Монголын урлагийн томоохон төлөөлөл, ноён оргил болсон эрхмүүдийг энэ удаа онцолж байна. Тэдгээр хүмүүс цэл залуу наснаасаа өдийг хүртэл урлагт хүчин зүтгэж амьдралынхаа бүхий л цаг хугацааг зориулсаар ирсэн билээ. Урлагийн дотроос тэр дундаа кино урлаг, хошин урлагийн хөгжлийг тодорхойлогчид гэж хэлж болохоор. Нас хэдийгээр өндөр гарсан ч авьяас хөгширдөггүйг батлан харуулсан урлагийн зүтгэлтэнүүд юм. Энэ хүмүүсийн тоглоогүй кино гэж байхгүй гэхэд хилсдэхгүй биз ээ. Энэхүү эрхмүүд өндөр насыг зооглож буй ч урлагийн хүмүүс хөгширдөггүй гэдгийг дахин дахин батлаж буй мэт. Ингээд урлагийн түүхэнд асар их гавьяа байгуулсан хүмүүсийг онцолж байна.
Ардын жүжигчин А.Очирбат

Монголын урлагийн түүхэнд асар их гавьяа байгуулсан эрхэм бол ардын жүжигчин А.Очирбат. Тэрээр “Тунгалаг тамир” киноны Итгэлт баяны дүрээрээ Монголчуудын зүрх сэтгэлд хэдийнэ мөнхөрсөн билээ. Өдгөө ч урлагийн алтан тайзнаасаа холдож үл зүрхэлнэ. Урлагийн халуун тогоонд олон жил чанагдахдаа тайзны 200 гаруй, дэлгэцийн 40 гаруй дүрийг амилуулж монголчуудаа урлагийн сайхнаар аялуулсан хүмүүн.Түүний авьяасыг төр засаг үнэлж МУГЖ цол, 60 насных нь босгон дээр АЖ цолыг олгожээ. Өдгөө энэ буурал 87 насыг зооглож буй ч урлагтаа хүчин зүтгэсээр л байна.

МУГЖ Ё.Цог
Монголын кино урлагийн алтан үеийн нэг МУГЖ Ё.Цог гуайг танихгүй хүн ховор. Өндөр насыг зооглож буй хэдий ч реклам сурталчилгаанд тоглож харагддаг. Түүнийг хүмүүс "Рекламны өвөө" хэмээн нэрлэдэг гэнэ. Ялангуяа сүүлийн үеийн “….Цогоо гуай. Та ямар телевиз авсан юм бэ. Цогоо гуай....” гэдэг Хүрлээ Цогоо гуай хоёрын хошин рекламаар бүр ч андахгүй. Түүний үеийн хөгшчүүд тэтгэвэртээ гарч, гэртээ сууж байхад харин Ё.Цог гуай урлагтаа л үнэнч зүтгэсээр. Түүний тоглосон кино, жүжиг гэвэл маш олон. Үүний дотроос “Богд хаан”-ы дүрээр хүмүүс сайн мэднэ.

Ё.Цог гуайн авьяасыг түүний хүү МУСТА найруулагч Ц.Хүсэлбаатар, ач охин Х.Баярмаа нар өвлөж буй. Тэднийг удам дамжсан гурван үеийн жүжигчид хэмээн нэрийддэг билээ. Удам дамжсан гурван үеэрээ саяхан "Аюултай харилцаа" кинонд тоглоод амжсан шүү.

