Христ буюу эзний сургаалийг чанд даган мөрдөгч, улаан христчин урлагийн одууд ар араасаа түүчээлж “айхтар” хүчээ авсаар л байна. Дээхэн үед манай улс Буддын шашинг илүү шүтэж дээдэлж ирсэн улс орнуудын тоонд зүй ёсоор ордог байсан бол сүүлийн үед энэ үзэл баримтлал өөрчлөгдсөн гэхэд болно. Тэр дундаа маш хурдан хугацаанд олон газар түгэн дэлгэрч байгаа Есүс эзэн, Христийн чуулга замбараагүй ихэссэн гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Үүнийгээ даган Христ итгэгч нар энэ хэмжээгээрээ өсөн нэмэгдэж байгаагийн нэг жишээ цөөхөн хэдэн Монголчуудын “од” гэж нэрлэгддэг дууч бүсгүйчүүд Христийн чуулга руу хошуурцгаах болсонд буй.

Эдгээр олны дуучин жүжигчин хатагтай, ноёд Мөнхийн эзэндээ гүнээ итгэж, христийн библийн үнэнч уншигч нар болоод нэлээд удаж байгаа бөгөөд өдөр ирэх тусам багаа бүрдүүлж нэг л мэдэхэд “Монголын урлагийн Христч нар” гэх томоохон чуулга болж магадгүй бололтой. Ямартаа ч цөөхөн хэдэн урлагийн одууд уран бүтээлээ хойш тавьж бөө мөргөл, Христ цуглаан гээд хоёр хуваагдаж уран бүтээлээсээ илүү бурхан, тэнгэртээ шүтэж бишрээд байгаа нь олны анхаарлыг ихэд татаж байгааг нуух юун.
Тэгэхээр урлагийн улаан Христчин “уба”, “аниа” нарыг та бүхэнд танилцуулж байна.
Дуучин Номин-Эрдэнэ & Сэрчмаа
Охидын анхны хамтлаг гэгддэг “Спайк” хамтлагийн гишүүн дуучин Номин өдгөө ганц дайчин ганцаардахгүй гэдгийг харуулж яваа ч бие даасан тоглолт дорвитой уран бүтээл хийхгүй байгаа нь үнэн. Учир нь тэр Мөнхийн эзэндээ итгэж улаан Христчин болоод уран бүтээлээ ийн хойш тавих болсон гэнэ лээ. Анхны нөхрөөсөө салж мөн мөнхийн эзэнд итгэгч өөрөөсөө үе мултарсан залуутай хоёр дахь амьдралаа зохиож байгаа дуучин бүсгүй амь амьдрал, гэр бүлээ тэр чигээр нь “Мөнхийн эзэн”-дээ даатгаад байгаа аж.
Хувийн амьдрал, хувьсгалын ажлаа бүхэлд нь хаяж ингэж их шүтэж бишэрч байгааг харвал түүнийг мөнхийн эзэн нь ивээлдээ авч харж үздэг нь “үнэн” байж болох л юм. Юутай ч дуучин Номио хоёр дахь амьдралаа өөрийн нэгэн адил христ итгэгч, урлагт хайртай залуутай зохиогоод байгаа билээ. Харин тэрээр дотны найз дуучин Сэрчмааг бас урвуулж, бишрүүлж чадсан жинхэнэ үнэнч “итгэгч”. Уран бүтээл хамаг байдгаа орхин чөлөө завгүй мөргөл, гуйлтаа хийгээд тун ч завгүй байсныхаа үр дүн сайн найзаа хамтрагчаа болгож чадсан.
Эрх хонгор, уянгалаг хоолойгоороо Ар Монголын төдийгүй Өвөрмонголын үзэгчдийг байлдан дагуулж баясгаж яваа дуучин Сэрмаагийн хувьд өвөрлөгч нөхрөөсөө албан ёсоор салаагүй ч хааяадаа уулзаж учраад Хураа охинтойгоо төрсөн гэртээ нам жимхэн амьдраад багагүй хугацааг үдэж байгаа. Хоёр жил шахам урд хөршид уран бүтээлээ туурвиж байсан бол өдгөө “Selly” нэртэй хувийн студиа байгуулаад ойрын хугацаанд хийх ажлаа Мөнхийн эзнийхээ зааварчилгаагаар нэг нэгээр нь биелүүлж яваа гэнэ лээ. Найзынхаа ачаар итгэж шүтэх шүтээн, бурханаа олж авсан бүсгүй мөн Мөнхийн эзэний үнэнч итгэгч, библийн байнгын уншигчдын нэг.
