
Хэдийгээр манай улс хүн ам цөөтэй боловч бас ч гэж чамлахааргүй тооны фэшн блоггерууд сүүлийн жилүүдэд бий болсон. Тэдний дийлэнх нь хилийн чанадад сурч, ажилладаг залуу охид, бүсгүйчүүд байдаг. Бид энэ дугаартаа Америкийн Калифорниа мужийн Оакланд хотод нөхөр, хүүгийн хамт амьдарч, хувьцааны арилжааны чиглэлээр ажилладаг, фэшн блоггер Б.Даариймааг танилцуулж байна.

-Хэзээнээс фэшн сонирхолтой болсон бэ? Бас өөрийн загварын блогтой болоод хэдий хэр хугацаа өнгөрөв?
-Одоогоос хоёр жил гаруйн өмнө анх өөрийн блогоо нээсэн. Миний хувьд дуртай зүйлээ хийгээд түүнээсээ сэтгэлийн таашаал авах нь маш сайхан байдаг учраас өөрийн блогтой болъё гэж бодсон. Сүүлийн үеийн хувцас загварын хандлага, гоо сайхан, амьдралын хэв маяг зэргээсээ фэшнтэй ойр байдлаар бусадтай хуваалцахыг хүссэн юм.

Хувцас загвар сонирхож эхэлсэн маань гэвэл бүр хүүхэд байхаасаа. Жаахан охин байхдаа л би гэрээрээ дүүрэн даавууны өөдөс хөглөрүүлээд, хүүхэлдэйнүүддээ хувцас хийж өгч тоглох дуртай байсан. Энэ маань өнөөдрийн энэ хоббины маань эхлэл байсан болов уу.

-Загварлаг хувцаслахыг чи юу гэж боддог вэ?
-Загварлаг хувцаслах гэдэг нэгдүгээрт маш зугаатай ажил. Хоёрт гэвэл өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болдог шүү.Энэ тухай ярихаар “You can never be overdressed or overeducated” /Сайхан хувцаслах болон эрдэм боловсрол хүнд хэтэрнэ гэж байхгүй/ гэсэн үг санаанд орж байна.

-Гол стиль, хувцасладаг хэв маяг чинь юу вэ?

-Би ерөнхийдөө эмэгтэйлэг, элегант хэв маягаар хувцасладаг.
-Хамгийн дуртай блоггеруудаасаа нэрлээч гэвэл?

-Blonde Salad-ын Chiara Ferragni, www.garrypeppergirl.com -ын Garry Pepper, www.fashionbyble.com -ын Carli Byble нарын пост, зургуудыг үзэх дуртай.
-Дуртай хувцасны дэлгүүр, брэндүүд?

-Онлайн дэлгүүрүүдээс Missguided, Asos хоёроос сонголт хийх дуртай. Мөн H&M, Zara хоёрыг бас нэрлэмээр байна.
-Сүүлийн үед ямар өнгөнд сэтгэл татагдаж байна? Бас ямар лүүк туршиж үзмээр байгаа вэ?

-Роуз голд буюу алтандуу туяатай сарнайн ягаан өнгөнд их дуртай болоод байгаа. Хамгийн сүүлд зул сараар нөхрөөсөө Kate Spade-ийн тийм өнгөтэй цүнх бэлгэнд авсан. Классик хар, алтлаг хоёр өнгийг хольсон оффис маягийн лүүк туршихаар төлөвлөж байгаа.
-Фэшн блоггерууд мөнхийн wishlist-тэй байдаг байх. Одоо чиний wishlist-ийн эхний тавд байгаа зүйлсээ нэрлэвэл?

-Chanel-ын ягаан цүнх, Valentino-гийн товруутай туфль, шохойн цэнхэр өнгийн савхин хүрэм, шовх хоншоортой дөрвөлжин, намхан өсгийтэй, оломтой хар богино гутал, фэшн иллустрэшн зурагтай силкэн алчуур.
-Загварын блоггерийн хувьд уншигчдад маань энэ оны тренд зөвлөгөө өгөөч?

-Glamour сэтгүүлээс 2015 оны өнгө, загварын чиг хандлагын тухай саяхан уншиж байхад нэг зүйл илүү ихээр нүдэнд өртөж, сэтгэл татсан. Ер нь зөвхөн сэтгүүл ч гэлтгүй энд тэндгүй харсан л даа. Энэ нь Японы кимонотой төстэй загвартай маш нимгэн гэрийн торгон халаат шиг урт цув маягийн хувцас. Энэ кимоно загварын цувыг үдшийн даашинз болон өдөр тутмын хувцаслалт дээр өмсөхөд таны имижэд гайхалтай гоё шинэлэг өнгө төрхийг нэмж чадна шүү.







Fashion&Art Editor
Ж.Нандинзаяа
Сэтгэгдэл (9)