Гутал дотор оймс, оймс дотор хөл...

Авьяас удамшдаг зүй тогтолтой. Ялангуяа урлагийн авьяас эцгээс хүүд, үеэс үед, өвлөгдөж ирсэн нь элбэг. Эцгээсээ авьяас болоод мэргэжлийг өвлөсөн олон аав, хүүг бид танина. Тэгвэл энэ удаад гурван үеэрээ урлагт болон өөр бусад салбарт цахиур хагалаж яваа аав, хөвгүүдийг товч танилцуулж байна.

Ё.Цог, Ц.Хүсэлбаатар, Х.Баярмаа

Урлагийн салбарт үе удмаараа зүтгэж байгаа гэр бүлүүд цөөнгүй. Тэдний нэг бол МУГЖ Ё.Цогийнхон юм. Хүү  Ц.Хүсэлбаатар нь найруулагчийн хувиар монголчууддаа танигдсан бол эхнэр  С.Өлзийхүүг нь хэн хүнгүй мэднэ. Ц.Хүсэлбаатар, С.Өлзийхүү хоёрын охин Х.Баярмаа аав ээжийнхээ араас урлагт үнэнч яваа. 

Хамгийн сүүлд өвөө, аавынхаа хамт “Аюултай харилцаа” кинонд дүр бүтээсэн жүжигчин Х.Баярмааг дэлхийн миссд орж байснаар хүмүүс илүүтэй таньдаг. Гэвч тэр мисс гэхээсээ жүжигчин гэж нэрлүүлэх хамгийн дуртай байдаг гэнэ лээ. Гурван үеэрээ урлагт хүчин зүтгэж яваа өвөө, аав, ач охин нарын хамтдаа дүр бүтээсэн тэрхүү агшиныг харсан хүмүүс “гутлан дотор оймс, оймс дотор хөл” гэж үүнийг хэлдэг байхдаа гэж ихээхэн талархалтай хүлээж авсан.

Гурван үеийн мисс

Загварын сайхан бүсгүйчүүдийн нэг Ч.Содтуяа насаараа загварын ертөнцөд насаа элээж, хувийн амьдралаа хойш тавьсан. Салбар салбарын найз нөхөд олонтой тэрээр үйл ажиллагаанаас хойш суухгүй дээ. Хаана л бол хаана охин, ээжийн хамтаар явж харагддаг тул “мисс Ч.Содтуяа хоёр бие хамгаалагчтайгаа явж байна” гэх нь ч бий.

Ч.Содтуяагийн ээж нь цагтаа эрчүүдийн харцыг булаасан сайхан эмэгтэй байсан гэнэ лээ. Загварын тайзнаа од болон гялалзаагүй ч үе тэнгийнхэн дундаа мисс. Тэгвэл Ч.Содтуяагийн охин аль хэдийнэ мэргэжлээ сонгочихсон гэж болно. Зурагчин хараад л “пооз” авдаг Содонгоо гэх энэ хөөрхөн охин ирээдүйд загварын ертөнцөд цахиур хагалана хэмээн салбарынхан өхөөрдөж буй.

Одноогийн хувилбарууд

Алаг нүдэн Одноо хэзээд сайхан бүсгүй тодотголоо хадгалсаар явдаг “cool” хатагтай. Улс төрчид дунд хүртэл хамгийн сайхан бүсгүйгээр хэнийг нэрлэх вэ гэхэд “жүжигчин И.Одончимэг” хэмээн түүнд “хайр зарлах” нь бий. Энэ хатагтайн нөхөр, охин, хүргэн гээд гэр бүлээрээ урлагт хүчин зүтгэж яваа билээ.

Том охин З.Номундарьтайгаа зэрэг шахуу үрийн зулай үнэрлэсэн И.Одончимэг гавьяатын хүргэн нь хүртэл жүжигчин залуу бий. Тэгвэл жүжигчин аав ээжээс төрсөн зээ охиноо ирээдүйд жүжигчин болгоно хэмээн ам алдсан эрхэм гавьяатын бага охин ч гэсэн урлагийн хүн болох магадлал өндөртэй.

Сүүлийн үеийн кино театруудаар гарч байгаа кинонуудаас хамгийн их ашиг олсон киногоор “Танхай тээгч” шалгарсан. Тус киноныхоо нээлт дээр гурав, дөрвөн үеэрээ хүрэлцэн ирж олны анхааралыг татаад авсан шүү. Одноо гавьяатын үргэлжлэл болж байгаа хувилбарууд энд байна.

 

Л.Цогзолмаа, Н.Сувд, Т.Мөнх-Оргил

Монголын элит гэр бүлийн тоонд зүй ёсоор багтдаг эрхмүүд бол АЖ, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай сайхан бүсгүй Л.Цогзолмаа гуайнх. Эднийх АЖ, Төрийн соёрхолт, УДБЭТ-ын дэд захирал Н.Сувд, Ц.Балдорж агсаны гэргий “Монголньюс”-ын захирал Н.Шүр, ХБК-ийн сургалт хариуцсан дэд захирал Н.Ганчимэг, найруулагч Н.Энхтүвшин, “Инээмсэглэл”-ээр овоглодог ноён Н.Ганхуяг гээд гарын 5 хуруу мэт өв тэгш сайхан амьдарч яваа хүүхдүүдтэй.