А.Уянга
“Аптаун” сэтгүүлийг үндэслэгч энэ бизнесмэн хатагтай бас Улаан христчин хатагтай нарын нэг. Тэрээр “Бодлын хулгайч” кино хийж, Монголын кино урлагт шинэ хуудас нээсэн. жүжигчин Амраатай нэг сүмд явдаг итгэгч дотно найзууд гэнэ лээ.
Хувийн амьдралын тухайд Уянга бүсгүй өмнө нь “Петровис”-ын хөрөнгө оруулагчдын нэгнийх нь хүү Мөнхдорж хэмээх залуутай анхны амьдралаа эхлүүлж, аав ээж болж байсан бол өдгөө хоёр дахь амьдралынхаа шинэ хуудасыг нээж мөн л итгэгч залуутай хуримлаж бас нэг итгэгч гэр бүлийн тоог нэгээр нэмсэн аж.
Том Жагаа Олноо “том”
Жагаа хэмээх алдаршсан “Соёл Эрдэнэ” хамтлагийн уран бүтээлч Жаргалсайхан мөн “Мөнхийн эзэн”-ий үнэнч фэнүүдийн нэг. Эртнээс шүтэн бишрэх болсон шашиндаа туйлаас их хайртай гэдэг гитарчин том Жагаа Мөнхийн эзэндээ итгэж яваадаа туйлын сэтгэл хангалуун байдаг нэгэн гэнэ лээ. Тэрээр саяхан 2012 оны УИХ-ын сонгуульд ИЗНН-аас нэрээ мандуулж нэг их сүр дуулиан тарьсан ч өвдөг шороодсон.
“Соёл-Эрдэнэ” нь Монголын эстрадын урлагийн эцэг, зууны манлай хамтлаг бөгөөд гадаадын орнуудад анхны тоглолт хийж, Азийн дуу хоолойгоос Монголын анхны тусгай шагналыг авч байсан гээд 70,80-аад онд мандан бадарч явсан хамтлаг. Өдгөө “Соёл –Эрдэнэ” гэх хамтлаг монголын ард түмний дунд домог болон мөнхөрөн үлдсэн билээ. Тэгвэл мань дуучин том Жагаа мэргэжил, хамтлагаа бүрмөсөн сольж фэнүүдтэй байсан бол эсрэгээрээ Христийн улаан фэн болж, Христийн чуулгандаа дуулж хуурддаг болсон гэнэ шүү.
Намайг Амраа гэдэг...
“Намайг Амраа” гэдэг хэмээн өөрийгөө рекламдаж олонд танигдаад авсан нэгэн адтай сэргэлэн залуу Амарсайхан мөн Христ итгэгч гэнэ лээ. “Боолын гэрээ”, “Бодлын хулгайч” киногоор найруулагчдын хараанд өртөж хир чансаатай жүжигчин болохоо харуулж яваа нэгэн.
Дэлгэцийн урлагтаа байнга урилга заллагад даруулдаг жүжигчин маань саяхан сонгуулиар мөн л “Намайг Амраа” гэдэг гэх өөрийн нэрийн хуудас болсон брэнд хэллэгээрээ Ардчилсан намын рекламанд тоглоод ёстой нэг хэвлэлийн баатар болоод амжсан. Тэр чинээгээрээ л хэтэвчээ зузаатгаад авсан. Мэдээж “Бодлын хулгайч” киногоороо нэр хүндээ тэнгэрт мандуулсан энэ эрхэм тус киноны гол дүр бүтээх болсон нь түүний үнэнчээр даган шүтдэг Христийн шашинтай нь ихээхэн холбоотой байсан гэнэ.
Мөн энэхүү киноны продьюсараар ажилласан Уянга гэх бүсгүй бас л Христ итгэгч нэгэн бөгөөд тус кино нь мөнхийн эзний итгэгч нар гар хөл нийлж хийсэн гэдэг. Ямартаа ч Улаанбаатар хотноо байрлах нөр их Христийн чуулга, цуглаанаас жүжигчин Амараа “Амьд үг” христийн цуглаанд явдаг идэвхитэй гишүүдийн нэг аж.
Дуучин Нара
Тачаангуй гэж нэрлэгдэж өөрийгөө тачаангуй, сексигээр нь олны танил олон фэнүүдтэй болж чадсан дуучин Нара мөн л Христийн “итгэгч”. Анх аралын Япон суралцаж уран бүтээлийн гараагаа эхэлсэн гэх дуучин маань Японд байхдаа л Христийн чуулганд явж итгэгч болсон гэдэг. Сүүлийн жилүүдэд амралтын байдалтай болсон учир нь Христийн чуулганд өдөр алгасахгүй явж мөргөл үйлдэхийн хажуугаар сүмийнхээ найрал дууны багийн ахлагч болоод тун ч завгүй болсонтой нь холбоотой.

