүмүүс их янз янзаар ойлгодог. Элит гэдэг бол үнэтэй, гоё юм хэрэглэж, үнэтэй хоол идэж, гоё газраар зугаалах баярхал, тансаглал биш шүү дээ. Харвард төгсөөд ч элит болчихгүй. Тэр бол зүгээр л баян, боловсролтой хүн. Тэгвэл үндэсний элит гэж хэнийг хэлдэг юм?Энэ бол ард түмнээ гэсэн сэтгэлтэй байж, ард түмэнд хайрлагдаж, тэдний хайрыг даасан хүн юм. Тэр элит гээд байгаа хүмүүс юуг жигших, юуг шүтэж амьдрах вэ гэдгийг ард түмэндээ өөрийн амьдрал, үйлээр үлгэрлэн манлайлах ёстой. Тэдний үүрэг маш их. Жишээ нь,Зэвсэгт хүчний элит гэж хэнийг хэлэх вэ? Энхийн цагт тэд хамгийн гоё хувцастай, гоё хангамжтай, гоё залуус байдаг. Дайн болоход ялалт, ялагдлыг тодорхойлох, амь өрссөн тулаанд тэд түүчээлэн ордог. Үүгээрээ л элит гэгдэнэ. Үүнтэй адил ард түмний элит гэдэг бол хамгийн хэцүү үед явах зам жимийг нь тодорхойлж, шийдэл гаргах хүч, хүнд хүчир үед зөвхөн тархи нь биш сүнс нь болдог хэсэг бүлэг хүмүүс юм. Бэрх үед ч сүнсээ алдахгүй хүчир цагийг даван туулахад манлайлж байх ёстой хүмүүс юм.
-Та элит мөн үү?
-Мэдэхгүй, энийг би тодорхойлохгүй ш дээ.
-Монголын ард түмэн танай гэр бүлийг Монголын элит гэж хэдийнэ тодорхойлсон. Таны үйлдэл, үг яриаг сонсоод би хувьдаа хүлээн зөвшөөрснөөр барахгүй элит гэдэг бол үеэс үе дамжсан үнэт зүйл, эрхэм чанар, нэр төрөө эрхэмлэх түүгээрээ нийгмийн өмнө үүрэг хариуцлагатай, үлгэр дуурайл үзүүлэхүйц амьдрах явдал гэж бодох болсон.
-Мэдээж миний аав ээж, эмээ өвөөгийн нөлөө байдаг. Дөрөв, тав хүртэл намайг тэд л хүмүүжүүлсэн шүү дээ. Гэхдээ зүгээр нэг төрснөөр, удмын эрхээр элит болчихгүй байх.
Маш их хүлээлт байдгийг би мэдэрдэг. Чи тийм хүний хүүхэд юм чинь, тийм л байх ёстой гэдэг хүлээлт, шаардлага. Үүнийг би биелүүлж чадах эсэхээ харуулах цаг нь одоо ирээд байна. Би хувьдаа сэтгэлзүйн хувьд бүрэн бэлтгэлтэй байгаа. Тийм ч учраас санаа сэтгэл нэгтэй нөхөдтэйгээ нэгдээд улс орныхоо төлөө юм хийе гэж зориод явж байна. Зорьсондоо хүрч чадах эсэхийг цаг хугацаа харуулна. Би бол чадна гэж бодож байгаа.
Шинэ дугаарын “Гранд би” ноён Т.Бат-Оргил байлаа. Улс төрд хөл тавихаар эргэлт буцалтгүй шийдсэн тэрбээр Хөдөлмөрийн үндэсний нам байгуулаад буй. Чухам яагаад улс төрд оров гэхээс илүү ороод юу хийж чадах вэ гэдгээ тэр маш тодорхой хүүрнэсэн. Бид элит болоход үнэхээр юу дутаж байна вэ? “Гранд”-ын шинэ дугаарын зочин танд дэлгэрэнгүй хариулт өгсөн байгаа.
Шинэ дугаарын сенсаациуд “Найрамдал”-ын шинэхэн захирлын хөшигний ардах амьдрал, Баянголын уурхайг өөрийн болгосон “Дорнын говь”-ын Б.Дэлгэрсайханы бяцхан өв залгамжлагчийн аархал. Жийгдсэн ч жийптэйгээ үлдсэн Ц.Алдармаа, Н.Номтойбаярын анхны энэ Ш.Туяа хэрхэн амьдарч байна, алтан нүнхний эзэн, биеэ үнэлэгчдийн таних тэмдгийг болгоомжлолгүй хэрэглэсэн бүсгүйчүүд , эрхэм гишүүн О.Содбилэгийн гэргий Э.Туулыг хэн тулаанд дуудав, “Буян Жагаа”-гийн хүүхдийн хойт эцгээр хэн тодров зэрэг олон сонирхолтой мэдээлэл багтлаа.
Улс төрийн марафонд хүч үзэн буй Ерөнхийлөгчийн хөвгүүд, нөлөө бүхий улс төрчийн хөвгүүдийн хэн нь хэн болох, хэр амжилттай яваа талаарх прогноз таны сонирхлыг гарцаагүй татах болно. Бүсгүйчүүд улс төрд тун цөөн тоогоор шигшигдэн үлдсэн бөгөөд төмөр хатагтай гэгддэг Т.Ганди, Б.Дэлгэрмаа нарыг VS булан онцоллоо. Дуулиан бүхний эрэлд гарч үнэнийг тодруулдаг, халуун сенсаацийг хамгийн түрүүн мэдээлдэг “Гранд” уншигч танд богц дүүрэн ирлээ.
Дугаарыг удирдсан Д.Сэргэлэн
Тойм мэдээг: У.Цахирмаа
Сэтгэгдэл байхгүй байна