Манай орон жилийн дөрвөн улиралтай, хүүхэд 10 сар тээдэг гэхчлэн статистик яривал ярина шүү бас. Харин энэ ямар нэг юмны сайд гээч нь мөчлөг нь яадаг болчихсон юм бэ? Урд нь цаг сайхан байж, ядаж л захын 10 жилийн сурагч сайд нарынхаа нэрийг торохгүй дуржигнуулдаг байлаа шүү дээ. Одоо бол насанд хүрсэн хүмүүс битгий хэл сэтгүүлч бид хүртэл хэн хэн байгааг цээжилж амжихгүй байна гээд сэтгэ дээ, жинхэнэ гамшиг. Энэний хажууд бол утаа юу ч биш.
Жишээ нь манай төрд хэрэгтэй зайрангуудын нэг Ш.Түвдэндорж яасан байх нь, 6 сард нь сайдаар томилогдоод 12 сар гэхэд халагдах жишээний. Уг нь бол зарим нэг памперстай бацаануудын хажууд аль 1992 оноос хойш 10 гаруй жил улс төрийн тогоонд чанагдсан хүн. Нас нь ч яг сайхан жигдрэх 47 дээрээ явна. Гэтэл түүнийг сайд байсныг бараг халагдсан хойно нь намтраас мэдэх жишээний. Нэг хүүхэд ч “хийгээд” төрөхтэй тэнцэхгүй хугацаанд ийм хариуцлагатай алба хашихаар одоо тэгээд яах болж байна. Нэгмөсөн сайдаа 4 улирлаар томилоод явчихвал амар ч юм уу. Өвлийн, намрын, зуны, өвлийн сайд, нэг яам жилд 4 сайд солино, догь уу? Насаараа улс төрд зүтгэсэн мэргэшсэн улс төрч нь хүртэл тогтохгүй байгаа сайдын суудал ямар галзуу бух биш дээ. Наад захын банкны зээлэнд хүртэл “Тухайн газраа тогтвортой 10 сараас дээш ажилласан байх, 6 сараас дээш нийгмийн даатгал төлсөн байх” гэж заасан байхад манай сайдууд бол хэзээ ч зээлэнд тэнцэхгүй нь. Харин МҮОНТ-гийн даргаар сонгогддог хүмүүс бол тэнцэх байх шүү, нэг жил болоод ойн дээр нь халдаг юм байна лээ. Ингэж богино хугацаанд сайд хийх хүндээ байна уу, албандаа байна уу, бүү мэд. Ямартай ч Ш.Түвдэндорж нэг их гундсан шинжгүй намын чанартай баяр ёслолд морилж байна. Улс төрчид харах тусам их тэвчээртэй хүмүүс бололтой, халагдаж л байдаг, томилогдож л байдаг.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (1)