Ц.Намсрай агсаны голомт залгах ганц хүү Н.Ганхуягаа Л.Цогзолмаа гуай нэртэй дипломатч болно гэж боддог байсан гэдэг. Гэвч хүүхдүүд нь урлагийн хүмүүс болж түүгээр ч барахгүй үр хүүхэд, ач зээ нарынх нь ихэнхи нь урлагийн хүмүүс байдаг. Хань ижлүүдээ хүртэл нөгөө л хайртай урлагийн тогооноос сонгосон эдний гэр бүлийн үргэлжлэл болж яваа гитарчин Т.Мөнх-Оргил урлагт эргэлт буцалтгүй орсон гэж болно.

АЖ Н.Сувдын бага хүү Т.Мөнх-Оргил гадаадад боловсрол эзэмшиж өдгөө эх орондоо суурин ажиллаж байгаа. Бүр ээж, эмээ хоёрыгоо эсэргүүцээд байхад л урлаг руу урвасан гэдэг. АЖ Н.Сувдын том хүү Т.Бат-Оргил дүүгээ анх урлагт уруу татсан. Өөрөө хэд хэдэн дуу бүтээгээд авсан Т.Бат-Оргил нэгэнтээ урлагийн хүн болно гэж ярьж байсан. Гэвч замынхаа дундаас орхиж өдгөө төрийн албан хаагчын албыг хашиж буй. Ямартай ч эднийхэн хэдэн үеэрээ урлагт ойр байх нь бололтой.

Ач охины ирээдүй тодорхой

Драмын шилдэг хосуудын нэг жүжигчин О.Бат-Өлзий, С.Сарантуяа нар гэртээ ч ажил дээрээ ч хамтдаа явсаар насыг элээж яваа урлагийн сайхан хосуудын нэг. Тэгвэл аав ээжийнхээ мэргэжлийг өвлөж авсан жүжигчин Б.Тамир бяцхан охиноо урлагийн хүн болгох юм гэсэн.

Өдгөө дөрвөн настай бяцхан охиноо хэд хэдэн кинонд тоглуулаад авсан Б.Тамир аав ээжээсээ шүүмжлэл сонссон ч охиноо урлагийн хүн болгохоор сэтгэл шулуудсан гэдэг. Жүжиглэхээс гадна чамгүй сайн найруулагч гэдгээ харуулж яваа Б.Тамирын бяцхан охин хамгийн сүүлд “247 градус” кинонд дахин дүрээ мөнхөлж ирээдүйгээ тодорхойлоод буй.

Гурван урт гэзэг ч яахав, тайруулна л биз ...

Монголын урлагт дарах жингээрээ тэргүүн эгнээнд бичигддэг гэр бүл бол АЖ, Төрийн шагналт Сэвжид агсаныхан. Бүжгийн урлагийн эцэг гэж болохоор энэ эрхмийн хүү С.Сүхбаатар онгод авьяас омог бардам зангаараа олны хүндлэлийг хүлээсэн.

Том хүү “Хар сарнай”-н Амараа болон бага дүү жижиг Амараа нар рок попын ертөнцөд нэрээ дуурсгаж яваа. Стиль имижээрээ тун адилхан ах дүү Амараа нар аавын адил гэзэгтэй.  С.Сүхбаатар гуай нэгэнтээ “Гурван урт гэзэг ч яахав хэзээ нэгэн цагт тайруулна биз. Харин гурван үе дамжсан ховор авьяас бүү тасраг” хэмээн ярьж байсан билээ.

Аавын араас хүүгээ...

Аавынхаа шийрийг хатааж уран бүтээлээрээ “хашгирч” яваа найруулагч Д.Галбаярыг Г.Дашхүү агсаны хүү гэдгээр нь Монголын ард түмэн андахгүй. Кино дэлгэцийн олон сайхан уран бүтээлээрээ үзэгчдийн хайр, хүндэтгэлийг хүлээсэн Г.Дашхүү агсаны үргэлжлэл болсон Д.Галбаяр урлагийн хүнтэй гэр бүл болсон.

“Хөөрхөн Хулан” нэрээр олонд танигдсан жүжигчин Т.Хулан нэрт жүжигчинг хуулсан гэмээр хүү төрүүлж өгсөн нь энэ. Өвөө, аавынхаа царай төрхийг өвчсөн юм шиг дууриасан энэ бяцхан жаалыг ирээдүйд өвөөгийнхөө хийж дуусгаагүйг хийнэ хэмээн найруулагч Д.Галбаяр хэлдэг. Алдартай жүжигчний авьяаслаг хүүгийн хувьд төдийгүй урлагийн хүнтэй гэр бүл болсныхоо хувьд тэрбээр хүүгээ ч мөн адил удам залгасан уран бүтээлч болоосой гэж хүсэх нь яах аргагүй зөв шийдэл бизээ.

Азарганы хаад

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Тод манлай, Гавъяат малчин, XX зууны манлай уяач Д.Даваахүү гуайнх үе дамжсан уяачид. Монголын хурдан морины олон шинэ амжилтыг эвдсэн энэ эрхмийн аав алдарт уяач хүн байсан гэдэг. Тэгвэл XX зууны манлай уяач Д.Даваахүү гуайн хүү мөн адил хавь ойрдоо нэртэй уяач бий. Гурван үеэрээ Улсын баяр наадмаас түрүү авсан энэ айлыг “Азарганы хаан” гэр бүл гэж ярих шинэ нэршлийг алдарт уяачид нэрлэдэг юм билээ.

Эх сурвалж:www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025