Тэрээр “Нэгдүгээр сүм” цуглаанд явдаг бөгөөд өөрийнхөө энэ ажилд зарим уран бүтээлч найзуудаа хүртэл уруу татаад байгаа гэнэ. Цуглаан болгондоо найрал дууны хамт олноороо дуулж хуурддаг болохоор Христийн чуулганыхаа хамтлагаа бэлдээд хувийн уран бүтээл хийх зав зай нь гардаггүй л бололтой. Түүнийг сонсогч фэнүүд нь мөн Христ гүн гүнзгий итгэж Христийн анхны Монгол хамтлаг байгуулж, тэсрэлт хийж магадгүй хэмээн жиг жуг хийж бас ч гэж итгэж хүлээж байгаа сурагтай. Дашрамд дуулгахад угийн овсгоотой сэргэлэн яриа хөөрөөтэй дуучин бүсгүйн хамт олон, гэр бүл, фэнүүд нь энэхүү уран бүтээлд нь нэлээд уруу татагдаж байгаа гэнэ шүү.
Дуучин Цэлмүүн
"Universe best songs" наадмын анхны ялагч, "Зүрхэнд гэрэлтэх од", "Ээжийн дайсан" хэмээх хоёр ч кинонд гол дүр бүтээж, бие даасан "Гэрлийн улирал" хэмээх нэртэй цомгоо гаргаад буй дуучин Ч.Цэлмүүн өнгөрсөн зуны билэгт сайн өдөр хуримаа хийсэн гээд л ёстой бүгдийг нэг дор амжуулж яваа адтай бүсгүй. Түүний нөхөр Н.Алтанхайрхан гэх энэ дэрчгэр залуу баруунд боловсрол эзэмшсэн чинээлэг айлын удам залгах ганц хүү билээ.

Харин дуучин бүсгүй маань дуулахынхаа хажуугаар БСШУЯ-ны “Үдийн Цай” хөтөлбөрийн зохицуулагчаар ажилладаг билээ. Гэр бүлдээ үргэлж магтаалын үг хайрлаж гэр бүлийн хүмүүжил хүнд маш чухал гэж хэлдэг дуучин бүсгүйн гэр бүл бүгдээрээ Итгэгчид. Цэлмүүний аав ээж нь хоёулаа эмч хүмүүс байдаг бөгөөд аав нь христийн пастор гэнэ шүү. Үүнээс харвал дуучин бүсгүйн эргэн тойрон дахь хүмүүс нь бүгд Мөнхийн эзний хүүхдүүд бололтой.
Бурхан бол зөвхөн цорын ганц харин урсгалууд нь өөр өөр үзэл бодолтой гэж үздэг. Хэн ямар шашин шүтэж итгэх нь тухайн хувь хүний асуудал. Эрдэмтэд хүн төрлөхтөнд шашинд хэт автахгүй сургааль үйлийг нь хүндэтгээд шүтэж бишэрч болно гэхдээ энэ олон шашингууд эцэсдээ бүгд нэг үзэл санаа, нэг зангилаан дээрээс салбарласан зүйл гэж тайлбарласан байдаг. Тэгвэл заавал Будда, Христ, Бөө, Лал гэж хуваагдаж тэрсэлдэж үзэл бодлоороо зөрчилдөхгүй хамтдаа тус тусын сайн үйлс, буяны төлөө л явж хамгийн гол нь зөв өнцгөөс нь харж зөв шүтэж, бишэрч, хүндэтгэж, хэт туйлширахгүй шүтэх нь гол гэж үздэг. Төдийгөөс өдий хүртэл шинжлэх ухаанаар батлагдаагүй зүйл бол “Бурхан” буюу шашин билээ. Хамгийн чухал нь хүний сэтгэл санаа, оюун ухаан юунд татагдаж итгэж, бишрэн шүтэж байгаад оршин тогтнодог. Ингээд олныг үл нуршин хүн бүр шүтдэг шүтээн, найддаг найдвар, итгэдэг зүйлтэй байж л амьдралыг туулдаг тиймээс урлагийн энэ бүсгүйчүүд, залуусыг “Ертөнцийг эзэн” хөтөлж явдаг гэдэгт найднам. Гэхдээ уран бүтээлээ бүү орхиорой.
Эх сурвалж:www.grandnews.mn
Сэтгэгдэл (58)