Ардын жүжүгчин П.Цэрэндагва
Монголын театр, кино урлагийн хойморт заларсан энэ эрхэм бол Ардын жүжигчин П.Цэрэндагва. Түүний урлагийн гараа долдугаар ангиас эхэлсэн гэдэг. Тэрээр нийслэлийн дууны тэмцээнд "Хөөрхөн борлог морь" дууг дуулж хоёрдугаар байр эзэлж театр урлагийн сургуульд орсноор жүжигчин болох замнал тавигдсан ажээ. Тоглосон дүр бүрээ амьдрал дээрх бодит хүн мэтээр чадварлаг амилуулж монголын ард түмний зүрх сэтгэлд хэдийнэ мөнхөрсөн хүмүүн билээ. Түүний тоглосон бүтээлүүдээс товчхон дурдвал "Гарын таван хуруу", "Наянчулуун ой", "Найрын ширээний ууц", "Нора","Тамгагүй төр", "Цахлай", "Хаан түүх", "Саран хөхөө", "Эдип", "Хатанбаатар" гэх зэрэг тайз дэлгэцийн 100 гаруй дүрийг үзэгч түмний сэтгэлд хоногштол бүтээсэн.
П.Цэрэндагвын авъяас чадвар, бүтээсэн дүр, уран бүтээлийг нь өндрөөр үнэлж 1991 онд Монгол улсын “Гавъяат жүжигчин”, 2001 онд “Ардын жүжигчин” цолоор тус тус шагнажээ. Мэргэжил нэгт түүний гэргийг Ардын жүжигчин Ж.Мэндбаяр гэдгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Ийнхүү хоёулаа Ардын жүжигчин цолтой энэ гэр бүлийг монголын урлагийн шилдэг гэр бүлүүдийн төлөөлөл хэмээн нэрлэдэг.

Ардын жүжигчин Г.Мягмарнаран
"Найрын ширээний ууц", "Амьгүй албат", "Мөнх тэнгэрийн хүчин дор", "Мандухай цэцэн хатан", "Миний нууц хүү" зэрэг тайз дэлгэцийн олон бүтээлийнхээ дүрээр ард түмнийхээ зүрх сэтгэлд хоногшсон Ардын жүжигчин Г.Мягмарнаранг монголчууд андахгүй.Түүхэнд мөнхөрсөн их хаадын тухай олон кинонд тоглосон Ардын жүжигчин маань хэдий нас өндөр гарсан ч тэтгэвэртээ суусангүй шинэ үетэйгээ мөр зэрэгцэн урлагт хүчин зүтгэж буй. Түүний хүү болон ач хүү нь театр урлагийн их сургуульд сурдаг бөгөөд гурван үеэрээ урлагт хүчин зүтгэхээр зэхэж байгаа аж. Г.Мягмарнаран гуай нь авьяас чадварыг өндрөөр үнэлж 1991 онд МУГЖ, 2009 онд Монгол улсын ардын жүжигчин цолоор тус тус шагнагджээ.


МУГЖ С.Дамдин
УДЭТ-ын ахмад уран бүтээлч олноо Хөх чоно нэрээр алдаршсан МУГЖ С.Дамдин гуай монголын урлагийн салбарт томоохон байр суурийг эзэлдэг. Тэрээр кино урлагт сайхан дүрүүд бүтээсэн байдаг ч "Их замын эхэнд" киноны Хөх чонын дүр үзэгчдэд илүү хүрч, сэтгэлд нь мөнхөрсөн байдаг. "Шинэ зам", "Буцах хаяг", "Ширүүн тулааны өмнө", "Хөөрхий марат", "Ээдрээ", "Тамын дурлал", "Цахлай", "Шөнө амталсан нулимс", "Атга нөж", "Нэргүй од" гэх зэрэг 160-аад жүжиг, 50 орчим кинонд туслах гол дүр бүтээсэн байдаг. Өдгөө ч тайз, дэлгэцийн уран бүтээлд залуу үеийхэнтэйгээ мөр зэрэгцэн тоглож буй. Урлаг уран сайхантай амьдралаа холбон ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж Ардын хувьсгалын 89 жилийн ойгоор МУГЖ, 1971 онд Буриад улсын Гавьяат цолоор энгэрээ мялаасан билээ.


Эдгээр үе үеийн манлай болсон уран бүтээлчдийн амьдрал яг л домог мэт. Нас өндөр гарсан ч урлагтаа хүчин зүтгэж байгаа хөдөлмөрч өвөө нар хэмээн тодотгомоор. Монголын урлагийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй та нартаа урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
Эх сурвалж:www.grandnews.mn
Сэтгэгдэл (11)